У.Хүрэлсүхийг Шадар сайдаас чөлөөлж амжих уу

Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 30-д хүрээд байгааг эх сурвалж өгүүлэв. Энэ нь зөвхөн МАН-ын гишүүд гэнэ. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 19 нь Засгийн газрыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэх хуультай.

Тэгэхээр чухам хэн хэн гарын үсэг зурав хэмээн эрэн сурвалжлах нь илүүц биз. Хэн гэдэг гишүүний албан маягт дээр хэн хэн гарын үсгээ үлдээснийг санаачлагчид нь шууд ил болгоогүй, ерөнхийдөө нууцлах маягтай байгаа ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эл асуудлаар ээлж дараалан байр сууриа илэрхийлж буй.

Цаашлаад хэн нь хэний хүн болох, аль фракцад харьяалагддагаас авахуулаад нийгмийн сүлжээнд ямар мэдээлэл хуваалцав, үзэл бодлоо хэрхэн илэрхийлэв зэргээс нь хүртэл Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан, эсэхийг нь гадарлаж болохоор байна. Юутай ч Ардын намынхан Засгийн газраа унагах ажиллагааг албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болжээ гэж ойлгоход хүрэв.

Харин тэд саналаа хэзээ өргөн барих бол. Өнөөдөр, эсвэл маргааш уу. Ирэх аравдугаар сарын 2-нд нээлтээ хийх намрын ээлжит чуулганыг хүлээх үү. Намын гүйцэтгэх төв байгууллага Удирдах зөвлөлөөс нь Бага хурлаа ирэх сарын эхний арав хоногт багтаан хуралдуулж, улмаар Их хурлаа товлон зарлах нь нэгэнт тодорхой болоод байхад Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулах “хөдөлгөөн”-өө зогсоогоогүй нь энэ ажлыг хойш тавихгүйн илрэл.

Одоогийн дарга нь албаа өгөхөө мэдэгдэж, Их хурлаас намын удирдлага шинэчлэгдэх атал өөрийн төдийгүй улс төрийн бусад хүчин, иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөн байж ийм алхам хийсэн нь тэдний яарч буйг илтгэнэ. УИХ-ын сонгуулийн дүнд байгуулсан Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас болж огцруулахгүй гэж Удирдах зөвлөлийн түвшинд олонх нь санал нэгдсэн талаар нэг бус хүн хэлж байгаа ч гарын үсэг зурсан нөхөд галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэж үзэж байгаа бололтой юм.

Ээлжит чуулган эхэлтэл сар гаруйн хугацаа байна. Ерөнхийдөө тэр болтол “Зай ч байна, лай ч байна” гэж үзэж буй нь илт. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээших нь шаардсан тохиолдолд ээлжит бус чуулган зарлаж болно. Дээр “баг” болсон 30 гишүүн “гуравны нэгээс дээших” гэсэн шаардлагыг түвэггүй хангана гэсэн үг. Үүний зэрэгцээ төсвийг тодотгох үүднээс АН-ын бүлгийнхэн ээлжит бус чуулган зарлахыг удаа дараа шаардаж буй.

Нөгөө талаас, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэн, санал, дүгнэлт гаргах ёстой. Улмаар нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг долоо хоногийн дотор хэлэлцэн, огцруулах, эсэхийг шийдэх ёстой.

Өөрөөр хэлбэл, тэд Засгийн газрыг огцруулах саналаа ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай хамтатган өргөн бариад ч болов ухасхийхэд нэгэнт бэлэн болж. Улс төрд өрнөж буй өнөөгийн үйл явцыг АН-ынхантай онь холбосон ажиллагаа болж байна гэх нэгэн ч таарлаа. Энэ тохиолдолд УИХ түүнийг нь дэмжихэд (Нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонх нь буюу ердөө 39 гишүүн оролцож, тэдний 50-иас дээш хувь буюу 20 нь санал өгөх) л Засгийн газар унана.

Ингэвэл У.Хүрэлсүх Шадар сайдын суудлаас сайн дураараа буусан улстөрч бус, Ардын намынхны өөрсдөө унагасан анхны Засгийн газрын танхимын гишүүн болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, түүнийг Шадар сайдаас чөлөөлж амжих, эсэх нь эргэлзээтэй болж ирнэ. “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй тул тантай хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.

Таны явуулж буй бодлого, үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургүйцлийг төрүүлж буй “60 тэрбум”-ын гэх хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд харшилж байна.

Иймд тантай хамтран ажиллахаас татгалзаж, Засгийн газрын гишүүн, Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Мөн Ж.Эрдэнэбат таныг цаашид Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Миний бие Монгол төр, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө цаашид ч тэмцэх болно” хэмээсэн түүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд УИХ-д оруулсан тохиолдолд хэлэлцэх учиртай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай