У.Хүрэлсүх Шадар сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргав

У.Хүрэлсүх Шадар сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргав

Шадар сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гаригт гаргасныг түүний хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны зөвлөх А.Үйлстөгөлдөр батлав. Тэрбээр “Шадар сайд албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрөгч баасан гаригт гаргасан. Уг хүсэлтээ уламжилсан албан бичгийг даваа гаригт (өнөөдөр) хэвлэлийнхэнд танилцуулна” гэсэн юм. Ийнхүү Засгийн газрын тэргүүнийг эзгүйд нь орлодог, танхимын “хоёр дахь хүн” гэгддэг Шадар сайд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ уламжиллаа. Энэ нь У.Хүрэлсүх улстөрчийн хувьд төрийн өндөр албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж буй хоёр дахь тохиолдол юм. Тэрбээр 2012-2016 оны УИХ-д сонгогдсоноос хэдхэн сарын дараа гэр бүлийн хүнээ эмчлүүлж, асрах зорилгоор гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ ёсоор болгож байсан юм.

Засгийн газрын тухай хуульд сайд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх, огцрох үндэслэлийг 22.3-т “Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайд, эсхүл гишүүдийн олонхтой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ” хэмээн заажээ. Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт бүхий албан бичигтээ чухам ямар үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн нь тодорхойгүй ч өнгөрөгч долоо хоногт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан, “60 тэрбум”-ын гэх хэрэг, өөрийг нь тагнаж, мөрдсөн зэрэг цөөнгүй асуудлыг сөхөж, МАН болон Засгийн газрын танхимд нэгэнт бий болсон үл ойлголцол, хуваагдалтай холбоотойгоор ажлаа өгөхөө мэдэгдсэн талаар олон эх сурвалж мэдээлсэн билээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх хүсэлт гаргасан сайдын саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо, нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн шийдвэрлэх ёстой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

Илгээх

Энэ тухай