ТАНИЛЦ: “Ромео” Шинээ

          Жүжигчин Б.Шинэбаярыг “ТАНИЛЦ”-уулах гэж байна. СУИС-ийг төгсөн, найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” кинонд тоглож олны танил болсон Б.Шинэбаяр УДЭТ-ын босгыг даваад хэдийнэ гурван жил өнгөрчээ. Тэрбээр энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээгээд буй. Б.Шинэбаяр өнгөрсөн 2016 онд “Гэгээн Муза”, ОХУ-д зохион байгуулдаг “Алтан сэргэ” олон улсын театрын наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард үзэгчдэд хүргэсэн “Биг” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонд тоглосон юм. 

  • Б.Шинэбаяр 1991 оны нэгдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод төржээ. Айлын ганц хүү.
  • Түүний аав, ээж насаараа Төмөр замд ажилласан хүмүүс. Тэрбээр “Аав минь миний амьдралын баатар. Ээжээсээ зөөлөн зан, цэвэрч нямбай байдлыг суралцдаг” хэмээсэн удаатай. 

  • Тэрбээр нийслэлийн 20 дугаар дунд сургууль буюу Ганзам цогцолборыг төгссөн. Сурагч байхдаа найзуудын хамт хип хоп хамтлаг байгуулж, уран бүтээл туурвидаг байжээ. Тэрбээр “Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч дунд сургуульд байхын л урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог байлаа. Яагаад ч юм багаасаа үзсэн кинонууддаа их татагддаг хүүхэд байлаа. Хүмүүс “Ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуухад шуудхан л “Жүжигчин болно” гэж хариулдаг байв. Тэгээд сургуулиа төгсөөд СУИС-ийг сонгож элссэн дээ” хэмээсэн юм. Тэрбээр Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшийн шавь. Түүнийг жүжигчин болох сонголт хийхэд гэр бүлийнхэн нь тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг. Тэрбээр энэ тухайгаа “Намайг гэрийнхнээсээ тэс өөр мэргэжил сонгоно гэхэд тэд “Чи үнэхээр жүжигчин болохыг хүсэж байна уу, хүнд хэцүүг нь даах уу” гээд л асууж байв. СУИС-д шалгуулж, тэнцээд, амжилттай төгсөж, УДЭТ-т орж, анхы уран бүтээлдээ тоглосны дараагаас л тэд нааштайгаар харж эхэлсэн” хэмээн ярилаа.

 

  • Б.Шинэбаяр 2014 онд УДЭТ-т шалгуулж, тэнцээд дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн юм. 2015 оноос үндсэн жүжигчнээр ажиллаж буй. Тэрбээр театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн гол дүрд тоглосон. Түүнчлэн “Гамлет”, “”Парисын Дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” гэхчилэн тус театрын бүх л уран бүтээлд оролцон тоглодог. 

  • УДЭТ-ын өндөр босгыг давсан залуу жүжигчид ахмад уран бүтээлчдэд хадаг барьж, багш шавийн барилдлага тогтоодог бичигдээгүй уламжлал бий. Б.Шинэбаяр хадгаа тус театрын жүжигчин Ц.Цэрэнболдод барьж, түүнд шавь оржээ.
  • Тэрбээр Ник Кассаветесийн найруулсан “Тэмдэглэлийн дэвтэр” киног хэд ч үзээд уйддаггүй гэдэг. Харин өөрөө “19” хэмээх кинонд тоглож үзэгчидтэй цэнхэр дэлгэцээр анх уулзсан билээ. Өнөөдрийг хүртэл тэрбээр найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг”, “Биг” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонд тоглоод буй. Тэрбээр “Жүжигчин хүн нэг уран бүтээлээс нөгөө рүү орохдоо дэвших хэрэгтэй. Ер нь өмнө гаргасан алдаагаа дараагийн уран бүтээлдээ давтахгүй байхыг хичээдэг. Өөрийнхөө тоглосон киног үзэх хэцүү. Кино театрын том дэлгэцэн дээр гарч, түүнийг нь урлагийн томчууд, танхим дүүрэн үзэгчид үзэж, үнэлж, дүгнэж байна гэж бодохоор их сандардаг” хэмээсэн юм.

 

  • Б.Шинэбаяр өөрийгөө огт өөр өөр өнцгөөс харуулах дүрд тоглохыг хүсдэг. Энэ тухайгаа “Хүмүүс хараад танихгүй, “За байз, энэ чинь Шинээ мөн үү” гэж бодтол өөрчлөгдөх дүр  бүтээхийг хүсдэг. Ромеод тоглолоо, дараа нь тэс өөр 60 настай өвгөний дүрээр ч уулзаж болно шүү дээ. Ер нь л өөрийгөө хөгжүүлсэн дүрд тоглох дуртай” хэмээсэн удаатай. Түүнчлэн “Муу тоглох, эсвэл сэтгэл ханамжгүй байдал гаргахгүйгээр жижиг гэлтгүй дүр бүхэндээ сэтгэлээ шигтгэж ажиллахыг хичээдэг” гэдгээ ярьсан юм.
  • Тэрбээр Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо, ОХУ-ын жүжигчин Сергей Безруков нарын тоглосон кинонд дуртай. “Бригада” киноны үнэнч шүтэн бишрэгч, фэн нь. Монголын уран бүтээлчдээс Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг гээд үлгэр дуурайл авдаг жүжигчин олон бий гэнэ. 

 

  • Б.Шинэбаяр “Аав, ээж хоёр минь зөв явах, зөв амьдрах ухааныг их зааж сургадаг. Хүн зөв амьдарч байж үр хүүхэдтэй болж, эргээд тэд чинь ирээдүйд буяныг эдлээд сууна гэдэг. Энэ насандаа асар их буруу зүйл хийвэл үйлийн үр өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхдэд нь ирдэг гэж  би ойлгодог. Өнөөдөр би ч гэсэн сайхан эцэг эхийнхээ буяныг эдлээд явж байна” хэмээсэн юм. Тэрбээр алхам тутамдаа хичээж, зөв амьдрахыг хүсдэг.

  • Цахим ертөнц, сошиал хуудсуудын талаар “Цахим ертөнц хөгжсөнөөр дэлхий хавтгайрсан цаг үе. Гэлээ гээд интернэтээс хэрэгтэй, хэрэггүй мэдээллийг цуглуулах хэрэг юу байна. Хүний тархи хогийн сав биш. Тийм болохоор зөвхөн шардлагатай тохиолдолд, зөв мэдээлэл авах, түгээхэд л ашиглах нь зөв” гэж үздэг. Тэрбээр https://www.facebook.com/vita.dolce.393 фэйсбүүк хуудсаа идэвхтэй хөтөлдөг.
  • Тэрбээр сүүлийн гурван жил фитнессэр хичээллэж буй. Түүнчлэн чөлөөт цагаараа боулинг, пэйнтболл тоглоход “дурлаад” байгаа. 

  • УДЭТ-т хамт шалгуулж, тэнцсэн жүжигчин Э.Тодгэрэл, Б.Золжаргал нарын хамт “Драмын 3” хамтлаг байгуулаад амжсан. Тэд ирэх намар анхны цомгоо гаргахаар төлөвлөжээ. 

  • Түүнд шударга, шулуухан зантай хүмүүс таалагддаг гэнэ. Тэрбээр өөрөө ч тийм зантай. Мөн “Өлмий өргөх төдийд мөрөөдөл минь биелдэг болбол маргааш гэхэд миний амьдрал утгагүй болно” хэмээн хэлэх дуртай.
  • Тэрбээр “Эхнэр нь амттай хоол хийж, хувцас угааж, үйл мэтгэдэгтээ биш, нэгнээ ойлгодогт л гэр бүлийн бат бөх амьдралын нууц байдаг болов уу. Миний мэргэжлийг ойлгодог, итгэдэг хүн надтай учирвал сайхан” хэмээн хэлсэн удаатай. Тэрбээр өдгөө уран нугараач бүсгүйтэй ханилан, хөөрхөн охины аав болоод буй. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай