Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд хичээллэх боломж бүрдэв

Сүхбаатар дүүрэг дэх 16 дугаар сургуулийг засаж тохижуулж байна

Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн тул нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр зарим сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлтэй танилцлаа. Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хэмжээнд 51 сургууль, цэцэрлэгийн барилгыг засаж байна. Гүйцэтгэл дунджаар 65-70 хувьтай, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн дуусгана гэж тооцжээ.

Шинээр 13 цэцэрлэг, 10 сургууль ашиглалтад оруулж буй гэнэ. “Бид 2020 он гэхэд нийслэлийн хэмжээний бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тавьсан. Энэ жил 10 орчим сургууль гурваас хоёр ээлжинд шилжлээ. Буцаад таван сургууль гурван ээлжтэй болж байна. Сургууль, цэцэрлэгийн ачаалал буурахгүй нь. Сургуулийн өмнөх боловсрол олгох хүүхдүүдийн 85 орчим хувийг цэцэрлэгт хамруулж буй нь өнгөрсөн жилийнхээс 8.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт” гэж хотын дарга онцолсон.

Сүхбаатар дүүрэг дэх 16 дугаар сургуулийг нийслэлийн төсвөөс 100 сая төгрөг гарган засаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах орчин бүрдүүлжээ. Ажил өдгөө 80 хувьтай, ирэх сарын 1-нээс өмнө дуусгах гэнэ.

Гадаах хаалгыг нь томруулж, тэргэнцэртэй хүүхдүүд орох зориулалтын шат барьжээ. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн өрөө байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хичээлээ тараад амрах, эцэг, эхчүүд хүүхдээ авахаар ирэхдээ саатсан ч болох нь. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 17 хүүхэд сурч байсан, орчныг нь бүрдүүлсэн учраас энэ онд нэмэгдэнэ гэж сургуулийн удирдлагууд хэлэв.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд сурах орчин бүрдүүлнэ” гэж заажээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийслэлийн төсвөөс энэ жил 300 сая төгрөг гаргаж, Сүхбаатар дүүргийн 16, Сонгинохайрхан дахь 65, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор гэсэн гурван сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах боломж бүрдүүлсэн гэнэ.

Баянгол дүүрэг дэх 38, 73, Баянзүрхийн 14, Хан-Уулын 32 дугаар сургууль чамгүй олон сурагчтай хэрнээ тэднийгээ өнгөрсөн жил өөр сургуулийн хаяанд хичээллүүлж байлаа. Барилгыг нь ашиглах боломжгүй, зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж мэргэжлийн хяналтын байгууллагынхан актлахаар шийдвэрлэсэн тул нурааж, газар дээр нь шинэ сургууль барихаар болсон юм. Дээрх сургуулиудыг хэдийнэ шинэчилж эхэлсэн ч ажил нь удааширсаар байгаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 14 дүгээр сургуулиар орж, барилгын ажлын явцтай танилцав. Сургууль барьж буй “Цамхаг констракшн” компанийн захирал Ц.Одгэрэл “Өдөр, шөнөгүй ажиллаж буй ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулж амжихгүй нь. Ирэх сарын 10 гэхэд дуусгая” гэсэн юм. Уг нь гэрээний дагуу тэд наймдугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч одоогоор 90 хувьтай байгаа гэнэ.

“Есдүгээр сарын 10-ны дотор ашиглалтад оруулчихна гэвэл бид нэгдүгээр улиралд амрахгүй ажиллахаар төлөвлөж, зохицуулж болно. Хэрэв есдүгээр сарын 10-наас наана ашиглалтад оруулж чадахгүй бол өнөөх гурван сургуулийнхныг гуйж дахиад очихоос өөр аргагүй” гэж сургуулийн удирдлагууд хэлж байв. Хотын дарга ирэх сарын 10 гэхэд бүх ажлаа дуусгахыг гүйцэтгэгч компанийнханд үүрэгдээд, тэр хүртэл хүүхдүүдийг амрааж, нэгдүгээр улирлын амралтаар нь нөхөн хичээллүүлэх боломжтой гэж үзэв.

Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ жил Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 244 дүгээр цэцэрлэг шинээр барьжээ. Барилгын ажлыг “Монгол элс” компанийнхан гүйцэтгэж дуусгаад, долдугаар сард Улсын комисс хүлээн авчээ. Өчигдөр хотын даргыг очиход тус цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн цөөнгүй иргэн дугаарлачихсан байв. Шинэ цэцэрлэг бариад байгаа хэр нь л хүрэлцэхгүй, зарим хүүхэд гэртээ түгжигдэхэд хүрч буй талаар иргэд шүүмжилсэн.

Мөн тус хороон дахь 188 дугаар цэцэрлэгийг өртгөтгөж, шинэ байртай болгожээ. Цэцэрлэгийн эрхлэгч Н.Мөнхцэцэг “Өнгөрсөн оны зургадугаар сарын 26-наас бариад яг жилийн дараа хүлээлгэж өглөө. Өмнөх байр нь 100 хүүхдийн хүчин чадалтай боловч 230 хүүхэд хүмүүжүүлдэг.

Өргөтгөл 150 хүүхдийн багтаамжтай ч 400 орчим хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэй. Нийт 700 орчим хүүхэдтэй ажиллана гэсэн үг. 22 дугаар хороо 23.000 өрхтэй, 2-5 насны 2300 хүүхэд бий. Цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж тааруугаас орон тоогоо нэмэх зайлшгүй шаардлага тулгарч байна” хэмээв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай