Б.Жаргалсайхан: Манай киног МҮОНТ, Хятадын төв телевизээр зэрэг гаргана

Б.Жаргалсайхан: Манай киног МҮОНТ, Хятадын төв телевизээр зэрэг гаргана

Монгол, Хятадын уран бүтээлчид хамтран Чингис хааны тухай олон ангит кино бүтээхээр болжээ. Тус киноны Монголын талын продюсероор Гавьяат жүжигчин, найруулагч Б.Жаргалсайхан ажиллах гэнэ. Түүнээс эл уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.

-Хоёр улсын уран бүтээлчид хамтран кино бүтээх талаар сонслоо. Өнгөрсөн сард уран бүтээлчдийн төлөөлөл уулзсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Жил гаруйн өмнөөс эл төслийг хэрэжүүлэхээр зорьж, БСШУСЯ-ы яам болон БНХАУ-ын Хэвлэл мэдээлэл, радио, телевиз, киноны яаманд хүсэлт тавьсны дагуу, дэмжлэг үзүүлэхээр боллоо. Өнгөрсөн долдугаар сарын 26-нд Бээжин хотод эхний уулзалтаа хийсэн. Эл кинонд Чингис хааныг төрсөнөөс авахуулаад 1206 он хүртэл буюу Их Монгол улсыг байгуулсан хүртэлх түүхийг өгүүлнэ.

Ирэх есдүгээр сарын эхээр бид дахин Бээжинд уулзана. Чингис хааны түүхийг Монгол төдийгүй дэлхий дахинд мэддэг болоод буй. Энэ киног үзэгчдэд хүргэснээр бид түүхээ сурталчлахаас гадна Монголын кино урлагийн түвшин хэр явааг харуулж, гадаадын бусад улсын уран бүтээлчидтэй хамтран ажииллах жим гаргах зорилготой.

-Киног хэн найруулах вэ?

-Хятадын нэрт найруулагч Нин Цай найруулна. Киноны уран бүтээлчдийн 60 хувийг монгол, үлдсэн хувьд хятадын уран бүтээлч байна. Тодруулбал, киноны гол дүрүүд, зураач, тэр дундаа хувцас, жижиг хэрэглэлийн зураачаар манайхан голлон ажиллана.

-Киноны зохиолыг хэн бичиж байгаа вэ?

-Зохиолыг ӨМӨЗО-ы зохиолч бичнэ. Түүн дээр нь манай улсын түүхчид зөвлөхөөр ажиллана. Түүхэн үйл явдлын маргаан, алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Тиймээс энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачидтай хамтрах юм. Харин киноны хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчоор бичүүлэхээр болсон. Ингэж хоёр талын уран бүтээлчид хамтран ажиллах юм.

-ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн бүтээсэн, 30 ангит “Чингис хаан” киног Монголын үзэгчид андахгүй. Тус киноны гол дүрд нэрт жүжигчин Д.Баасанжав тоглосныг ч мэднэ.

Харин танай киноны гол дүрийг хэн бүтээх вэ. Дүрүүдийг хэзээ, хэрхэн сонгон шалгаруулах вэ?

-Кинонд Чингис хааны Их Монгол Улсыг байгуулсан үе буюу 44 настай үеийг өгүүлнэ гэж түрүүн хэлсэн. Тийм болохоор 35-40 настай жүжигчин байх болов уу. Ямар ч байсан Чингис хааныхаа дүрд Монгол жүжигчин тоглуулна. Хятадын талтай ч тэгж тохиролцсон. Дүрүүдэд тоглох жүжигчдийг ирэх оны дөрөвдүгээр сараас нээлттэйгээр сонгон шалгаруулна.

-Киноны зургийг хэзээ авч эхлэх бол. Хаана авахаар төлөвлөж байгаа бол?

-Ирэх оны есдүгээр сараас авч эхэлнэ. Жилийн дөрвөн улирал дамнан авах юм. Зургийг тухайн түүхэн үйл явдал болсон яг тэр газарт нь очиж авна. Тэгэхээр ихэнх зургийг манай улсад авна гэсэн үг.

-Хэзээ үзэгчдийн хүртээл болгох юм бэ. Энд гаргах уу, эсвэл Хятадад уу?

-Киног ирэх 2019 оны сүүлчээс үзэгчдэд хүргэж эхэлнэ. МҮОНТ болон CCTV буюу Хятадын төв телевизээр зэрэг гаргана. Дэлхийн олон оронд гардаг Хятадын төв телевизээр манай уран бүтээл гарах болсонд маш их баяртай байгаа. Чамлахааргүй амжилт гэж бодож байна.

-Эл кинондоо та продюсероос гадна дүр бүтээх үү?

-Монгол талын бүх уран бүтээлчээ хариуцан продюсероор ажиллах болохоор дүрд тоглох боломж гарахгүй байх. Гэхдээ үүнийг би мэдэхгүй шүү дээ. Найруулагч л шийднэ. БНХАУ, Япон, ОХУ гээд олон улсын уран бүтээлчид Чингис хааны тухай кино хийсэн.

Гэхдээ эх түүхийн эзэд бид өөрсдөө анх удаа Их хааныхаа тухай олон ангит кино бүтээх гэж байна. Тиймээс хариуцсан ажлаа цалгардуулж, өөр зүйлд анхаарлаа хандуулж болохгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай