“Чөтгөрийн аргамж” АМЕРИКИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ

Түүхээс үзвэл 1876 оны сүүлчээр Жон Уорн Гейтс гэдэг залуу АНУ-ын Техас муж улсын Сан-Антонио хотын төвд өргөст төмөр утас бүхий малын хашаа барьжээ. Түүн дотор муж улсынхаа хамгийн том бөгөөд догшин лонгхорнууд (онцгой үүлдрийн үнээ)-ыг хашсан гэж тэрбээр ярьсан аж. Түүний ярьсанд эргэлзэх хүн олон байв. Учир нь ийм үүлдрийн үнээг ер нь бол номхон гэж үздэг гэнэ. Ямартай ч Жон Гейтс түүхэнд “Саяар мөрийцдөг Гейтс” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Тэрбээр хэрэгт дурлагсдыг хашаа руу өнгийж, тэдгээр амьтан харахад хэврэг мэт хашааг эвдэн гарч чадах, эсэхэд мөрий тавихыг санал болгодог байж. Гэвч хэн ч мөрийцөж зүрхлээгүй гэнэ. Мексик ковбой болох сайн найз нь хүртэл түүний санааг эсэргүүцсэн аж. 

Шинэ бүтээлээ Ж.Гейтс олон нийтэд санал болгоод удалгүй захиалгад дарагдсан байна. Тэрбээр өргөст утасны анхны худалдаачин хэдий ч зохиогчийн эрхийг эхлээд Америкийн нэг фермер, дараа нь Иллинойс муж улсын бизнес эрхлэгч Жозеф Глидден эзэмшдэг болжээ. 

ЭРС ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ

Тэр үед Ж.Гейтсийн шинэ бүтээлийг зууны агуу нээлт хэмээн сурталчилж байв. “Агаараас хөнгөн, вискинээс хатуу, тоосноос хямд” гэсэн харьцуулалтыг тэрбээр бодож олсон байна. Одоо тэр бүтээлийг зүгээр л өргөст утас гэдэг болжээ. Энэ зууны агуу нээлт хэмээсэн хэтрүүлэгтэй сурталчилгаа ид байх үед Александр Грейам Белл харилцуур утас бүтээн патент авч байсан гэнэ. Гэхдээ харилцуур утас хүний амьдралыг үлэмж сайжруулсан бол өргөст төмөр утас Америкийн зэрлэг баруун нутгийнхны амьдралыг харилцуур утастай харьцуулахын аргагүй их өөрчилжээ. Жозеф Глиддений санал болгосон өргөст утас анхных биш ч илүү сайн хувилбар байсан учраас өнөөг хүртэл хэрэглэж байна. Үүнээс хэдэн жилийн өмнө 1862 онд Ерөнхийлөгч Авраам Линкольн Гомстедийн хуулинд гарын үсэг зуржээ. 

ХАШАА

Нэгдсэн улсын уг хуульд үндэслэн шударга ямар ч иргэн, тэдний дотор эмэгтэйчүүд болон боолоос чөлөөлөгдсөн хүмүүс АНУ-ын баруун нутагт 0.6 ам км газар эзэмших эрхтэй болжээ. Үүний тулд байшин барьж, газраа таван жил ашигласан байх шаардлага тавьж байв. Гэвч тэр газар суурин амьдрах хүмүүст бус, нүүдэлчдэд илүү тохиромжтой байлаа. Индианчуудын омгууд өнө удаан жил аж төрсөн газарт европчууд ирж, баруун тийш нүүдэллэх болсноор энэ зах хязгааргүй тэгш тал ковбойчуудын мал сүргийн бэлчээр болсон аж. 

Энд анх суурьшигчдад юуны түрүүнд ковбойчуудын чөлөөтэй бэлчих сүргээс тариалангаа хамгаалахын тулд найдвартай хашаа хэрэгтэй болж. Модгүй шахам эл хязгаарт олон км урт хашаа барих боломжгүй мэт байв. 

Эхлээд фермерүүд өргөстэй бут тарьсан нь маш удаан ургаж, шаардлага гарсан үед хөдөлгөж болохгүй байжээ. Жирийн төмөр утсаар хаалт хашлага хийснийг мал амархан буулгасан гэнэ. Харин өргөст утас Гомстедийн хуулийн хэрэгжүүлж чадаагүй өөрчлөлтийг хийжээ. Энэ бүтээл бий болохоос өмнө Америкийн баруун нутаг эдэлбэр газар бус, зах хязгааргүй, эзэнгүй далай шиг л байв. Ирээдүй нь бүрхэг учир энд хүмүүс хувьдаа газар эзэмших сонирхолгүй байсан аж. 

“ЧӨТГӨРИЙН АРГАМЖ”

Өргөст утас ширүүн маргааны бай болов. Хуулийн дагуу АНУ-ын баруун нутагт шилжин суурьшсан фермерүүд индианчуудын байсан газрыг хувийн өмчөө болгон тусгаарлахыг оролдож байлаа. Тиймээс уугуул омгийнхон өргөст утсыг “Чөтгөрийн аргамж” хэмээн нэрлэжээ. 

Ковбойчууд заншсанаараа аж төрж, малаа чөлөөтэй бэлчсээр байна хэмээн бодсон нь талаар болж, өргөст утаснаас амьтад шархдаж, тэр нь үрэвссэн гэнэ. Хар салхины улиралд мал өмнө зүг рүү нүүдэллэдэг байж. Гэтэл өргөст утсаар хийсэн хашаа сүргийн замд садаа болж, мал хэдэн мянгаараа хорогдсон байна. 

Өргөст утас эхлээд хувийн өмчийн хууль ёсны зах хязгаарыг илтгэж байснаа яваандаа зарим ковбой түүнийг бэлчээрийг өмчлөхөд ашиглах болжээ. Ийм хашаа ихсэхийн хэрээр мөргөлдөөн гарах нь олширсон гэнэ. Нүүрээ халхалсан дээрэмчид өргөст утсыг тасдаж, газрын эзнийг сүрдүүлсэн бичиг үлдээх болов. Улмаар буудалцах нь ихсэж, хүний амь эрсдэх болжээ. Эцэст нь эрх баригчид оролцсоноор “хашааны дайн” зогсож, өргөст утас үлдсэн байна. 

“Миний дотор муухайрч байна. Залуу мустангууд давхиж, дөнөн үхрийн бие гүйцэж, сонгино, ирланд төмс ургаж байх ёстой газар шүү дээ” гэж 1883 онд нэг малчин ярьжээ. Ковбойчууд хилэгнэж, уугуул омгийнхон, индианчууд их хохирол амссан байна. 

Энэ хатуу сөргөлдөөн гүн ухааны маргаан дэгдэхэд ч нөлөөлсөн гэнэ. АНУ-ыг үндэслэгчдэд их нөлөө үзүүлсэн, XVII зууны Английн философч Жон Локк газрыг хуулийн дагуу эзэмшиж болдог юм уу гэсэн асуудал дэвшүүлжээ. Хэн ч, хэзээ ч, юуг ч эзэмших боломжгүй гэнэ. Хүн зөвхөн хөдөлмөрийнхөө үр шимийг л  эзэмших боломжтой гэдгийг тэрбээр нотолсон аж. “Хэрэв хөдөлмөрийг газартай холих юм бол эрхийнхээ дагуу өөрт ногдохыг хэнд ч харьяалагдахгүй зүйлтэй нэгтгэсэн болно. Газрыг хувааснаар хүн түүнийг эзэмшигч болж байна” хэмээн тэрбээр тайлбарлажээ. Үүнийг XVIII зууны Францын философч Жан-Жак Руссо няцаагаад, “Түрүүлж газар хашиж авсан хүн түүнийгээ өөрийнх гэнэ. Үүнд итгэсэн хүн иргэний нийгмийг жинхэнэ үндэслэгч байжээ” гэж тэрбээр “Хүн хоорондын эрх тэгш бус байдлын үүсэл, үндэслэлийн тухай” эрдэм шинжилгээний нийтлэлдээ тэмдэглэсэн байна. 

ХУВИЙН ӨМЧИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Жан-Жак Руссогийн тодорхойлолт нь найр тавьсан үг биш юм. Гэхдээ газар, үл хөдлөх хөрөнгө зэрэг дийлэнх эд зүйлсийн тухай баримтад өнөөгийн эдийн засаг тулгуурладаг. Энэ нь хувь хүн, эсвэл корпорац байдаг. Өмч эзэмших боломж нь байгаагаа сайжруулахад зориулах мөнгө хуримтлуулах тэмүүллийг хүнд бий болгодог. Үүнийг Америкийн уугуул оршин суугчид ч ашигласан. Индианчууд өөрийн гэсэн нутаг дэвсгэр өмчилж байгаагүй учир тэд европчууд шиг хөгжөөгүй байх. Өргөст утасны тухай түүх Өрнөдийг төдийгүй газар, үл хөдлөх хөрөнгө зэрэг хувийн өмчтэй болох тухай ойлголт өгснөөрөө дэлхийг бүхэлд нь өөрчилжээ. 

Мөн энэ нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй орнуудад ч хуулийн үг, үсэг эрүүл ухаанаас бага ач холбогдолтойг харуулсан түүх аж. Гомстедийн хуульдаа Авраам Линкольн баруун нутагт нь газар эзэмшиж болохыг заасан. Гэвч энэ баримт бичиг нь өргөст төмөр утас гарч ирэх хүртэл ямар ч ач холбогдолгүй байжээ. 

Гейтс, Глидден болон бусад нь өргөст төмөр утаснаас их ашиг олсон гэдэг. Олон шүүх хурлын дараа зохиогчийн эрхээ авсан жил л гэхэд Глидден 51 км урт өргөст төмөр утас бэлтгэсэн байна. Үүнээс зургаан жилийн дараа 1880 онд түүний үйлдвэр дэлхийг 10 удаа орооход хүрэлцэх хэмжээний буюу 423 мянган км бүтээгдэхүүн бэлтгэн гаргажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай