Гэртээ харих зам хамгийн сайхан

Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар Өнөөдөрсонин Монголд анх удаа Аавын эзгүйднэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа 15 дахийг хүргэж байна.

2017.08.23-ны лхагва гариг. “Бид одоо яг гэрийнхээ дээгүүр нисэж байна. Та хэд гэрээсээ гарсан юм уу” гэж Солонгост эмчлүүлээд ирж буй М.Номин-Эрдэнэ охин эмээ, авга эгч хоёрыгоо шавдуулна. “Анхаа минь, бушуухан очиж эмээгээ аваад, онгоцны буудал руу шууд яваарай” хэмээн нагац эгч нар нь М.Анхцэцэгийг яаруулав.

“Ойрхон юм чинь гэж аажуурсаар байтал онгоц нь буучихаж байгаа юм биш биз. Та минь ээ, хурдалж болохгүй юү” гээд Сэлэнгийн Ерөөгөөс ирсэн нагац өвөө, эмээ хоёр нь мөн л хэрэндээ тэвдэнэ. МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц 16.55 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахад ямар ч байсан тэд тал талаасаа цуглаж амжив.

Хэл нэвтрэлцэхгүй хүний нутагт, хааш хаашаагаа томхон тав алхах хэмжээний эмнэлгийн умгар өрөөнд хоёр сар гаруй “амьдраад” ирж буй ээж, охин хоёрыг гэр бүлийнхэн нь ийн хөл хөөрцөг болон угтлаа...

“Аавын эзгүйд” реалити сурвалжилгын гол баатар Ч.Мөнхжанцан дэд хурандааг Афганистан улсыг зорьсноос хойших дөрвөн сар гаруй хугацаанд эдний гэр бүлд тохиолдсон нэгэн баярт үйл явдал бол дунд охин М.Номин-Эрдэнэ нь БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт мэс засалд орсон нь юм. Жилийн өмнө сургууль дээрээ ангийнхныхаа хоолыг зөөж яваад түлэгдсэн түүнийг Солонгост гүн түлэгдлийн дараах шатны мэс засал хийлгэх шаардлагатай байсан бөгөөд элгэн халуун монгол түмний хандиваар охины хүсэл биелсэн.

Хүзүү, цээж болон эрүү, шанаандаа арьс нөхүүлэх хоёр удаагийн томоохон мэс засалд орсон тэрбээр ямартай ч аавыгаа ирэхэд дуулгах сонин сайхан ихтэй болсон. Бага зэргийн хүндрэлээс болоод ээж, охин хоёр эмнэлгээсээ түр гарч, өөр газарт дахин нарийвчилсан шинжилгээ өгсөн, азаар хариу нь нааштай байсан тулдаа зорьсон мэс засалдаа орсон гээд өнгөрсөн хугацаанд тэд багагүй “адал явдал” туулсан.

Гэхдээ л эмчилгээ нь бүрэн дуусаагүй бөгөөд арванхоёрдугаар сард “Ханган сү” эмнэлэгт дахин очиж, чих болон баруун гартаа арьс нөхүүлэх мэс засал хийлгэх гэнэ.

“Солонгост ирээд 69 хоночихож. Одоо бушуухан онгоцондоо суугаад харих минь” хэмээн Инчоны онгоцны буудалд ирсэн хэрнээ л яарч байсан Д.Мөнхчимэг эгч гэрийнхнээ хараад, охиноосоо түрүүнд аньсага чийгтүүлээд авав. Ханиа Афганистан руу үдэхдээ мөн л хүүхдүүдээ ингэж “уруу татсан” түүнийг нөхрийнх нь найзууд “Манай Чимгээ их уяхан шүү” гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Аав, ээжийнхээ эзгүйд нэлээд “зутарч”, багагүй жин хүртэл хаяад авсан отгон хүү М.Эрдэнэбат нь харин санасныг бодоход гайгүй юм. Ээж, эгч хоёрынхоо барааг хараад л сэтгэл нь “цадсан” бололтой, хүү авчирсан цэцгээ эздэд нь гардуулчихаад энэ тэрүүгээр хөөрцөглөн гүйх аж.

“Гэртээ ирэх чинь ямар сайхан юм бэ. Монгол махны үнэр, амт ийм гоё бил үү. Эмнэлгийн хоолны маханд идээшихгүй юм билээ” хэмээн Номио гэрийнхнээ хөгжөөв. Угийн алиа хошин зантай охиныг солонгос эмч нар хэт инээж, ярьж, явж болохгүй, гам сайн барих хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

Зээ охиноо Солонгосоос ирэх гэж байгааг дуулаад өвөө Дөлхүү, эмээ Эрдэнэцэцэг нар нь Сэлэнгийн Ерөөгөөс гурав хоногийн өмнө иржээ. “Манай хоёр том охины дуу хүүхдүүдийнхээсээ илүү гарна уу гэхээс дутахгүй юм. Бага байхын л ийм байж билээ. Гэхдээ энэ хэдэн өдөр халуун бүлээрээ сайхан л бужигналаа. Хамгийн гол нь Номио минь эрүүл саруул болоод ирж байгаа нь чухал. Охинд минь халуун сэтгэлээ дэлгэсэн бүх монголчууддаа маш их баярлалаа” хэмээн нагац өвөө нь хэллээ.

Тэднийх гурван охин, нэг хүүтэй аж. Охидынх нь бага нь Д.Мөнхчимэг эгч. Хачирхалтай нь, Д.Мөнхчимэг эгч ч мөн гурван охин, нэг хүүтэй. Бүр яг адилхан, гурван том нь охин, бага нь хүү гэхээр бас л сонин тохиолдол.

Номиогийн төрсөн өдөр хэдхэн хоногийн дараа болох учраас нагац эгч нар нь баярын ширээ засаж, бялуу авчээ. Харин тэднийг хоол унд зэхэж байх хооронд жаалуудын нэг нь өнөөхөөс шомбодож орхисныг илрүүлэв. Эмээ нь “Энэ бялуунаас хэн хазсан бэ. Цагдаа дуудна даа” гэнгүүт дөрөв, тавтай л болов уу гэмээр жаалхүү хамгийн түрүүнд “Би биш” гээд өөрийгөө барьж өгөх нь тэр ээ...

Ээж, дүү хоёрыгоо Солонгос руу эмчилгээнд явсан хойгуур Азийн хошой аварга хэмээх эрхэм алдар хүртэж, түүхэн амжилт гаргасан Анхаа энэ зуур ар гэрийнхнээ сайн харж байв. Ирэх арваннэгдүгээр сард болох Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэхийн зэрэгцээ дүү нараа бэлтгэл, сургуульд нь нааш цааш зөөх зэргээр аав, ээж хэмээх хоёр хүний үүрэх ачааг ганцаараа дүүрсэн амаргүй хоёр сарын ард тэр гарлаа.

Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга, ОУХМ М.Анхцэцэг хэмээх энэ сайхан нэр алдрынхаа ачаар тэр дүүгээ ийн эмчлүүлж чадсаныг хэлэх нь зүйтэй.

“Уулзах ёстой хүмүүс яаж ч байсан уулздаг. Хорвоо дээр учир утгагүй зүйл гэж ховор” гэдэг дээ. Ямар ерөөл учралаар манай сонин тэднийхээс “Аавын эзгүйд” хэмээх реалити сурвалжилгаа хийж таарсан юм. Яг тэр эгзэгтэй үед Номиогийн эмчилгээний асуудал хөндөгдөж, хандивын аян өрнүүлэх санаачилга олон нийтээс гарч, тэр нь амжилт олно гэж үнэндээ хэн хэн маань санаагүй билээ. Санаж явбал бүтнэ гэдэг л энэ байх. Охин одоо алзахгүй ээ.

Аав нь ирэх хараахан болоогүй ч одоо тэднийхэн хэсэгтээ л гэр бүлээрээ хамтдаа аж төрөхөөр болов. Ч.Мөнхжанцан дэд хурандааг явснаас хойш тэдний гэр бүл ингэж хамтдаа байсан нь тун ховор. Ялангуяа энэ зуны хувьд ажил, амьдралын элдэв шалтгаанаар тэдний зургаан ам бүл 4-5 газарт тус тусдаа байсныг манай уншигчид санаж буй биз ээ.

Гэртээ харих зам хамгийн сайхан гэдгийг, халуун ам бүлээрээ байх ямар жаргалтай, сэтгэл дүүрэн байдгийг магадгүй тэд энэ зун илүүтэй мэдэрсэн болов уу.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай