“Эрх баригч намын 30 гишүүн засгийн эсрэг нэгдэж буй нь асар том хүч бий болсны илрэл”

Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж буй гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнөөс түгсэн ч эрх баригч хүчнийхэн няцааж байлаа. Гэвч уг мэдээлэл үнэн төдийгүй, УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 30 нь Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зуржээ.

Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Д.Сумъяабазар, Н.Учрал, Х.Болорчулуун нарын УИХ-ын гишүүн өчигдөр Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан албан бичгээ өргөн барив. Тэднийг очиход УИХ-ын дарга М.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай хэмээгээд албан өрөөндөө байгаагүй тул АН-аас УИХ-ын дэд даргын алба хашиж буй Я.Санжмятав, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар уг албан бичгийг хүлээж авсан юм.

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19-өөс дээш тооны гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, өргөн баривал УИХ-аар хэлэлцэх хуулийн заалттай. Тэгвэл энэ удаа 30 гишүүн нэгдсэн тул Засгийн газрын хувь заяаг УИХ-аар хэлэлцэх нь тодорхой. Үндсэн хуульд “Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор УИХ-д оруулж ирвэл 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн заалт бий.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 38.1-д “Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, санал, дүгнэлт гаргана. УИХ-ын нэгдсэн чуулган 14 хоногийн дотор Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэнэ” хэмээн хуульчилсан.

Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын нэгдсэн чуулган завсарласан үед босож буйгаараа онцлог. Асуудлыг хуулийн хугацаанд багтаан хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлахаас аргагүй. УИХ-ын тухай хуулийн 16.2-т “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар хуралдуулна” гэж заасан.

Засгийн газрыг огцруулах бичигт 30 гишүүн гарын үсэг зурсан, уг бичигтээ ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг шаардаж буйгаа тодорхой тусгасан тул ирэх долоо хоногоос Төрийн ордны “зуны амралт” өндөрлөх бололтой.

Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний зөрчлөөс болж ялсан намын гишүүд Засгийн газраа унагах хор найруулан, тэр нь биеллээ олсон түүх бий боловч үнэмлэхүй олонх байхдаа эрх баригч хүчний гишүүд Засгийн газраа огцруулах санаачилга гарган ийм олуулаа нэгдэж, гарын үсэг зуран албажуулсан тохиолдол өмнө нь гарч байсангүй. Энэ удаагийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа төсөөлснөөс хүчтэй байна.

Засгийн газрыг огцруулахад хамгийн олондоо 39 хүний санал хэрэгтэй. Гэтэл намынх нь 30 гишүүн гарын үсэг зурчихсан байгаагаас харахад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувь заяа тун бүрхэг байна. Сөрөг хүчний ес, МАХН-ын нэг, бие даагч нэг гишүүн хаашаа хандахаас их зүйл шалтгаална.

Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барихад оролцсон УИХ-ын зарим гишүүнээс яагаад ийм шийдвэр гаргасан, Засгийн газрыг огцрууллаа гэхэд дараагийн танхимд орж ажиллах, эсэх талаар асуулаа.

Т.АЮУРСАЙХАН: Ж.ЭРДЭНЭБАТ ТОМИЛОГДСОН ЦАГААСАА ХУУЛЬ ЗӨРЧСӨН

-Яагаад Засгийн газрыг огцруулах ёстой гэж үзэв?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдсон цагаасаа эхлээд Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан шийдвэрийг нь хараарай. Эх орон, ард түмний бус, цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт л үйлчилсэн, эргэж буцсан, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй шийдвэрүүд байгаа.

Сарын өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн энэ Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавьсан. Иймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах саналыг албан ёсоор гаргаж байна.

-Ерөнхий сайд томилогдсон цагаасаа эхлээд Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж ирсэн гэлээ. Тухайлбал...

-Жил гаруйн хугацаанд хэд хэдэн хууль бус үйлдэл гаргасан. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж байсаар байтал Засгийн газар Төсвийн тухай хууль зөрчиж, хүүхдүүдийг ялгаварласан. УИХ-ын сонгуулиар “Монголын төрд шударга ёсыг тогтооно, хариуцлага тооцно. Эрх зүйт төрийг цогцлооно” гэж амласан хэрнээ өнгөрсөн хугацаанд амлалтаа биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа ер явуулсангүй.

Энэ цаг үед Монгол Улсын эдийн засгийг авч яваа ганц аж ахуйн нэгж бол “Эрдэнэт Тавантолгой”. Гэтэл Ерөнхий сайд ажлаа авангуутаа “Эрдэнэт Тавантолгой”-г 400-хан сая ам.доллароор “Шинхуа”-д бүрэн ашиглуулахаар яриа хэлэлцээ хийгээд явж байсныг УИХ таслан зогсоосон. Засгийн газар Оффшорын тухай хууль өргөн барилаа гэтэл тэр нь оффшорчдыг хамгаалсан агуулгатай байв.

Үүнийг нь УИХ засаж, залруулаад батлаад өгөхөөр хэрэгжүүлэхгүй байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Төсвийн тухай хууль, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр зэрэг маш олон хууль, тогтоомж, төсөл, хөтөлбөрийн төслийг ард түмэн, улс орны эрх ашигт бус, цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн боловсруулж, УИХ-д өргөн барьсан.

Энэ Засгийн газрыг цаашид ажиллуулах нь улс орны эрх ашигт хохиролтой. Монгол төр хариуцлагатай, шударга байх ёстой. Алдаа гаргасан, ард түмнийг басамжлан доромжилсон хэн боловч хуулийн хариуцлагаа хүлээх ёстой.

Ж.ЭНХБАЯР: АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛ НАДАД СОНИН БИШ

-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тань ямар шалтгаантай вэ?

-Засгийн эрх аваад нэг жил болоход монгол төгрөгийн худалдан авах чадвар 25 хувиар уналаа. Монгол Улс эдийн засгийн бодлогоо ОУВС-нд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар улсын эдийн засгийг удирдаж чадсангүй. Цэцэрлэг, сургууль эхлэх цаг боллоо. Олон мянган хүүхэд цэцэрлэггүй, сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээр байна.

Гэтэл Засгийн газрын гишүүд 800 тэрбум төгрөгийг концесс нэрээр хувааж аваад, хувийнхаа компани руу эрчим хүч татаж, зам тавьж сууна. Цалин, тэтгэвэр нэмээгүй, сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй, ард түмний амьдралын түвшин доогуур хэвээр байхад Монгол Улсыг барьцаанд тавьж авсан зээлийг Засгийн газрын гишүүд яагаад хувийн компанидаа зарцуулдаг юм бэ.

60 тэрбум төгрөгөөр Монголын төрийг худалдсан шившигт явдал гарлаа. Төрөө мөнгөөр худалддаг болбол монголчуудын төрд итгэдэг үнэт зүйл нуран унана. Энэ бол улсын үндэсний язгуур эрх ашгаас урвасан, төрт ёсыг худалдсан, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Авлига, албан тушаалын энэ мэт бохир үйл ажиллагааг цэвэрлэх цаг нь болсон. Авлигад идэгдэж, гэмт хэрэгжсэн тогтолцоог тас цохиж, эдийн засгаа эрүүлжүүлж, төрөө цэвэрлэж авахгүй бол бид гүнзгий хямрал руу жолоодлогогүй унах болно. Энэ цэвэрлэгээг манай нам л хийхгүй бол өөр улс төрийн хүчин хийхгүй. Тиймээс би санал нэгдэж, гарын үсэг зурлаа.

УИХ-ын 30 гишүүн нэгдэж, гарын үсэг зурна гэдэг асар том хүч бий болсны илрэл. Биднийг дэмжихээ илэрхийлсэн олон мянган гишүүн бий.

-Дараагийн Засгийн газарт таныг Батлан хамгаалахын сайд болно гэсэн яриа гарсан байсан?

-Би сонгогчдод “УИХ-ын гишүүний ажлыг нэр төртэй, амжилттай хийнэ. Шударга бүхний төлөө тэмцэнэ” гэсэн амлалт өгсөн. Тэр амлалт маань хэвээрээ. Албан тушаал, эрх мэдэл надад сонин биш. Авлигын гинжийг тас цохихгүй бол улс оронд аюул учраад буйг л мэдэрч байна. Төр нь төр шиг, нам нь нам шиг, засаг нь засаг шиг байх цаг үеийг бид хүсэж, нэгдэж, тэмцэж байна.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МАНАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН РЕЙТИНГ ОДОО 20 ХУВЬ Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА

-Яагаад Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурах болов?

-УИХ-д 65 суудалтай нам гэдэг уулыг эргүүлж, усыг эрчлүүлэх хүч. Тэр ч утгаараа манай намаас олон нийт хүчтэй реформ хүлээж байсан. Энэ хүлээлтэд манай Засгийн газар хүрч ажилласангүй. Гадаадын улсуудад Ерөнхий сайд, Засгийн газрын рейтинг 50 хувиас доош орвол автоматаар ёс зүйн хариуцлага хүлээж, огцордог. Манай Засгийн газрын рейтинг одоо 20 хувь ч хүрэхгүй байна шүү дээ. Уг нь хөгжсөн нийгэмд бол ингэж нам дотроосоо 30 гишүүн нь гарын үсэг зурж, өргөн барих гэж явахгүйгээр, Ерөнхий сайд өөрөө мэдэгдэл хийж, ард түмнээсээ уучлал гуйгаад огцрох ёстой юм. Ингэвэл хүлээлтэд хүрэхүйц дараагийн баг нь гараад ажлаа хийгээд явна. Энэ бол парламентын засаглалтай аль ч оронд байдаг л жишиг шүү дээ.

Ц.ГАРАМЖАВ: ХЭРВЭЭ ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ САЙДЫН АЖЛЫГ ХИЙНЭ

Компанийг нь дэмжихгүй байгаа учраас огцруулах бичигт гарын үсэг зурна хэмээгээд Ерөнхий сайдын хаалгыг савж гарсан УИХ-ын гишүүний тухай яриа хэд хоногийн өмнө гарсан. Явж, явж, уг ярианы эзэн нь Ц.Гарамжав гишүүн болж таарсан. Түүнээс энэ талаар нь асуухад,

-Гарын үсэг зурсан гишүүдийн эсрэг янз бүрийн яриа гаргана л даа. Түүний л нэг биз. Хэн нэгний бизнесийг дэмжих, эсэх асуудал энд огт хамаагүй. Улс орон, ард иргэдийн эрх ашгийг бодох цаг болсон учраас би энэ бичигт гарын үсэг зурсан.

Дараалсан хоёр сонгуулийн үр дүнгээс ард түмэн бидэнд ямар дүн тавьж буй нь харагдана. Бидний амлалт биелэхгүй, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Тиймээс бид Ерөнхий сайдыг огцруулахаар нэгдлээ.

-Засгийн газрыг огцруулаад дараагийн ээлжийнхэн сайдын суудалд очих гэж байна хэмээн хардах хүн ч бий. Тухайлбал, таны нэр дараагийн Засгийн газарт орж ажиллах хүмүүсийн дунд сонсогдсон?

-Би энэ алхмыг хийхдээ албан тушаал бодоогүй. Хэрвээ шаардлагатай гэвэл сайдын ажлыг ч хийнэ.

Я.САНЖМЯТАВ: 30 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ЭНЭ АСУУДЛЫГ УИХ-ААР ЗАЙЛШГҮЙ ЯРИХ ЁСТОЙ

Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүлээж авсан УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваас УИХ дахь АН-ын бүлэг болон хувь гишүүний байр суурийг нь сонслоо.

-МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал өргөн барилаа. АН-ын бүлэг уг асуудлаар санал солилцсон уу?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд санаачилж, өргөн барилаа. Манай намын бүлгийнхэн энэ асуудалд ямар байр суурь баримтлах талаараа хуралдаж, ярилцаагүй байна. Асуудлыг УИХ-аар хэлэлцэх болбол бүлэг хуралдаж, ярилцах байх.

-Засгийн газрыг огцруулах тухай гишүүдийн бичгийг хүлээж авах хүн танаас өөр байсангүй юү?

-УИХ-ын дарга М.Энхболд эмчийн чөлөөтэй, дэд дарга Ц.Нямдорж ээлжийн амралттай байгаа. Тиймээс би УИХ-ын даргыг орлож, энэ бичгийг нь хүлээж авах үүрэг хүлээлээ.

-Цаашид асуудал хэрхэн өрнөх бол?

-М.Энхболд даргатай холбоо барьж, үүсээд буй нөхцөл байдал, УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн барьсан тухай ярилцана. Цаг хугацааны асуудал, хэрхэн яаж шийдэх тухайгаа зөвлөлдөж байж шийднэ. 30 гишүүн гарын үсэг зурсан тул энэ асуудлыг УИХ-аар зайлшгүй ярих ёстой.

-Та хувьдаа Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа юу?

-Манай Засгийн газар өмнө нь Ерөнхий сайдаа огцруулж, нэлээд хүнд цаг үеийг туулсан. Энэ удаад МАН-ын гишүүд Засгийн газартаа дүн тавьж байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол олон нийтийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаанд тавьсан дүн байх. Гэхдээ хүнд цаг үед ажлаа хийж байгаа Засгийн газрыг муулж, сайлж яримааргүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай