Танилц: Чөлөөт бөхийн дэлхийн ШИНЭ АВАРГА Пүрэвдоржийн Орхон

Францын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий 63 кг-д гялалзтал барилдсаар түрүүлсэн хүн бол Монголын Пүрэвдоржийн Орхон. Ингээд түүнийг танилцуулья.

1. Пүрэвдоржийн Орхон гэж хэн бэ

П.Орхон долоон хүүхэдтэй айлд төрж өссөн. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд буюу Зул сарын баярын өдрөөр төрсөн юм. Энэ жил 24 хүрэх П.Орхон 162 см өндөртэй.

2. Их спортод хөл тавьсан нь

Тэрбээр нэгдүгээр ангид ороод шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлсэн гэдэг. IV ангидаа хот руу шилжээд тэшүүрээр хичээллэж үзсэн байна. 

3. 79 дүгээр сургууль

Олимп, дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжиж, тэндээ арван жилээ төгссөн юм. Энэ сургуулиас олимпын аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төрж гарсан билээ. Тэр тусмаа С.Цэрэнчимэдтэй нэг ангид суралцаж, төгссөн түүхтэй.

4. Ц.Хосбаярын шавь

Тэрбээр 14 настайгаасаа хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн. Түүний анхны багш нь "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр. 

5. Каори Ичог сөхрүүлсэн МОНГОЛ

Тэрбээр 2016 онд олимпын гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Япон бүсгүй 2003 оноос хойш ялагдал гэгчийг "мартаад" байсан босоо аварга билээ. 13 жилийн турш үргэлжилсэн ялагдаагүй амжилтдаа цэг тавьсан ч үнэхээр босоо аварга гэдгээ Ичо баталж, Риогийн олимпоос дөрөв дэх түрүүгээ хүртсэн.

6. Найз залуу

Түүний найз залуу мөн бөх. Н.Лхамгармаа бол "Алдар" спорт хорооны тамирчин. Бас энэ жилийн ДАШТ-д улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдөх юм. Лхамгармаа Армийн дэлхийн аварга, манай залуу, шилдэг бөхчүүдийн нэг.

7. Риогийн олимпод өрсөлдсөн

Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн болоход П.Орхон 58 кг-д олимпын эрх авчирсан юм. Энэ болзол нь чөлөөтийн найм дахь, манай тамирчдын 16 дахь эрх байлаа.

8. Олимпод ялагдсан туршлага

К.Ичог ялснаас хойш монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхааралд өртөж чадсан П.Орхон харамсалтай нь, Риогийн олимпод санасандаа хүрч чадаагүй. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Валерия Кобловад ялагдаж, шагналт долдугаар байр эзэлсэн юм.

9. ДЭЛХИЙН АВАРГА

Пүрэвдоржийн Орхон эцэст нь санасандаа хүрч дэлхийн медальтан болов. Манай улсаас чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон бөх ховор. Дэлхийн хошой аварга З.Ойдов, С.Батцэцэг, дэлхийн аварга Х.Баянмөнх, С.Цэрэнчимэд гээд нийт зургаан алтан медалийг дөрвөн хүн л эзэмшдэг байсан бол одоо Монголоос дэлхийн аварга тодорсон долоо дахь алт, тав дахь тамирчин нь П.Орхон болов. Эмэгтэй бөхчүүд 2005 оноос хойш дэлхийгээс медальтай ирэх болж, түүнээс хойш төрсөн гурав дахь дэлхийн аварга юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

Илгээх

Энэ тухай