Тонн зэсийн үнэ 6747 ам.долларт хүрэв

Зэс, зэсийн баяжмал нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүнд тооцогддог. Тэгвэл тонн зэсийн үнэ баасан гаригт 6747 ам.долларт хүрчээ. Энэ нь бараг сүүлийн гурван жил буюу 2014 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн дээд түвшин аж. Уг таваарын хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эрэлт нэмэгдэх төлөвтэй, Лондоны металлын бирж дэх нөөц багассан хэвээр буй нь үүнд голлон нөлөөлснийг “Reuters” уламжлав.

Өнгөрсөн долдугаар сард урд хөршийн импортолсон зэсийн хэмжээ 13 хувиар өсөж, 283.468 тонн болсон. Мөн Лондоны металлын биржийн нөөц сүүлийн 12 жилийн хугацаанд хамгийн их буюу 11 хувиар багассаныг (нэг долоо хоногийн хугацаанд) “Bloomberg” онцолжээ. Баасан гаригт Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдан авах суурь металлын ханш 0.5 хувиар дээшилж, тонн нь 6719 ам.доллартой тэнцэв.

Мөн Шанхайн фьючерсийн биржид зэсийн үнэ хоёр хувиар нэмэгдэн, тонн нь 52.770 юаньтай (7917.84 ам.доллар) дүйсэн байна. Тус биржийн зэсийн нөөц мөн буураад буйг “Standard chartered” мэдээлжээ. Дашрамд дурдахад, он гарсаар зэсийн үнэ нийт 20 орчим хувиар өсөөд буй юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай