Б.Сайнцогт: Эхнэрээсээ авсан бэлэг хамгийн гоё нь

Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанаас уран бүтээлийн гараагаа эхэлж, уянгалаг хайрын дуунуудаараа олонд танигдсан “Мотив” хамтлагийн дуучин Б.Сайнцогтын 32 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

2003 онд ангийнхаа хөвгүүдтэй нийлэн “Мотив” хамтлагаа байгуулсан тэрбээр өдгөө олон хит дууны эзэн болжээ. Сонирхуулахад, ирэх есдүгээр сард энэ хамтлагийнхан хоёр ч шинэ цомгоо сонсогчдодоо хүргэнэ. Түүнээс төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар нь сонирхлоо.

-Та төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө л тэмдэглэдэг дээ. Урлагийн ажил хийдгийн буянаар танил, найз нөхөр ч нэмэгдэж байна. Тиймээс энэ өдрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхийг хүсдэг.

-Санаанаас тань гардаггүй төрсөн өдрийн баярын тухай дурсамжаас хуваалцаач?

-Багадаа тэмдэглэсэн төрсөн өдрүүд хамгийн тод санагддаг юм уу даа. Би зургаан хүүхэдтэй айлын нэг нь. Тиймээс төрсөн өдрийг минь хөл хөөртэй, олуулаа бужигнаж тэмдэглэдэг байлаа. Аав, ээж минь биднийг дагуулан явж, Хүүхдийн паркад тоглуулдаг сан. Сүүлийн таван жил төрсөн өдрөө аль болох нижгэр тэмдэглэхийг хичээдэг болсон. 30 насныхаа төрсөн өдрийг рок попын ах, эгч нартайгаа тэмдэглэсэн. Тэр өдрийг бас мартдаггүй.

-Ямар бэлэг авах дуртай вэ?

-Тайзан гардаг болоод ч тэр үү, нүдний шил, цаг гэхчлэн гоёл чимэглэлийн зүйлс бэлэглэвэл баярладаг.

-Тэгвэл энэ өдөр авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?

-Хоёр жилийн өмнөх төрсөн өдрөөрөө эхнэрээсээ авсан бэлэг хамгийн гоё нь. Би дэлгүүрт их гоё гутал харсан юм. Түүнийгээ эхнэр, найз нөхөд, хэнд ч хэлээгүй. “Дараа нь авна даа” л гэж бодоод өнгөрсөн. Гэтэл яг тэр гутлыг надад бэлэглэсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай