Б.Мөнхбаатар: Дахиад хүн төрлийг олбол мөн л уртын дуучин болно гэж итгэдэг

Б.Мөнхбаатар: Дахиад хүн төрлийг олбол мөн л уртын дуучин болно гэж итгэдэг

Уртын дуучин, бөх цоллооч Б.Мөнхбаатарыг бага байхад аав нь “Алдарт дуучин Мөнхбаатарыг урья” хэмээн зарлаж, дуулуулах их дуртай байж. Аавыгаа 60 шахсаны дараа, ээжийгээ 40 хол гарсан хойно төрсөн хэнз хүү нь эцгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж, дуучин болоод зогсохгүй Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг наадмын өмнө хүртсэн.

Долоон хүү, зургаан охинтой айлын дороосоо хоёр дахь нь тэрбээр гэрийнхнээсээ ганцаараа их сургууль төгсөж, бас мэргэжлийн дуучин болох хувь ерөөлтэй байж.

“Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Бат-Өлзийн Мөнхбаатартай ярилцсанаа хүргэе.

-Гавьяат жүжигчин болсноосоо хойш анх удаа уншигч, сонсогчидтойгоо уулзаж байгаа учраас юуны өмнө танд халуун баяр хүргэх нь зүйтэй. Гавьяат болсон тухайгаа анх хэрхэн мэдсэн бэ. Ээждээ хэзээ дуулгав?

-Та бүхэнд их баярлалаа. Долдугаар сарын 8-ны үдэш 22.00 цаг өнгөрч байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас над руу утасдсан юм. Тэгээд хөдөө байгаа ээждээ шууд дуулгасан. Миний ээж Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт амьдардаг юм. Зулай зулайгаа гишгэж төрсөн ах дүүс минь бүгд тэнд аж төрдөг.

Намайг Гавьяат болсныг дуулаад тэр шөнөдөө ээж мотоциклын ард суугаад сумын төв орсон байгаа юм. Маргааш нь үүрээр хот руу гарч, морин цагаас өмнө Сүхбаатарын талбай дээр ирнэ гээд зорьсондоо хүрсэн дээ (инээв).

Яг шагнал авах мөчид “Монгол уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн...” гээд зарлиг уншихад их сайхан санагдсан. Төрийн ордноос гараад иртэл миний ээж талбай дээр хүүгээ хоёр цаг орчим хүлээснийг хараад бүр ч их баярлаж, огшсон.

Манай сумаас Гавьяат жүжигчин цол хүртсэн анхны хүн нь би болж байгаа юм. Хүмүүс сая ээжийг минь “Та Гавьяат жүжигчин хүү төрүүлсэн байна шүү дээ” гэхээр “Бурхан өршөөг, Төрийн сүлд минь ивээг” гэхээс өөр зүйл хэлээгүй. Миний ээж сургууль соёлоор яваагүй, насаараа мал дагасан, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн жирийн л нэг хүн бий.

-Хөдөө мал дээр байсан хүн яаж СУИС-д элсэж, мэргэжлийн уртын дуучин болсон тухайгаа сонирхуулахгүй юү?

-Цэргээс ирээд, хөдөө мал малладаг, сумын заан цолтой, хааяа ноцолдчихдог, гэхдээ айхтар сүрхий байгаагүй ээ, аманд гардаг тийм л хүн байлаа. Нэг удаа барилдаж байгаад тохойгоо гэмтээчихсэн юм. Гэтэл манай сумын уугуул, улсын начин Баттулга ах “Чи ерөөсөө ингэж байхаар дуучин болохыг бод” гээд намайг Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг багш дээр авчирч, шалгуулсан. Ингээд азаар ч гэх юм уу, заяа төөргөөр ч гэх юм уу, шалгалтад нь тэнцэж, СУИС-ийн эчнээ ангид орсон доо.

Намайг уртын дуунд дурлуулж, дуулах эрдэм ухааныг заасан хүн бол Ц.Чулуунцэцэг багш. Гавьяат жүжигчин Ө.Базарбат багш надад дуулахдаа амьсгаагаа хэрхэн хуваарилах тухай их юм зааж өгсөн ачтан. Оюутан байхаасаа “Түмэн Эх” чуулгад орж, 11 жил ажиллажээ.

Энэ сайхан чуулгаас ажлын гараагаа эхэлж, тэндхийн мундаг дуучдаас бас их зүйл сурсан. Ер нь энэ мэтээр дуулах гээд үзээд л байна. Өнөө ч сэтгэлд хүрэх, хүрэхгүй зүйл байх юм. Уртын дууны ухааныг ойлгох гэж айхтар юм байна шүү.

-Нээрээ л уртын дууг зөвхөн хоолойны сайнаар бус, ухааны ураар дуулдаг байх?

-Хамгийн гол нь тэр. Дуучин болохоосоо өмнө эхлээд хүн шиг хүн байж сурах хэрэгтэй гэж би боддог. “Хүний сайн сайхан талыг нь олж хардаг байгаарай. Худал хуурмаг явж болохгүй шүү” гэж аав, ээж минь ч захидаг байсан. Намайг бусадтай жөтөөрхөж, амьтны урдуур, хойгуур гүйж, алдар нэр хөөцөлдөж яваагүйг 10-аад жил хамт ажилласан нөхөд минь мэднэ.

“Би тийм тийм оронд дуулаад ирлээ, ийм амжилт гаргалаа” гэж сагсагнахыг хүсдэггүй юм. Би эрийнхээ сайнд биш, нутаг усны хишиг, ахан дүүсийн минь ерөөл залбирал, уртын дууны буян, Монгол бөхийн босоо цагаан хийморь түшсэний ачаар л өдий зэрэгтэй яваа.

-“Уртын дуу дуулахаар сэтгэл их сайхан болдог” гэж та нэгэнтээ хэлсэн байсан. Сэтгэл зөөлөрч, уужуу тайван болдог юм уу?

-Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилнэ. Уурлаж бухимдах, өвдөж зовох, хөөрч баярлах үе бишгүй. Тэр болгоны аясаар дагаж холбироод байвал хэцүү. Уртын дуу дуулдаг хүний сэтгэл арай л өөр шүү. Дээр үед нэг хүн “Ийм сайхан дуулдаг хүн яаж муу санаатай байх юм бэ” гэж дуу алдсан гэдэг.

Тэр хүний сайных гэхээсээ илүү дуу нь өөрөө сэтгэлийг нь засаад байгаа хэрэг юм. “Хүний газар ийм хэцүү шүү, хүлээн байж дасаарай” гэдэг ч юм уу, эсвэл “Ийм тийм сайхан байх болтугай” гэхчлэн ерөөсөн, эс бөгөөс “Саруул тал ийм шүү, шавар намагтай байж мэднэ болгоомжил, хүний сайн, мууг чи гаднаас нь хараад мэдэхгүй” гэх мэтээр амьдралын үнэнийг таниулсан ямар гоё үгтэй билээ.

Ер нь уртын дуу дуулах, сонсох хэчнээн сайхан гээч.

-Нутаг нутгийн уртын дууны онцлог, дэг сургуулийг өвлөн тээж буй цөөн хэдэн хөгшнийг төр, засаг, урлаг соёлын байгууллагууд хайхрахгүй, мэддэг чаддаг зүйлийг нь авч үлдэхэд анхаарахгүй байгааг шүүмжилдэг.

Өнөө хөгшчүүл нь борог бааздуухан амьдарсаар насан эцэслэхэд хүрдэгтэй та ч санал нийлэх биз?

-Тийм ээ. Уртын дууг ойлгох манай залуусын хандлага жаахан өнгөц байна уу даа гэж боддог. Монгол уртын дуу гэхээр найранд дуулагддаг, хөдөө байдаг хөгшчүүлд хамаатай зүйл гэж ойлгодог шиг байдаг. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Гадаадад амьдарч буй монголчууд “Эр бор харцага”-ыг сонсохоороо яагаад хөгшин, залуугүй аньсага чийгтүүлэн, “Нутаг орондоо хурдан очих юмсан” гээд гэгэлздэг байх нь вэ.

Тэгэхээр уртын дуу бол монгол хүн бүрийн дотоод мөн чанарт ойр зүйл байх нь. Тиймээс монголчууд бид л энэ ховор өв соёлоо хайрлаж, хамгаалах учиртай. Жишээ нь, нэг уртын дууг боржигон аялгуугаар дуулдаг хөгшин байлаа гэхэд мэнд сэрүүн дээр нь очиж уулзаад, тэр дэгийг нь бид өвлөж үлдэх нь их чухал.

Үнэхээр зориод очвол тэр хүн баярлаад л мэддэг, чаддаг бүхнээ хэлээд өгдөг юм шүү дээ. Тэгж авч үлдэж чадахгүй, тэр хүнтэй хамт үнэт өвөө үгүй хийгээд байвал хайран аа.

-Таныг энэ талаар багагүй чармайж, сэтгэл гаргаж явааг мэднэ. Нэг байгууллагад харьяалагдан, мөрөөрөө цалингаа аваад явалгүй, ийш тийш явдал суудал болж, архив ухах зэргээр өөртөө “түвэг уддаг” нь цаанаа шалтгаантай биз?

-Анзаарсан бол би зохиолын дуу огт дуулж байгаагүй. Миний чин хүсэл эрмэлзэл бол уртын дууг уламжлалт хэлбэрээр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх. Тэр дундаа нутаг нутгийн дэг сургуулийн онцлогоор нь хадгалж үлдээхийг хүсдэг. Мөн ардын дууг мартагдсан хэлбэрээр нь дуулж, түмэнд хүргэхийг боддог.

Цаашлаад үе үеийн олон сайхан гайхамшигтай дуучдын гаргасан жимийг илүү тодруулж, уртын дуугаа дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх сэн гэж хичээдэг юм. Тиймээс зардал мөнгөө яаж ийгээд зохицуулж, олон улсын уралдаан тэмцээнд оролцдог. Хүн ер нь өөрийгөө “зовоож”, даахынхаа хэрээр ачаа үүрч сурах хэрэгтэй. Хүүхдүүдээ унтсаны дараа би шөнө хоёр цаг өнгөртөл сууж, уртын дууны холбогдолтой юмнуудаа “нухдаг”.

Нэг түүх дэлгэхэд, 2004 онд би төрсөн бууцан дээрээ очиж мөргөөд, замын “Фургон”-д суун, Их-Уул сумаасаа гарч байв. Намайг анх сургуульд ороход аавын минь хийж өгсөн улаан модон авдарт жаал жуул юмаа хийж үүрээд, Улаанбаатар хот руу гарсныг манай сумынхан мэднэ. Хотод таньж мэдэх хүнгүй учраас багшийнхаа хажуу өрөөнд амьдардаг байлаа. СУИС-ийн төлбөр нэлээд өндөр тул мөнгө хэрэгтэй болно.

Тиймээс “Барс” зах дээр ногоо, ачаа зөөж, “Нарантуул”-д хивсний лангуутай хүнд тусалж, барааг нь зарж өгөх зэргээр төлбөртөө нэмэрлэнэ. Энэ бол бодит амьдрал. Харин өнөөдөр би уртын дууныхаа буянаар хүнээс нэг их дутахгүй сайхан амьдарч байна. Тиймээс уртын дууг хэзээд шүтэн дээдэлж явна.

Манайд очоод үзвэл Монголын мундаг уртын дуучдын бүх зураг бий. Би судлаач биш, гэхдээ өөрийнхөө хэмжээнд уртын дууг нэлээд хэдэн жил судлалаа. Хэрэв залуус сонирхоод үзье гэвэл надад уртын дууны олон цуглуулга бий.

-Танай хүүхдүүд уртын дуу сонсдог уу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Багад нь уртын дуу их сонсгодог байлаа. Одоо зарим нь том болоод уртын дуу сонсох тийм ч дуртай биш болсон. Манай нэг охин намайг гэртээ уртын дуу тавихаар гараад явчихдаг юм (инээв). Хүн хүний сонирхол өөр юм даа.

Хүүхдээ би заавал шахах албагүй. Бусад нь уртын дуу сонсоно, зарим нь дуулдаг. Хэрэв дуучин болбол уртын дуу л дуулаасай гэж боддог. Хэрэв би хойд төрөлдөө хүн болж төрвөл дахиад уртын дуучин болно гэж итгэдэг.

-Сая нутагтаа очихдоо дуулсаар байгаад ирэв үү. “Сайхан дуулдаг хүн хангай дэлхийг баясгадаг” гээд хөдөө хээр хүмүүс дуулуулах дуртай байдаг шүү дээ?

-(Инээгээд) Тэгсээн. Миний ээж, ах, дүү нар маань намайг дуулуулах их дуртай. Өөрсдөө ч сайхан ая барьчихдаг, дуучин болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэднийхээ бахархал нь би юм. Хөдөө байхдаа эхлээд сумын концертонд дуулах гэж нэлээд юм болдог байж билээ.

Араасаа түлхүүлж байж тайзан дээр гардаг, бүрэг нэгэн байв. Одоо бол тэгэхгүй ээ. Хүмүүсийг “За, нэг сайхан дуулчих” гэвэл цааргалдаггүй. Би хөдөө явахаараа болж өгвөл морин хуурч авч явахыг хичээдэг юм.

Халзан бүргэдэй хайрхан, төрсөн гэрийнхээ буурин дээр, аавыгаа хөдөөлүүлсэн газрын ойролцоо хуур татуулж, уртын дуугаа дуулдаг.

-Танай хүүхдүүд монгол ахуй, монгол сэтгэхүйд хэр ойр өсөж байгаа вэ?

-Ойр шүү. Зун болохоор хүүхдүүдээ Их-Уулд аваачаад, эмээгийнх нь гадаа гэр бариад өгчихдөг юм. Манайх хэдэн үхэр, хоньтой. Хэний ч шахалт шаардлагагүйгээр манай хүүхдүүд малаа маллаад, үнээгээ саачихдаг. Гол нь эмээгээсээ үг сонсож, амьдралын ухаан нь тэлээсэй гэж л боддог юм.

-Аав тань дайнд оролцож байсан гэл үү. Танд дайны тухай ярьж өгдөг байв уу?

-Миний аав намайг найман настай байхад өөд болсон юм. Ааваар бид дайны тухай яриулах гэж их үзнэ. “Та тэгээд япончуудыг буудсан уу” гэхээр “Миний хувь нэмэр бас бий шүү” гэнэ. Одоо бодоход хүүхдүүдтэйгээ их зөв ярьдаг хүн байжээ.

Дайн болж байгаа юм чинь нээрээ л хувь нэмрээ оруулсан байлгүй дээ. Хил дээр нэг жил цэргийн алба хаахад эх орноо хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ шүү. Энэ сайхан эх орныхоо төлөө би юу хийж чадах билээ гэсэн бодол тэндээс эхэлж төрсөн.

Уртын дуугаараа дотоод, гадаадын цөөнгүй уралдаан тэмцээнд түрүүлж, аман хүзүүдэж явсан түүнийг бөхийн хорхойтнууд бөхчүүдийн цолыг уянгалуулан, цангинуулан дууддагаар нь андахгүй. Б.Мөнхбаатарын дуулсан уртын дуунууд цахим хуудсанд байршингуут сайн сайхан, бахархсан сэтгэгдлүүд ар араасаа хөвөрдөг. Юухнаас ч өө хайж, гоочлох дуртай болсон өнөөгийн хүмүүсийн сэтгэлд тэгж хүрэх амаргүй биз ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай