Сул ханшийн ашиг

“Популист” хэмээн нэрлэгдэж, бүр “Попын хаан” гэсэн егөөтэй хоч зүүсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулахдаа “2013 онд ам.долларын ханш 1392 төгрөгтэй тэнцэж байсан. Төвбанкны алдаатай бодлогын улмаас 2016 онд 2489 төгрөг болтлоо өссөн” гэж хэлснийг санаж байна уу. Ам.долларын ханш өссөн нь үнэн. Алдаатай бодлогын нөлөө байсан нь ч үнэн. Гэхдээ Монголбанкны алдаатай бодлогоос шалтгаалж ханш өссөн гэж дүгнэвэл том эндүүрэл.

Үйл явдлын өрнөлийг нэхэн сануулъя. 2012 оноос хойш уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд 2-3 дахин хямдарсан. Жишээ нь, экспортлогчид тонн коксжих нүүрсээ 70 ам.доллароор худалдаж байсан бол үнэ нь 25 “ногоон” руу уруудав. Нүүрсний экспортоос 2011 онд 2.3 тэрбум ам.долларын орлого олсон баримт бий. Тэгвэл үүнээс хойш нүүрсний экспортын орлого хоёр дахин буурсан юм. Тухайлбал, 2016 онд 960 сая ам.доллар олжээ.

Мөн л 2012 онд УИХ-аас зарим, ялангуяа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах зорилготой хууль баталснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом багасав. 2011-2012 онд нийт 8.6 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө манай руу “урссан” байдаг. Тэгвэл 2015 онд 83-хан сая ам.долларын хөрөнгө орж ирсэн. Дундаж компанийн борлуулалтын орлоготой дүйх валют орж ирсэн байгаа биз. Экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурахаар хэрхэх вэ? Зах зээлд ам.долларын дутагдал үүсэх нь мэдээж.

Манай улсын төлбөрийн тэнцэл 2013 онд 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Үүнийг хийсвэр жишээтэй харьцуулан тайлбарлая. Монгол Улсыг нэг өрх гээд бод. Танайх хөршийндөө ам.доллароор сүү зарж орлого олдог байж. Олсон ам.доллароороо хөршийнхөөсөө хувцас хунар гэх мэт амьдралын зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Сүүгээ зараад 1000 ам.доллар олдог, гэтэл тэднийхээс амьдралын хэрэгцээгээ хангах зүйлсийг 1200 “ногоон”-оор авах ёстой болбол яах вэ? 200 ам.долларын дутагдал үүснэ биз дээ. Ам.доллар хэвлэж чадахгүй учраас хэн нэгнээс зээлэхээс өөр аргагүй.

Монгол Улс 2013 онд дутагдсан 1.8 тэрбум ам.доллароо яаж нөхсөн юм бол гэж бодож байна уу. “Чингис” бондын 1.5 тэрбум “ногоон”, дээрээс нь валютын нөөцөөсөө 300 сая ам.доллар гаргаад нөхчихсөн хэрэг.

Өөр нэгэн жишээ татъя. Бээжингээс бараа татаж, Улаанбаатарт борлуулдаг наймаачин байлаа гэж бодъё. Бараа татахын тулд “Найман шарга”, эсвэл банкнаас юань худалдаж авна. Монгол руу орж ирэх нь багассан учраас мөнөөх валют нь ховор. Энэ тохиолдолд нийлүүлэлт багасвал барааны үнэ өсдөг эдийн засгийн хууль үйлчилнэ. Ховордсон валютыг худалдаж авах сонирхол нэмэгдэнгүүт ханш нь өсөх нь дамжиггүй. Монголбанк валютын ханшийг огцом өсгөхгүйн тулд өнгөрсөн хугацаанд долоон тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн байдаг. Энэ бол төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөж буй үйл явц. Ийм арга хэмжээ аваагүй бол ам.долларын ханш хэдэн төгрөгт хүрч, “галзуурах” байсан юм бүү, мэд.

Манай төлбөрийн тэнцэл 2013 оноос хойш алдагдалтай явж иржээ. Өөрөөр хэлбэл, гадаадынхантай дандаа ашиггүй наймаа хийсэн гэсэн үг. Энэ оны эхний хагаст гэхэд л төлбөрийн тэнцэл 74 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Монголбанкнаас өдөр бүр валютын дундаж ханшийг зарладаг. Ам.долларын дундаж ханш өнгөрсөн баасан гаригт 2436.6 төгрөгтэй дүйж байв. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа учраас ам.долларын ханш өсөх чиглэлтэй байна гэж ойлгоорой. Хэрэв Төвбанкнаас интервенц хийвэл өөр хэрэг. Ингэвэл ханш уруудах нь ойлгомжтой.

Байнга алдагдалтай явахыг төлбөрийн тэнцлийн хямрал гэж санхүүчид тодорхойлдог. Энэ хямралын тухай санхүүгийн боловсролгүй бол иргэд төдийлөн мэддэггүй, анзаарч хардаггүй. Монголбанкныхан төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгочихгүйн төлөө “дайтаж” ирсэн. Өнөөдөр ч тэмцсээр байгаа. Цаашид ч үзэлцэх болно. Хятадын Ардын банкнаас 15 тэрбум юань авсан нь, Засгийн газар олон улсын зах зээлээс өчнөөн тэрбум ам.доллар зээлсэн нь төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засагтаа шингээхгүйн төлөө хийж буй үйлдэл. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар тохирсон нь ч эцсийн дүндээ валютын орох урсгалыг нэмэх зорилго агуулж буй.

Улстөрчид “Ам.долларын ханш өсчихлөө. Төвбанк арга хэмжээ авахгүй байна” гэж шүүмжлэхийг олон удаа сонссон байх. Улстөрчдийн хашгирсны зоргоор ам.долларын ханшийг бууруулж болдоггүй, төлбөрийн тэнцэл хэмээх макро эдийн засгийн өргөн хүрээтэй ойлголтоос шалтгаалдгийг мэдрэв үү. Валютын ханшийг тогтворжуулъя гэвэл төлбөрийн тэнцлээ ашигтай гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх учиртай юм. Улстөрчид ам.долларын ханшаа бууруул гэж шахахын оронд төлбөрийн тэнцлээ яаж ашигтай байлгах вэ гэдэгт санал бодлоо уралдуулаасай.

Төлбөрийн тэнцлийн хямралаас гарах нэг арга нь ашигтай гадаад худалдаа хийх, нөгөө нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2012 онд 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, тэр хэмжээгээр валютын нөөц нэмэгдэж байсан удаатай. Эрдэс түүхий эдийн үнэ өдөр, гадаадын шууд хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирсэн үед ингэсэн хэрэг. “Ногоон”-ы ханш 2010 оны эхээр 1470 төгрөг орчимд хэлбэлзэж байсан бол 2011 оны дөрөвдүгээр сар гэхэд 1195 төгрөг болтлоо суларч байлаа. Төлбөрийн тэнцэл ашигтай гарахаар ам.долларын ханш сулардгийн жишээ ийм байна.

Ирэх жилүүдэд эрдэс түүхий эдийн үнэ өсөх, өндөр байх төсөөллийг олон улсын шинжээчид дэвшүүлсэн. Энэ онд, ойрын жилүүдэд манай улсын төлбөрийн тэнцэл ашигтай гарах найдлага бий. Ийм үед бид валютын зах зээлд ямар бодлого явуулах вэ? Ханшаа өнөөгийн түвшинд тогтвортой байлгаад валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлогын шийдлийг санал болгоё. Өөрөөр хэлбэл, илүүдсэн ам.доллароо зах зээлд нийлүүлж төгрөгийн ханшийг чангалахгүйгээр тогтвортой байлгаж, улсынхаа валютын нөөцийг нэмэгдүүлэх гэсэн санал юм. Гэхдээ ам.долларын ханшийг 2500 ч юм уу, эсвэл 2600 төгрөгт яс барина гэсэн ойлголт огт биш. Иймэрхүү түвшинд хэлбэлзүүлнэ гэсэн үг. Бараг л Хятад шиг бодлого явуулах хэрэгтэй гэж ухуулаад байгаа хэрэг.

Хятадууд юанийнхаа ханшийг нэлээд сул түвшинд ам.доллартой “уячихсан”. Юанийн ам.доллартай харьцах ханш үл ялиг л хөдөлдөг. Ингэснээрээ хятадууд гадаад худалдаагаа байнга ашигтай гаргах замыг зассан юм. Ашгаа хуримтлуулсаар улсынхаа валютын нөөцийг дөрвөн их наяд ам.долларт хүргэв. Энэ их нөөцөөрөө тэд эдийн засгаа хүссэнээрээ удирдаж, уруудаж, доройтохоос хамгаалж байна. Манайх ч их хэмжээний (одоо 1.3 тэрбум ам.доллар байгаа) валютын нөөцтэй болчихвол айсуй тулгарч мэдэх төлбөрийн тэнцлийн хямралыг ажрахгүй давна. Өдгөө хангалттай валютын нөөцгүйн улмаас зээл авч, төлбөрийн тэнцлийн дутагдлаа нөхөж байна.

Ам.долларын ханш сул байх нь иргэдэд ашигтай юм биш үү гэж гайхаж байна уу. Хэн нэгэн 2011 онд гадаад руу зорчихдоо 1.2 сая төгрөгөөр 1000 “ногоон” худалдаж авч байж. Тэгвэл өнөөдөр 2.5 сая төгрөгөөр 1000 ам.доллар авна. Тэр хэдэн жилийн өмнөхөөсөө 1.3 сая төгрөгөөр илүү зардал гаргасандаа бухимдах нь дамжиггүй. Гэхдээ иргэдэд ийм онцгүй мэдрэмж төрүүлдэг ч үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харилцах ханш сул байх нь алсуураа үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг юм. Энэ бол эдийн засгийн мэтгэлцээн өрнүүлэх хамгийн чухал сэдэв. Гадаадаас авдаг бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол валютын гарах урсгалыг багасгана. Эцсийн дүндээ төлбөрийн тэнцэл ашигтай гарах нөхцөл ингэж бүрддэг. Юаньтай харьцах төгрөгийн ханш 2014 онд 300 байсан. Энэ үед хятад цемент манай зах зээлд 140 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Гэтэл тухайн үед Хөтөлийн “Цемент-Шохой” компани нэг тонн цементээ 143 мянган төгрөгөөр борлуулж байв. Хямд учраас хятад цемент их хэмжээгээр борлогдох болсон. Тэгвэл юанийн ханш 360 төгрөг болсноор хятад цементтэй үнээр өрсөлдөх боломж үндэсний үйлдвэрүүдэд бүрдсэн. Үнээр өрсөлдөх боломж бүрдэж, томоохон үйлдвэрүүдэд ашиглалтад орсноор хятад цемент манай зах зээлээс шахагджээ. Төгрөгийн ханш сул байх нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлдэг бодит жишээ энэ.

Валютын ханшид нөлөөлөх оролдлого хийх хэрэггүй гэж үздэг эдийн засагчид ч бий. Тэдний нэг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Алтанцэцэг “Манайх шиг жижиг эдийн засагтай орон интервенц хийх, захаас валют татаж нөөцөө нэмэх зэргээр ханшид нөлөөлөх хэрэггүй. Валютын эрэлт, нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалж ханш тогтох нь зөв. Ямар нэгэн зохицуулалт хийхээр гажиг үүсэж, хожим эдийн засагт сөрөг үр дагавар бий болгож байна” гэж ярив. Гэхдээ улс бүр валютын зах зээлдээ тодорхой хэмжээний зохицуулалт хийдэг. Ийм жишээ олныг дурдаж болно. Улсаа үйлдвэржсэн орон болгосон гэгдэг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Жөн Хи үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд воны ам.доллартой харьцах ханшийг нэг шөнө хүчээр 10 хувиар унагаж байсан түүхтэй. Хамгийн сүүлийн бодит жишээ бол ОХУ харуулсан. Рублийн ам.доллартой харьцах ханш хоёр дахин унахад Оросын Төвбанк сөрөх арга хэмжээ аваагүй. Энэ талаар Ерөнхийлөгч В.Путин “Орос орон үйлдвэрлэгч байсан. Харин рублийн ханш чангарахын хэрээр импортлогч болох чиглэл рүү явж байна. Тиймээс рублийн ханш сулрахыг дэмжиж байгаа. Рублийн ханш суларсан нь ирэх хоёр жилд таагүй мэдрэмж төрүүлэх байх. Түүнээс хойш зөв бодлого байж гэдгийг оросууд ойлгох болно” гэж байр сууриа илэрхийлж байв.

Монголын төрд тулгарч буй марко эдийн засгийн хамгийн том бэрхшээл бол төлбөрийн тэнцлийн алдагдал. Тиймээс төлбөрийн тэнцлээ ашигтай гаргах бодлого боловсруулах шаардлагатай. Улмаар валютын нөөцөө нэмэгдүүлэн, дараагийн хямралаас хамгаалах хана босгож, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сул байлган үйлдвэрлэл дэмжих бодлого баримтлаасай. Төлбөрийн тэнцлийн хямрал үргэлж Монголын хямралын үндэс болсоор ирлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай