Тэрбумаар “боссон” уушийн газар

Ямар нэг асуудлын шийдлийг хэлэлгүй шүүмжлэхийг гоншгонох гэдэг. Нэгнийхээ санаачилсан, хийсэн ажлыг гоочилж суудаг гоншгонуурууд манайд олон. Нөгөөтэйгүүр, гоншгонууруудыг олшруулж буй бүтээн байгуулалт ч олон ажээ.

Өнгөрсөн ням гаригийн үдэш шөнийн гудамжинд очлоо. Хоёр сарын өмнө нээсэн шөнийн гудамж хар зах шиг болжээ. АСА циркийн уулзвараас “Наран плаза” хүртэлх 440 метр газарт хөл гишгэх зай ховор. Нээлтийн үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн наймаачид удахгүй шөнийн гудамжинд шавна даа”, “Эрүүл ахуйн шаардлага хангасан, эсэх нь тодорхойгүй шорлог, хэврэг тоглоом зэргийг худалдаж эхлэх вий” хэмээн халаглаж, гоншгонож байсан залуусын зөгнөл биелэлээ олсон гэхэд болохоор байв.

Өдгөө тэнд үзэж, сонирхох зүйл ховор, бараг л байхгүй аж. Хүүхдээ дагуулан очсон хүмүүс зайрмаг, тахианы шарсан мах “эргүүлж”, агаарын бөмбөгхөнөөр тэднийг хуурдаг юм байна. Үүнийг дагаад зүүд манагчаас авахуулаад элдэв зүйл худалдахаар очсон хүмүүс олширчээ.

Дэлхийн бусад хотод шөнийн гудамж байдаг, тэнд худалдаа хийдэг, хоол үйлдвэрлэдэг хүмүүс байдаг ч манай шөнийн гудамж тэднээс өөр аж. Бусад хотын өдөр мэт гэрэлтэй, түм түжигнэж, бум бужигнасан гудамжинд хүмүүс шөнийн турш урлаг соёлын элдэв үзүүлбэр үзэж, тааваараа хөгжилдөх боломжтой. Харин Улаанбаатарын шөнийн гудамжинд хөлчүү залуус, хуруундаа тамхи салаавчилсан өсвөр насныхнаас өөр “үзэж харах” зүйл ч алга.

Хотын шөнийн анхны гудамжийг нээх үеэр холбогдох албаныхан “Орой бүр урлагийн тоглолт зохион байгуулна. Тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой. Тэнд үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн тоог нэмнэ. Гадаадын орнуудынхыг гүйцэхгүй ч арчилж тордоод хөгжүүлнэ” гэж байв.

Гэвч тэнд урлагийн арга хэмжээ болдоггүй аж. Сөүлийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс хамтлаг, дуучдыг урьж аваачаад гадна талбайдаа дуулуулна. Байгууллага бүрийн гадна хөгжим хангинаж, “хонь, хурга нийлсэн” мэт сонсогдоно.

Ер нь шөнийн гудамж бүхэлдээ уушийн газар болжээ. Авто замаар хүмүүс алхах ёстой ч аж ахуйн нэгжүүд “эзэлжээ”. Тэдний ихэнх нь согтууруулах ундаа худалддаг аж. Хуушуур хийдэг чингэлэг дэргэдээ хөргөгч байрлуулж, түүндээ шар айраг эгнүүлсэн байх жишээтэй. Зах зээлийн зарчим учраас хэт өндөр үнийг дурсах нь илүүц биз.

Шөнийн гудамжин дахь хөдөлгөөн 01.00 цагаас хойш багасдаг юм байна. Үүнээс залуус согтууруулах ундаа хэрэглэх л гэж тэнд очдог гэдгийг харж болохоор. Энэ бүсэд өнөөх Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй. Олон нийтийн газарт утаат тамхи татахыг хориглосон заалт эл хуульд бий. Гэвч шөнийн гудамжинд байрлуулсан 400 хүний багтаамжтай сандал, зам талбай тамхины ишээр дүүрсэн харагдав.

Бусад баар цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл ажиллаж болох ч 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчилж болохгүй. Хүнсний дэлгүүрүүд ч худалдах ёсгүй. Тэгвэл шөнийн гудамжин дахь аж ахуйн нэгжүүд давуу эрхтэй. Хэрэв үйлчлүүлж буй хүмүүс байвал аж ахуйн нэгжүүд ч хаалгаа барихгүй гэсэн. Ингээд хараа хяналтгүй, чинээндээ хүртэл уусан хөлчүү залуусын танхайрах нь 02.00 цагаас хойш ихэсдэг юм байна. Шар айраг барьж алхсан, нэг рүүгээ хашгирч, хараалын үгс урсгасан залуус олон таарав.

Тухайн гудамжид цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулдаг юм байна. Нэг шөнө хоёр албан хаагч ажилладаг гэнэ. Тэдний хэлж буйгаар гудамжны хяналтын камер дүрсний нягтрал сайтай аж. Гэвч агсам тавьсан, эд зүйлээ хулгайчид алдсан зөрчил цөөнгүй гардаг гэнэ.

Тиймээс гудамжинд халаасны хулгайчтай тэмцэх хүмүүс ажиллаж буй бөгөөд цаашид энэ төрлийн гэмт хэрэг буурна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм. Дашрамд, цагдаагийн алба хаагчид “Согтуу хүмүүс хэрэг тарих нь элбэг. Гэхдээ гаагүй ээ, 01.00 цагаас хойш хөдөлгөөнгүй болчихдог юм. Сөүлийн гудамж шөнө эзэнгүй л байдаг шүү дээ” хэмээн ярилаа.

Шөнийн гудамжийг 1.5 тэрбум төгрөгөөр босгосон. Харамсалтай нь, ийм хөрөнгө зарж байгуулсан газарт нийтийн бие засах газар алга. Аж ахуйн нэгжийн ариун цэврийн өрөөнд орох эсвэл, гадна бие засах гэсэн хоёр л сонголт тус гудамжаар алхаж буй хүмүүст бий аж.

Үүнээс гадна авто зогсоол байхгүй. Гэр бүлээрээ очсон хүмүүс ойр орчмынх нь орон сууцны гадна машинаа байрлуулах гэж зүдэрдэг юм байна. Шөнийн гудамжийг хэзээ “жинхэнэ” эзэнтэй болгохыг холбогдох албаныхнаас лавлахад “Урлагийн томоохон арга хэмжээ тодорхой үед зохион байгуулна. Нийтийн бие засах газар, зогсоол байгуулах талбай байхгүй. Цэрэндоржийн гудамжийг тохижуулсны дараа энэ асуудлууд шийдэгдэх байх” гэсэн бүрхэг хариулт өглөө. Гэвч архи, тамхины хэрэглээг зохистой байлгах талаар тодорхой ажил санаачлаагүй гэнэ.

Өмнө нь Сөүлийн гудамж гээд алдартай байсныг хэлэх хүн олон. Ганган залуус холхилдсон, чамин машинууд явсан гудамж байсан гэдгийг тэндхийн оршин суугчид өгүүлдэг. Гэвч өдгөө “өвгөнтийн хөндий” болчихлоо хэмээн тэд халаглаж сууна. Гэхдээ л “Зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад биш, Монголд ч бас шөнийн гудамж байдаг гэж ярих нэг юмтай боллоо. Цаашдаа дутуугаа нөхөөд, засаад илүү сайжрах байх” гэсэн хүлээлттэй хүмүүс ч байсаар.

Ашиглалтад ороод нэг зуныг ч элээгээгүй усан хөшиг шиг алга болчихгүй бол гоншгонуурууд шөнийн гудамжинд дэгтэй байж, тохижуулах шинэ шийдэл хэлж мэдэхээр ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай