Ким Жөн Ун цэргийн ангид нууцаар очжээ

Ким Жөн Ун цэргийн ангид нууцаар очжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хоёр Солонгосын хилийн ойролцоо байрлах цэргийн ангид энэ сарын эхээр нууцаар очжээ. Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр хилээс ердөө нэг км-ийн зайтай орших цэргийн ангид удирдагч нь очсон тухай БНАСАУ-ын телевиз мэдээлээгүй байна. Ингэж нууцаар очих нь ховор бөгөөд Сөүлийн эсрэг цэргийн өдөөн хатгалга хийхээр Пхеньян бэлтгэж буйн нотолгоо байж болзошгүй хэмээн Өмнөд Солонгосын тагнуулчид таамаглажээ.

Солонгосын хойгийн байдал түгшүүртэй хэвээр. Энэ долоо хоногийн даваа гаригт эхэлсэн БНСУ, АНУ-ын цэргийн “Ulchi - Freedom Guard­ian” сургуулилалтыг Умард Солонгос дайсагнасан үйлдэл хэмээгээд, “Өршөөлгүй өшөө авалт, шийтгэлээс тэд зайлсхийж чадахгүй” гэж мэдэгджээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэдэгдсэнээр “Уг сургуулилалт нь батлан хамгаалах зорилготой, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг дэвэргэхэд чиглээгүй” аж.

БНСУ-ын талаас өнгөрсөн жилийнхтэй адил 50 мянга, Америкаас 17500 орчим хүн оролцож байгаа нь өмнөх жилийнхээс 7500-аар цөөн байна. Өнгөрсөн ням гаригт Умард Солонгосын “Nodong Sinmun” сонинд “Цэргийн уг сургуулилалтыг гал дээр тос нэмсэн хэрэг болж, байдлыг улам хурцатгаж байна” хэмээн бичжээ.

Байдал ийн түгшүүртэй байхад цэргийн сургуулилалт хийж буйд түгшсэн Америкийн Гуам арлын зарим оршин суугч Умард Солонгосоос пуужин харваж болзошгүй хэмээн бэлтгэж байна. Айж, түгших шаардлагагүй хэмээн мэдэгдэж буй ч тэд хүнс нөөцлөн, цонхны шил хамгаалах хэрэгсэл худалдан авч байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай