Жүдо 2017: Монгол, Японы дуэльд хэн ялах вэ

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн. 

Эмэгтэйчүүдийн 48 кг

Улс нь өөр болохоос энэ жинд Монголын гурван жүдоч хүч сорьж буй. Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг эхний тойрогт хийлж, улмаар хоёрын даваанд Румыний Александра Поптой учраа таарсан юм. Румыний бүсгүй эхний даваанд Азербайжаны нэр дээр барилдаж буй Э.Базаррагчааг гурван шидо торгуулиар ялсан. Манай тамирчин боох мэхээр дутуу гаргаснаар БНСУ-ын Юү Жён Кангтай хүч сорилоо. Тэрбээр мөн л цэвэр ялалт байгуулж, хэсгийн аваргын төлөө Францын Мелани Клементэй барилдав. Энэ учраагаа мөн л өчих мэхээр илүүрхэж, хэсгийн аварга болсноор медалийн төлөө заналт өрсөлдөгч Японы Ами Кондотой барилдах боллоо. Кондо-той манай тамирчин дөрөв барилдаж, ердөө ганцад нь илүүрхсэн. Ялангуяа 2014 оны ДАШТ, Риогийн олимпод япон бүсгүй давамгайлж, медаль авч чадаагүй. 

Энэ жинг тэргүүлж буй Казахстаны нэр дээр зодоглосон Галбадрахын Отгонцэцэг эхний тойрогт хийлээд Италийн Францеска Миланиг ялаад Украины 16 настай залуу од Дариа Билодидыг боох мэхээр ялсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Израилийн Ноа Минскерийг хоёр вазаригаар буулган авч, хэсгээ тэргүүлэв. Г.Отгонцэцэг хагас шигшээд Японы Фүна Тонакитай барилдана. Тэд өмнө нь Чиндаогийн гранприд таарахад Фүна илүүрхсэн бол сүүлийн хоёр Азийн аваргад Отгоо ялжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг

Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальтай хоёр шилдгүүдээ явууллаа. Гавьяат тамирчин Болдбаатар эхний тойрогт Туркийн Бекир Озлуг, дараа нь Францын Уалид Кярыг, улмаар Японы Рюжү Нагаямаг хожсон ч хэсгийн аваргын төлөө Узбекистаны Диёрбек Урозбоевт дийлдсэн. Узбек эр энэ жинд түрүүлэх магадлалтай Гүржийн Амиран Папинашвилиг ялснаар дуулиан тарьсан юм. Болдоо гавьяат дагах барилдаанд олимпын мөнгө, дэлхийн аварга Казахстаны Елдос Сметовтой барилдана. Тэд өмнө нь хоёр таарч, бие биенээ тус бүр нэг ялсан удаатай. 

Дашдаваагийн Амартүвшин гавьяат эхний тойрогт Хойд Солонгосын Юн Нам Пакийг, дараа нь Аргентиний Хосе Луис Галваныг буулган авсан ч Казахстаны Гусман Киргизбаевт ялагдсан билээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай