Ирак АНУ-аас нөхөн төлбөр шаардлаа

Ирактай дайтаж байх үед химийн зэвсгийн цохилтод өртөн амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, хохирогчдод 245 сая доллар төлөхийг Иран улс АНУ-аас шаардлаа. Иран, Иракийн дайны үед Ерөнхийлөгч Саддам Хусейнийг дэмждэг байсан АНУ-аас ийм нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг Ираны шүүх гаргасныг “Fars” агентлаг уламжлав. Ираны шүүхийн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, хохирогч болох 18 хүн, тэдний дотор амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийн мэдүүлсэн заргын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.

1980-1988 онд болсон Иран, Иракийн дайнд 1.5 сая хүн амь эрсэдсэн юм. Энэ хугацаанд хэдэн арван хот сүйдэж, Иракт 200, Иранд 400 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Дайн хийсэн ч хоёр тал улс төр, стратегийн зорилгодоо хүрч чадаагүй. 1987 онд Ираны Сердешт хотод Иракийн нисэх хүчин хорт хий бүхий бөмбөг хаясны улмаас 10 хүний амь үрэгдэж, 600 хүн хорджээ.

Энэ дайны үед Америкаас Иракт хими, биологийн зэвсэг нийлүүлсэн тухай илтгэлийг 1994 онд АНУ-ын Конгрессын Сенатын танхимд танилцуулсан байна. Үүнийг 2002 оны есдүгээр сард Пентагоны тэргүүн Дональд Рамсфелд эрс няцааж, “АНУ-ын Засгийн газар, эсвэл компани Иракт хими, биологи болон цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд тусалсан тухай мэдээлэл байхгүй” гэж мэдэгджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай