Мароккочууд халдлагын гол хүч болж байна

Мароккогийн хаан VI Мухаммедийн өршөөсөн 415 хоригдлын дунд террорист халдлага үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс бий гэнэ. Түүний гаргасан шийдвэр Европоос эмгэнэлт мэдээ тархсан цаг хугацаатай давхацжээ. Испани, Финландад болсон террорист халдлагыг мароккочууд үйлдсэн юм.

Үндэсний баяр болох хувьсгалын 64 жилийн ойн баярыг тохиолдуулан Мароккогийн хаан хоригдлуудад өршөөл үзүүлсэн аж. Хоригдлууд хэт давруу үзлээсээ татгалзахаа мэдэгдэж, улсынхаа үзэл баримтлалыг дагахаа нотолсон гэнэ.

Барселона, Камбрильс хотод болсон халдлагын мөрдөн шалгалтын урьдчилсан дүнг Испанийн эрх баригчид мэдээлсний маргааш Мароккогийн хаан өршөөл үзүүлэх тухай зарлиг гаргасан байна. Эдгээр халдлагыг зохион байгуулагч, гүйцэтгэгч нь Марокко гаралтай Абдельбаки ас-Сатти. Тэрбээр Испанийн Каталоны өөртөө засах орны Риполь хотын сүмийн хамба лам аж.

Тэнд мароккочууд гол дуу 500 орчим хүн цугладаг. Барселона хотын жуулчны гол объектуудад халдахаар бэлтгэж байсан 12 террористын олонх, тэрчлэн өнгөрсөн долоо хоногт Лас-Рамблас гудамжинд 14 хүнийг дайрсан бүхээгтэй машины жолооч нь тус улсаас гаралтай этгээд байв. Дараа өдөр нь Финландын Турку хотод хүмүүс рүү хутга барин дайрч, хоёр хүний аминд хүрч, найман хүнийг шархдуулсан Абдул Рахман ч бас Мароккогийн харьяат.

Эдгээр аймшигт хэрэг шинжээчдийг Европт урьд болсон халдлага, тэдгээрт Марокко улсаас гаралтай хүмүүсийн гүйцэтгэсэн үүрэгт анхаарлаа хандуулахад хүргэжээ. Тодруулбал, 2004 оны гуравдугаар сарын 11-нд Мадридын төмөр замын Аточа буудалд дөрвөн вагон дэлбэлсэн. Энэ нь Испанийн түүхэнд хамгийн олон буюу 191 хүний аминд хүрч, 1500 орчим хүнийг шархдуулсан цуст халдлагад тооцогддог.

“Мароккогийн исламын дайчдын бүлэглэл” гэдэг байгууллага уг хэргийн хариуцлагыг хүлээсэн. Тус улсаас гаралтай хүмүүс 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парист үйлдсэн халдлага (130 хүн амь үрэгдсэн)-д гол үүрэг гүйцэтгэжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд Бельгийн нийслэлийн нисэх буудал, метроны өртөөнд амиа золиослогчид мөн л мароккочууд байв.

2014 онд “Исламын улс” бүлэглэл Сири, Иракт хүчээ авч байх үед Мароккогийн Дотоод хэргийн сайд Мохаммед Хасадын мэдээлснээр, Ойрхи Дорнод дахь босогчдын эгнээнд 3000 гаруй иргэн нь тулалдаж байжээ. Энэ тоонд тус улсын иргэд болон Европт аж төрж буй мароккочууд багтсан байна. “Исламын улс”-ын эгнээнд тулалдаж буй гадаадын босогчдын дунд тэд тунисчүүдийн дараа хоёрдугаарт ордог гэнэ.

“Исламын улс” бүлэглэл устсаны дараа босогчид нь “ариун дайн”-аа үргэлжлүүлэхээр эх орондоо эргэн ирнэ хэмээн Мароккогийн эрх баригчид болгоомжилж байна. Харин шинжээчдийн үзэж буйгаар тэд хууль, хяналт чанга улсаа бус Европыг зорино. Тэнд мароккочууд олон учир “шингэхэд” хялбар аж.

Арабын бусад улсын адил Мароккод ял эдэлж буй босогчдыг хүмүүжүүлэх “чанга” хөтөлбөр хэрэгждэг гэж ОХУ-ын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн Стратеги болон олон улс судлалын төвийн захирал Леонид Фитуни тайлбарлажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай