Хамелеон эмнэлэг буюу А.Цогцэцэг сайдын хаялга

Монгол Улсын Засгийн газар энэ онд 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр баталж, улс даяар хэрэгжүүлж буй. Эхний ээлжинд 40-65 насны иргэдэд элэгний В, С вирус илрүүлэх, идэвхжил тодорхойлох (тоолох) шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Элэгний өвчлөлөөрөө дэлхийд толгой цохиж буй манай улсад энэ нь нүдээ олсон, иргэдээ бодсон сайн хөтөлбөр гэдгийг монголчууд төдийгүй гадаадын мэргэжилтнүүд ч хэлж байсан.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ядарсан иргэдийнхээ зовлонгоор бизнес хийж эхэлсэн тухай сонсогдох болов. А.Цогцэцэг сайдын хувийн эзэмшилд байсан арьс, харшлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аллергимед” эмнэлэг гэв гэнэт элэгний шинжилгээ хийж, тэр ч бүү хэл, иргэдийн сонгох эрхэнд хүчээр халджээ.

Хувийн эзэмшилд байсан гэж онцолж буй нь тэрбээр 2016 онд Эрүүл мэндийн сайд болохоосоо нэг хоногийн өмнө “Аллергимед” эмнэлгээ зарсан гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэвч чамгүй мөнгөөр үнэлэгдэх эмнэлгээ ганцхан хоногийн дотор хэнд зарчихав, тийм богино хугацаанд хэн авсан бэ гэдэг нь олон нийтэд бүрхэг хэвээр үлдсэн юм.

Тэрбээр 2014 онд “Аллергимед” хэмээх хувийн эмнэлгээ нээж, удирдахын зэрэгцээ, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирлын албыг давхар хашиж байв. “Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгооны дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг Монголдоо нэвтрүүлнэ” гэх уриатай уг эмнэлэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхлэнгүүт үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж, элэгний вирус тоолж эхэлсэн нь анхаарал татаж буй.

ЭМНДЕГ-аас элэгний вирусийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг нь гүйцэтгэлээр тооцон олгохоор болсон нь энэ мэт эмнэлгийг зорилгоо “мартахад” хүргэсэн бололтой.

Тодруулж хэлбэл, ЭМНДЕГ-аас санхүүжилт авч, элэгний вирусийг үнэ төлбөргүй тоолох сонгон шалгаруулалтад 31 лаборатори өрсөлдсөнөөс 22 нь шалгарсан. Үүний нэг нь арьс харшлын “Аллергимед” эмнэлэг. Дээрх лабораториудыг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд тодруулсан байхад уг эмнэлгийн нэр багтсан байжээ.

Гэтэл тэр үед “Аллергимед” эмнэлэг элэгний вирус тоолох тоног төхөөрөмжгүй байсныг эх сурвалж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжгүй эмнэлгийг элэгний вирус тоолох лабораторийн нэгээр шалгаруулсан болж таарлаа.

Тус эмнэлэг АНУ-ын “Лайфтроник” ХХК-иас 2017 оны долдугаар сарын 5-нд тоног төхөөрөмжөө авсан талаарх баримтыг бид үзлээ. ЭМНДЕГ-аас элэгний вирусийг хагас автомат төхөөрөмжөөр тоолбол 80, бүрэн автомат бол 120 мянган төгрөгөөр тоолохоор (нэг хүнд) тооцон, Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгийг нь гаргахаар болсон. Тодруулбал, даатгалын сангаас нэг хүнд 240 мянган төгрөг олгоно гэсэн үг.

Энэ мөнгийг өөрийн лабораторидоо татах сонирхол эздэд нь бий л байх. Элэгний В, С, D вирус тоолох, эсэх талаарх асуулгад “Аллергимед” эмнэлэг “тоолдоггүй” гээд тодоос тод бичсэн байсан нь саяхан.

Улс даяар нэгэн зэрэг хэрэгжиж буй энэ хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүсийг аль аль лабораторид шинжилгээ өгөхийг хуваарилсан байдаг. Ингэхдээ тэгш бус зарчмаар хуваарилсан гэж зарим эмч мэргэжилтэн үздэг юм билээ. Ингэж хардах ч үндэс байгаа юм.

Тодруулбал, “Гэгээн ар үр” лабораторид Туул тосгон, “Элэг төв”-д Хонхор тосгон, “Грандмед” эмнэлэгт Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 11, 15 дугаар хорооны иргэдийг хуваарилсан бол “Аллергимед” эмнэлэгт Баянгол дүүрэг болон Төв аймгийнхныг “бэлэглэжээ”.

Төрийн өндөр албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гэр бүлийн гишүүдийн хамт хамгийн өндөр орлоготой сайдын нэг, мөн хамгийн их зээлтэйгээр тодорсон. Eagle.mn сайтад мэдээлснээр түүний гэр бүлийн гишүүдийн орлого 369 сая төгрөг, ХААН, “Голомт” банкинд 2.6 тэрбум төгрөгийн зээлтэй гэжээ. Энэ их зээлээ барагдуулахын тулд улсын мөнгийг хувийнхаа эмнэлэг рүү гулгуулж байна гэж хардах хүн цөөнгүй.

Өөр нэг баримт дэлгэе. ЭМНДЕГ-ын тэргүүн дэд дарга Ч.Алтанхуяг Аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, улсын төв эмнэлэг, гэрээ бүхий лабораториудын дарга, захирал нарт С вируст гепатитын оношилгоо, шинжилгээ хийх үйл ажиллагааг хууль, зааврын дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг хүссэн мэдэгдлийг энэ оны зургадугаар сарын 16-нд явуулжээ.

 

Тус мэдэгдэлд Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.5-д Төрийн захиргааны байгууллага нь “Зах зээлийг нутаг дэвсгэр, эсхүл үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ, барааны нэр төрөл, худалдагч, худалдан авагчийн хүрээгээр хуваарилахад чиглэсэн” үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх тул ЭМНДЕГ болон төрийн захиргааны бусад байгууллагаас лабораториудыг аль нэг аймаг, дүүрэгт шинжилгээг зохион байгуулахаар оноосон хуваарь хийх боломжгүй ба хуваарь хийсэн тохиолдолд хууль бус болно гэжээ.

Үүний нэг хувийг ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулгад хүргүүлсэн байна. Хариуд нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “... шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээнд шалгуур хангасан лабораторид илгээнэ” гэж заасан байдаг... Иймд энэ заалтыг уг хөтөлбөр, аяны хүрээнд онцгойлон мөрдөх боломжгүй байгааг хүлээн авна уу гэсэн хариу өгчээ. Тэгвэл шалгуур хангасан 22 лаборатори байхад иргэдийг заавал тэнд, энд өг гэж хүчээр шахуу тулгах хэрэг байв уу.

Иргэн хүн сонголт хийх эрхээ эдэлж, өөрийн сайн гэж үзсэн лабораторидоо шинжилгээ өгөх эрхтэй баймаар. Гэтэл ингэж хуваарилсан нь арьс, харшлын эмнэлэгт элэгний вирусээ тоолуулах хүн байхгүйтэй холбоотой гэж зарим эх сурвалж тайлбарлаж буй. Ингэж үзэж буй газар нь “Оном” сангийнхан. Тиймээс уг сангийнхан өнгөрсөн сарын 3-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “Хариуцлага тооцуулах тухай” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд “Арьс, харшлын чиглэлээр мэргэшсэн гэх эмнэлэг хэдий завандаа хамелеон шиг хувирч, элэгний вирусийн ачаалал тоолох нарийн мэргэжлийн шинжилгээ хийх болчихов гэдэг эргэлзээ эгэл олонд төрж байна. Элэгний вирус илрүүлэх анхан шатны нэг ч шинжилгээ хийж үзээгүй “Аллергимед” эмнэлэгт яаж итгэж, шинжилгээ өгөх вэ. Хэн ч шинжилгээ өгөхгүй бол Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авч чадахгүй. Эрүүл мэндийн сайд албан тушаалаа урвуулан, арьс, харшлын эмнэлэгтээ аль болох олон өвчтөнийг хүчээр хуваарилж байна. Төрийн захиргааны байгууллага албан хүчээр хуваарилалт хийх нь Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байна” гэжээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нь 2017-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд 2018 онд 15-39, 65-аас дээш насныханд элэгний вирусийн оношилгоо, шинжилгээ эмчилгээг үнэ төлбөргүй хийх зорилт тавьсан. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас харахад иргэдийнхээ эрүүл мэндийг бус, хэдхэн төгрөгийн ашиг харсан, танил талын хүрээний л хэлэлцээр болсон гэлтэй.

Үргэлжлэл бий...

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай