Б.Энх-Амгалан: Үнэн үг хэлсэн хүн урвагч болдог хэрэг үү

Б.Энх-Амгалан: Үнэн үг хэлсэн хүн урвагч болдог хэрэг үү

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт та гарын үсэг зурсан байна билээ. Юу таныг Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурахад хүргэв?

-Тийм ээ, би тэр бичигт гарын үсэг зурсан. Шалтгаан нь хэн бүхэнд тодорхой. Ганцхан жилийн өмнөхийг эргээд саная л даа. Ард түмэн биднийг сонгохдоо, нэгдүгээрт, “Та нарт итгэлээ өглөө, биднийг битгий хуураарай. Төрд шударга ёс тогтоож өгөөрэй, тулхтай түүхтэй улс төрийн хүчинд найдаж байна.

Төрийн алтан сан хөмрөг рүү шуналын нүд унагаж хулгайн гараа дүрсэн авлигач атгаг түшмэдийг хуулийн буулганд оруулаад, идсэн уусныг нь илчилж, алдагдсан мөнгөө улсын санд эргүүлэн аваарай. Эх орноо барьцаанд тавьж, ирээдүй хойчоо өрөнд унагасан луйварчдыг хашраагаад өгөөрэй. Төр түмэн нүдтэй, хуулийн цалам урт, шударга, үнэнч гэдгийг харуулна шүү” гээд 65-ууланг маань илгээсэн. Гэтэл бид итгэл рүү нь ус цацчихлаа.

“Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны өр, Монголбанкны вексель, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуйвалдаан, концесс, тендер, нүүрсчидийн бүлэг, Арабын хуйвалдаан, аав, хүүгийн оролцсон гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт учир нь үл олдох, учиг нь үл тайлагдах олон ангитай, үйл явдалтай, өрнөл, тавилттай, өмнөх засгийнхаа сайтар найруулсан жүжиг үзүүлчихлээ. Буруутныг олов уу, буцааж мөнгө төлүүлэв үү. Асуулт хэвээрээ үлдлээ.

Хоёрдугаарт, “Аль ч нам эрх барихад төрд хачиг мэт шигдэж үлддэг, мөнгийг цаас болгогч ид шидтэй, башир арга зальтай, авлигын утсыг хөвөрдөж суудаг, зүсэн бүрийн зүс ааштай, хуурамч түшмэдтэй хариуцлага тооцоод өгөөрэй” гэсэн. Нисдэг бор морийг нь авалгүй, нисдэггүй бор морийг нь бут ниргэхийн үлгэр харуулсан. Морь байтугай онгоц элэгдүүлчихсэн түшмэд илбэт цурхайн үлгэрээр албанд дэвшээд байж л байдаг. Бид боловсон хүчнээ зөв томилсонгүй.

Гуравдугаарт, “Мэддэг хүн нь чаддаг ажлаа хийг. Мэргэжил боловсрол, мэдлэг чадвар, үнэнч шударга, зарчимч шуурхай, ажилч хичээнгүйг нь шалгуураа болгож, ардын засгийнхаа голомтыг түшүүлээрэй, тал тохой бүү татаарай та нар минь” гэсэн. Мэргэжлийн Засгийн газар мэрэгчдийн Засгийн газар байж болохгүйг сануулсан.

Монгол Улсынхаа дархан хилийг нүд цавчилгүй манаж байгаа хилчин дайчид, эх орон дуудсан цагт халуун зэвсэг атгаад босох эр цэргүүдийнхээ авдаг цалин, өгдөг нэмэгдэл, сурдаг зардлыг нь ОУВС тэг гэсэн, ингэхгүй бол огтоос болохгүй хэмээн хасчихаад, ард олныхоо тэтгэврийн нас, татварын хэмжээг нэмчихээд, нөгөө гараараа төрийн халаас суйлж, 800 тэрбум төгрөгийн концессоор хувийн компаниуддаа хөрөнгө оруулах гээд улайрч байгаа сайд нарыг шударга, сайн ажиллаж байна гэж үзэх үү. Бид замаасаа хазайчихлаа.

Дөрөвдүгээрт, “Төрийн албыг төрлийн алба болгож болохгүй шүү. Монголын төрд наймаачин бүү оруулаарай” гэж захисан. Гэтэл төрийн албыг наймаалцаж, алдарт 60 тэрбумыг босгох асуудал ард нийтэд ил цацагдлаа. Намын дотоод бичлэг алдагдсан юм, эвлүүлэг юм, тэгж яривал буруу гэж тоглож байсан юм, мөнгө нэхсэн, тохиролцъё гэсэн, халиарууд өөрсдөө сонсож байсан юм гэх мэтээр өөр хоорондоо зөрүүтэй мэлзэж, самгардсан мэдэгдэл, бичлэгүүд хөвөрсөөр… Бид бусдын алдааг давтчихлаа.

Ингэж болохгүй, амлалтаа биелүүлэх ёстой гэдэг байр суурийг би анхнаасаа барьж ирсэн. Одоо гэнэт ухаан орсон асуудал огтхон ч биш. Бүлэг, Байнгын хороо, Нэгдсэн чуулганы хуралд хэлсэн үгнүүд минь ч тов тодорхой байгаа.

-Та нарыг улс төрийн нөхцөл байдлыг АН-тай хамтрахаас өөр замгүй болголоо, ялалтаа ялагдал болгох гутамшигт үйлдэл гаргалаа, намын эрх ашгаас урвалаа гэж шуугиж байна?

-Тийм үү. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тойргоосоо гадна төрсөн нутагтаа хүртэл очиж, намаас нэр дэвшигчийнхээ төлөө эрвийх дэрвийхээрээ ажилласан. Элдэв янзын нэр хоч ч зүүсэн. Түмэн олон мэднэ. Журмын нөхөд маань нь ч тэгж ажилласан байх. Нэр дэвшигчийг бид өөрсдөө дэвшүүлсэн. Тэр хүний Монгол төр, МАН-ын төлөө зүтгэсэн зүтгэл, хийсэн бүтээснийг үгүйсгэж болохгүй. Харин хэнээс болж нэр дэвшигч унав. Ард түмэн биднээс яагаад нүүр буруулав.

Хэн нь ард түмнийхээ өмнө хэлсэн үг, өгсөн амлалтаасаа буцав. Хэн нь эх орны язгуур эрх ашгаас ухрав. Өөрчлөх, хариуцлага ярих нь зөв гэж дуугарч буй хүмүүс лав биш. МАН дотор шударга үг хэлсэн гишүүн урвагч болдог хэрэг үү. Энэ алдааг засахгүй, эв нэгдэл, тогтвортой байдал, намын эрх ашиг гэдэг халхавч дор бүгд хамгаалж, дараад өнгөрөх үү. Ингэвэл эх оронч уу. Тэвчээрт хязгаар бий. Монгол Улсын эрх ашиг гэж хэнбугай ч сэтлээд гарч болдоггүй улаан шугам байдаг юм шүү.

Ард түмнийхээ эрх ашиг, үр хойчийнхоо хувь заяа, эцэг өвгөдийнхөө сүнсийг худалдаж амьдардаг нь бид биш. Энэ алдааг засах сэтгэлтэй шударга төрийн түшээд МАН-д 30-аар тогтохгүй байгаа гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна. Бид алдаагаа дотроо ярилцаад засъя, алдаа гаргасан нөхдөө нүх рүү унахаас нь өмнө зогсоож, татаж авъя л гэсэн шүү дээ. Ард түмэндээ үнэнээ хэлье, ахиж алдаа гаргахгүй гэдгээ амалъя. Юу нь буруу байгаа юм бэ. Ард түмэн муу дүн тавьчихаад байхад, бид онц сурдаг гээд хашхираад байж болохгүй шүү дээ. Ард түмэн “Та нарт итгэсэн чинь биднийг живүүлэх гэж байна. Та нар живж байна” гэж сануулаад байхад нь “Дуугүй дагаад яв” гэж болох уу.

Чих нь хатуурч, аньсага нь хаагдсан, толгой нь томорч, эрх нь дэндсэн цөөн хэдэн дарга сайдад өөр яаж ойлгуулах юм бэ. Сонгуулийн үнэмлэхүй ялалтыг ялагдал болгох санаа хэнд нь ч байхгүй байх. Нэгэндээ халиар, аалз, топор, хужаа, муужгай, урвагч, шарвагч, суудал горилогч гэх мэтээр зүсэн зүйлийн хоч өгч, түмний өмнө шившгээ дэлгэхээ болих хэрэгтэй. Айл саахалтуудаасаа ичээч дээ, ядаж. Урд, хойно чинь ханайж налайсан том хөршүүд биднийг элэглэнэ шүү дээ.

-“Хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орохын тулд засгаараа оролдож байна” гэсэн яриа гарсныг дуулсан байлгүй. Та дараагийн Засгийн газарт сайд болох уу?

-Үгүй. Би давхар дээлийг эсэргүүцдэг. Бодлогын хэдэн яамнаас бусдад нь УИХ-ын гаднаас сайд тавих нь зөв гэсэн байр суурьтай явдаг. Би албан тушаал, эрх мэдлийг эрхэм зорилгоо болгож байгаагүй, болгох ч үгүй. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан найман жилийн хугацаандаа би ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлээгүй гэж боддог.

Миний улс төрийн замнал шударга үнэний төлөө явсан. Сайныг эргэлзэлгүй дэмждэг, саарыг ухралтгүй эсэргүүцдэг, зарчмын байр суурь, улсын эрх ашгийг ямагт түрүүнд тавьж, дарга даамлаас үл эмээн үгээ хэлж тэмцэж ирснийг АН, МАН-ын мөр зэрэгцэж явсан төлөөлөгчид, мэдэх хүмүүс нь хэлэх байх аа. УИХ-ын сонгуулийн өмнө намайг гүтгэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулсан.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч хэмээх эрхэм үүргийг хүлээж явахдаа, өмч хувьчлал, төсөл хөтөлбөр, тендер, концесс, газар зохион байгуулалтын элдэв будлианд оролцож байгаагүй нь хуулийн өмнө нотлогдсон. Намайг 0.07 га газраа ч авч амжаагүй яваа гэвэл хүн итгэхгүй байх. Аавынхаа амьдад Монгол төрд өргөсөн тангаргатаа үнэнч яваагаа харуулж буйдаа баяртай байгаа.

Би Монгол төрийн түшээдийг бүгдийг нь ард түмний томоохон саналын төлөөлөл, адил тэгш эрх, үүрэгтэй гэж ойлгодог. Нэгдүгээр зэргийн ард түмэн, хоёрдугаар зэргийн ард түмэн гэж байдаггүй шиг дэмий үгээр хөөцөлдөх хэрэггүй. Айл бүхний хойморт заларч буй “Монголын нууц товчоо” эцэг өвгөдийн маань их хөлгөн сударт байдаг нэг үгийг энд эшлэн сануулахыг хүсэж байна.

“Хатгалдааны түрүүнд үгс буй” гэх үгийг эцэг өвгөд маань зүгээр нэг шигтгээгүй байх. Үг хүчтэй, бас шидтэй. Билэггүй, хэрэггүй муу үгийн зэвээр хэдхэн монголчууд хатгалдах нь эвийг эвдэж, төрийг бусниулна. Монголчууд бид оюун санааны асар их өв соёлтой ард түмэн. Сөргөлдөх үгс дандаа эвийн гагнаасыг салгаж, эвдрэлийн үрийг тарьдгийг бид мэднэ.

Хагацашгүй амраг, салшгүй андыг салгах хор нь үг байдаг гэдэг байх аа. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг биз дээ. Ширээний ард суугаад өс зангидалгүй ярилцаж, хариуцлага тооцохтой нь тооцоод яваач дээ. Ямар өстөн дайсантайгаа хэлэлцээ хийх гэж байгаа биш. Нэг завин дээр сууж яваа нөхөд чинь л болж бүтэхгүйг нь тэсэж тэвчихээ болиод хэлж байгаа бус уу. Түүнээс нэгийгээ унагааж, өөрөө давхар дээл өмсөх гэж тэсэж ядаад байгаа хүн үгүй л болов уу.

-Тэгвэл та яг юу хүсээд байгаа юм бэ. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашиллаа. Хийх ажил их байхад ингэж суух нь хэр зохистой вэ?

-Худал үнэн болдоггүй, хулгай зөв болдоггүй, хуйвалдаан шийдвэр болдоггүй, хуурамч хүн сайд болдоггүй сайн цаг ирээсэй л гэж хүсэж байна. 65-ын бүлэгт том эрх мэдэл, өмнө нь туулж ирсэн алдаа оноотой жилүүдийнхээ бүх согогийг засах түүхэн боломж байна. Үндсэн хуулиа өөрчлөх, төрийн албаа тогтвортой, шударга болгох, засаглалын эрх үүргийг зөв хуваарилах, хяналттай, хараат бус, эрх үүрэг нь тодорхой, шалгуур нь өндөр болгох гэх мэт бүх бололцоо бий.

Нам дотроо хариуцлага тооцохоос л бүх юм эхэлнэ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. Тэр булингартуулаад байгаа зүйлээ л засъя гэж байгаа юм. Бүхэлд нь буруу өгөхгүй байна. Сайныг нь сайнаар нь хэлэх ёстой. Урагш ахихад садаа болоод байгаа тээгийг аваад хаячихад юу нь буруу байгаа юм бэ. Эрх мэдэлдээ ташуурч, даам гарсан хэдхэн өргөс л байна шүү дээ.

Та бидэнд алдах эрх байхгүй, өнөөгийн маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий дахины геополитикийн шинэ нөхцөл байдалд Монгол Улс өөрийн байр суурь, зам мөрөө алдахгүйгээр, түүхийн гашуун сургамжийг ой тойндоо бат суулгаж, олсон ололт, дэвшсэн амжилтаа бататган, төр улсынхаа төлөө гэсэн халуун сэтгэлээр нэгдэж, түмэн олноо цэнгэлийн манлайд хөтлөх баттай, суурьтай зөв бодлого хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх цаг ирсэн.

элхийн хогийн сав руу шидэгдчихсэн олон орны гашуун түүхийг давтахгүйн тулд өвөг дээдсийн ариун ёсыг дагаж, эрдэмтэн мэргэд, багш, сурган хүмүүжүүлэгчид, судлаач сурвалжтанууд, Монголын төлөө зүрх нь цохилдог халуун сэтгэлтэн болгонтой ураг болж, зөвийг хэлэлцэж, мэргэжлийн шалгарсан хүмүүсээр засгаа бүрдүүлж, зөв, ил тод, шударга ажиллах ёстой. Цаг үе биднээс үүнийг шаардаж байна.

-Нам дотор чинь таны дургүй улстөрч байна уу?

-Улс төрийн маань байр суурь анхнаасаа тодорхой байсан гэж дээр хэлсэн. Надад хувь хүнийхээ хувьд муудалцах, дургүйлхэх улстөрч нам дотор маань байхгүй. Зарим нөхөд маань гайхаж, гомдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орны төлөө, ирээдүй хойчийнхоо төлөө, элгэн Монголынхоо төлөө гэсэн суурь зарчим, сонгогч олон түмэндээ өгсөн, төрийн шударга түшээ байх амнаасаа буцахгүй. Шударга бусыг дэмжихгүй.

-Та ер нь УИХ-ын гишүүн болоод юу хийж амжуулав. Цаашид юу хийх гэж байна?

-Монгол Улсын батлан хамгаалах тухай багц хууль, Төрийн болон албаны нууцын тухай, Хилийн тухай, Цагдаагийн тухай, Дотоодын цэргийн тухай хууль гэх мэт улс орны аюулгүй байдалтай холбоотой гол хуулиудын ажлын хэсэгт орж ажиллалаа. Одоо Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ажлын хэсэгт ажиллаж буй.

Хоёр хөрштэйгөө уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөгжүүлэх, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхийн төлөө ажиллаж байна. Дэмжин ажилладаг гадаад, дотоодын сайн санаатнууд, хариуцлагатай алба хашиж буй бүх хүнд баярлаж яваа. Улс орны эдийн засгийг сэргээн хөгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барьсан. Хийх ажил маш их байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (22)

Илгээх

Энэ тухай