Кабул ОХУ-д найдаж байна

Кабул ОХУ-д найдаж байна

Афганистаны талаар АНУ-ын баримтлах шинэ бодлогыг Ерөнхийлөгч Дональд Трамп танилцуулаад удаагүй байхад ОХУ дахь Исламын Бүгд Найрамдах Афганистаны Улсын төлөөлөгч мэдэгдэл хийж, Кабул ирээдүйгээ цаашид Америктай холбохгүй гэдгийг нотлов. “Орос улс афганчуудад тусалж, энх тайван, аюулгүй байдал тогтоохоор ирэхийг бид хүсэж байна” гэж ОХУ-д суугаа Афганистаны Элчин сайд Абдула Каюм Кочай хэлснийг “РИА Новости” агентлаг эш татжээ.

Дэлхийн зөрчил мөргөлдөөнд тус улс Оросын талыг эргэлт буцалтгүй баримтална гэсэн ойлголтыг тэрбээр салаа утгагүй өгөөд, Афганистаны цэргийнхэн террорист “Исламын улс” бүлэглэл, хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнтэй Америкийн цэргийн тусламжгүйгээр тэмцэж чадна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Сүүлийн жилүүдэд Афганистаны Зэвсэгт хүчин террористууд болон талибуудтай тэмцэх бүх ачааллыг дангаар үүрч байгаа аж. Гаднын хүчнийхнээс нисэх онгоц болон их бууны дэмжлэг авна хэмээн найддаг. Гэвч Америкийн нисгэгчид болон дронууд Афганистаны хүчнийхэн, эсвэл жирийн иргэдэд санаатай, санамсаргүй цохилт өгөх нь олширчээ.

Хатуухан хэлэхэд, сүүлийн үед Америкийн цэргийнхэн хамгаалалттай баазууддаа илүүтэй сууж, тэндээсээ нисгэгчгүй аппарат хөөргөн, өөрсдийгөө л хамгаалж байна. Дашрамд хэлэхэд, баазуудад цэргийнхэн бус, хувийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг болж. Тэд л Америкийн баазуудыг удирдаж байна. Харин америкчууд байлдааны бус, үл ойлгогдох олон ажиллагааг идэвхтэй явуулж буй. Энэ нь “Исламын улс” бүлэглэл бий болж, хүрээгээ тэлсэн нь Америкийн холбоотнуудын байгуулсан гавьяа гэсэн итгэл үнэмшлийг Афганистаны засаг захиргаанд төрүүлжээ.

Д.Трамп босогчдын бүлэглэлүүдтэй идэвхтэй тэмцэхээр амласан нь Кабулд онцгой сэтгэгдэл төрүүлсэнгүй. Түүгээр зогсохгүй, америкчуудыг саяхныг хүртэл Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай болон парламентын хамгийн зоригтой гишүүд л ил тод шүүмжилдэг байсан бол одоо тус улсын албан ёсны бүх төлөөлөгч буруушаах болсон гэнэ. Энд тэмдэглэхэд, Афганистаны одоогийн эрх баригч дэглэмийг америкчууд байгуулсан бөгөөд хэсэг хугацаанд тэдний цэргийн хүчээр тогтоон барьж байсан юм. Гэвч хүлээсэн үүргээсээ америкчууд зальжин аргаар зайлсхийсэн.

Тэдний явуулж буй бодлого замбараагүй, үйлдэл нь маш харгис учир хагас зуун жил цуст дайнаас ангижраагүй тус улсын иргэдийн үзэн ядалтыг төрүүлжээ. Энэ нь Афганистаны хагаран бутарсан ард түмнийг нэгтгэж байна. Америкийн цэргийнхэн болон хөлснийхнийг хороох нь Афганистаны цэрэг, цагдаагийнханд жирийн үзэгдэл болжээ. Тиймээс АНУ-ын командлал бие бүрэлдэхүүнээс Афганистаны холбоотнуудтай хэлхээ холбоо тогтоохыг аль болох багасгахыг чармайж байна.

Кабулын итгэл буурсан нь тэдний талаар Д.Трампын хэлсэн үгтэй холбоотой байж болох аж. Үүнээс хойш Америкийн цэрэг Афганистан улсыг бүтээн байгуулахад бус, террористуудыг устгахад л тусална гэж тэрбээр хэлсэн юм. Үүний дараа АНУ-тай сөргөлдөх чадалтай, Афганистантай ямар нэг асуудалгүй ОХУ-тай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтойгоо Кабул илэрхийлсэнд гайхах явдалгүй. Ийм нөхцөл байдал Иракт ч бий болжээ. Саддам Хусейны улсын туурин дээр америкчуудтай хэлхээ холбоо тогтоосон эрх баригч дэглэм АНУ-ын заналт дайсан Ирантай ойртон дотносох чиг бодлого баримталж буй.

Афганистанд АНУ, түүний холбоотнууд байх нь ашиггүй. Тэдний нууц тусгай ажиллагаа, тус улс дахь оролцоогоо хадгалахад чиглэсэн хүчирхийлэл хүмүүсийн шаналалд нэрмээс болж, эмх замбараагүй байдлыг дэвэргэж байна. Ийм нөхцөлд үндэсний эвлэрэлд саад болж буй гадаадын цэргийг эх орноосоо гаргах асуудлыг хэлэлцэх нь гол болсон аж.

Кабулын хүссэнээр Кремль цэргээ илгээхгүй, афганчуудад ч тийм шаардлага байхгүй. Харин ОХУ-ын Агаар, сансрын хүчин Тажикстан, Кыргызстан дахь баазаасаа террористуудад цохилт өгөхийг хүсэж болох аж. Тэдэнд цэрэг, техникийн хамтын ажиллагаанд суурилсан улс төр, мэдээлэл, дипломат болон эдийн засгийн хамтын ажиллагаа хэрэгтэй байна гэж ОХУ-ын цэргийн шинжээч, Афганистан болон Чечений дайны ахмад дайчин Борис Жерелиевский бичжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай