Уучлаарай, сонгино байвал өгөөч

“Blue moon” уран зургийн галерейд өвөрмөц үзэсгэлэн нээгдээд байна. СУИС-ийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн гэрэл зураг болон визуаль урлагийн сургалтад хамрагдсан оюутнууд бүтээлээ дэлгэжээ.

“Хүмүүс ба хотын орчин” сэдвийн хүрээнд явуулсан сургалтыг ХБНГУ-ын Дортмундын их сургуулийн дизайны факультетийн багш Синди Гэйтс, Улрик Брюкнер нар удирдсан байна. Тэдний зааж сургасныг өөрийн болгож амьдралд хэрэгжүүлсэн 20 гаруй оюутны бүтээлийг харахад гэрэл зургийг видео, аудиотой хослуулан нэгэн цогц болгож олон нийтэд хүргэх нь мэдээллийг бодитоор, гүн гүнзгий утга илэрхийлэлтэй нь олон нийтэд хүргэх давуу талтай гэж ойлгогдож байлаа.

Жишээ болгон “Сонгино” гэж нэрлэсэн бүтээлийг авч үзье. Хоёр кг орчим бөөрөнхий сонгино сагсанд хийж тавьжээ. Дийлэнх нь бүтэн, зарим нэгийг хуваасан нь үнэртүүлэх гэсэн бололтой. Дэлгэцэнд оюутнууд айлуудаар явж хаалгыг нь тогшиж сонгино гуйхад хэрхэн хариулж буйг үзүүлсэн бичлэг явж байна.

“Уучлаарай, дээд айлын чинь хүн байна. Хоол хийх гэсэн чинь сонгино дутчихлаа. Ганц бөөрөнхий сонгино өгөөч” гэхэд хаалга тайлсан хүмүүс янз бүрийн хариулт өгөх ажээ. Ихэнхдээ гайхсан, тээнэгэлзсэн байдалтай хүлээж авсан ч олонх нь эергээр хариулж байв. Хоёр айл ногоон сонгино болох уу гээд өгөв. Нэг айлын эзэгтэй “Юу яриад байгаа юм. Бид өөрсдөө хоолондоо хийнэ” гэж уурлав.

Нэг хижээл эр “Сонин байх чинь. Социализмын үед л ингэж айлаасаа хэрэгтэй зүйлээ гуйдаг байлаа” гэж байв. Айлуудаар явж сонгино гуйсан, бичлэг хийсэн, ер нь энэ ажилд гар бие оролцсон багш, оюутнуудын гэрэл зураг хананд өлгөөстэй байна. Гэрэл зураг, дуу, дүрс бичлэг, биет үзүүлэн бүхий визуаль урлагийн ийм нэгэн бүтээлээр оюутнууд социализмын үеийн монголчуудын аж байдал, сэтгэлгээг өнөө үеийнхэнтэй харьцуулахад ямар өөрчлөлт гарсныг харуулахыг зорьжээ.

Оюутнуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь нэгэн зорилго болсон уг сургалтын талаар СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг “Энэ сургалт оюутнуудын бүтээлч сэтгэлгээг задлах, нийгэм дэх аливаа юмс, үзэгдлийг урлагийн нүдээр харж сургах, асуудлыг уран сайхны гэрэл зургаар хөндөх арт фото чиглэлийнх гэдгээрээ онцлог юм.

Визуаль урлаг гэдгийг цахим, медиа урлаг ч гэдэг. Хүн, нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгааг баримтад түшиглэн уран сайхны аргаар илэрхийлэх нь XXI зууны урлагийн чиг хандлага юм. Бид энэ сургалтыг ХБНГУ-ын Дортмундын их сургууль, Берлиний урлагийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Германы эрдмийн солилцооны алба, “Урбан номадс” төрийн бус байгууллагатай хамтран хоёр долоо хоногийн турш зохион байгууллаа” гэсэн юм.

Тус сургуулийн зураасан зургийн ангийн IV курсийн оюутан Б.Эрхэмболор “Энэ сургалтад хамрагдсандаа их баяртай байна. Хэрвээ би зун амармаар байна, хөдөө явмаар байна гээд тоомжиргүй хандсан бол чухал зүйлээс хоцрох байжээ. Урлагаар асуудлыг товч тодорхой хөндөж, санаа бодлоо оновчтой илэрхийлж болохыг ойлгосон. Мөн зоригтой болсон. Эрх чөлөөтэй залуу хүн гэдгээ мэдэрч эхэлж байна. Манай аав ээж соц нийгмийн, хүмүүсийн хэлдгээр айхавтар хүмүүс байдаг юм.

Миний төлөө санаа тавихдаа тэгж болохгүй, ингэвэл зохисгүй гэж санаа бодлыг минь хязгаарладаг тал бий. Одоо бол би аав ээждээ “Та нар намайг нэгэнт урлагийн сургуульд оруулснаас хойш би аливааг урлагийн хүний нүдээр, өөрийнхөөрөө харж дүгнэж, хийх болно гэж хэлэх гэж байгаа. Магадгүй энэ нь сургалтын үр дүн байж ч болох юм” хэмээн сэтгэгдлээ илэн далангүй хуваалцсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай