Буцалтгүй тусламжийн таван сая ам.доллар “хог” боллоо

Эх орноо хөгжүүлэх оргилсон хүсэлтэй атлаа санаж сэдсэн ажлаа гүйцэлдүүлдэггүй хайн­га, хэнэггүй нь дэндсэн улс, манай­хан. Үр дүнг нь үзэхийг хүсдэггүй юм уу гэлтэй хөрөнгө оруулагчдыг хуурч, гомдоосон тохиолдол биш­гүй. Итгэлийг нь алдаж, дараачийн төслийг гацаах дөхөөд буй “auto gate” буюу цахим гарц үүний тод жишээ. Хил нэвтэрч буй хүмүүст төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэж, хил, гааль дээр үүсдэг ачаа­лал, дарааллыг багасгах зорилгоор шинээр нэвтрүүлсэн цахим гарц юу юугүй “жагсаалаас” гарах нь. 

КОИКА-гийн буцалтгүй туслам­жаар “Чингис хаан” нисэх буудалд байгуулсан эл гарц, программ, эд хогшлын өртөг, ажлын зардал нь таван сая ам.доллар. Уг төслийг хэрэгжүүлэхээр 2008 оноос ярьж эхлээд, 2014 онд дөрвөн гарц суу­рилуулж, улмаар дараа онуудад иргэдийн мэдээллийг агуулах сервер бүтээж, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнуудын ашигладаг тоног тө­хөөрөмжийг бүрэн шинэчилсэн юм. Ингээд өнгөрсөн онд дурын хүн гадаад паспорт дээрээ өөрийн мэ­дээллийг агуулсан наалт наалгаад тус гарцанд хурууны хээгээ уншуулан 5-15 секундэд хилээр орж, гарах бо­ломжтой болгосон. Тодруулж хэл­бэл, Монгол Улсын иргэд эрх бүхий ажилтанд өөрийн мэдээллээ шал­гуулж, гадаад паспорт дээрээ дардас даруулах гээд багадаа 1-2 минут зар­цуулж хил нэвтэрдэг байсан тогтол­цоог халсан давуу талтай байв. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаад паспортын хэлтэс өдгөө ачааллаа дийлэхгүй байна. Уг ачааллыг бууруулахад га­даад паспорт дээр ухаалаг наалт наах ажил чухал нөлөөтэй байсныг дурдах нь зүйтэй. Бизнес эрхэлдэг, бараагаа татахаар сард цөөндөө 1-2 удаа хилээр гардаг хүн манай улсад олон. Мөн гадаадад сурдаг оюутан, сурагч цөөнгүй бий. Хилээр орж, гарах бүр­тээ дардас даруулж, паспортных нь хуудас дуусаж, шинийг захиалах гэж дугаарлахын зовлонг тэд сайн мэднэ. “Буянт-Ухаа” боомтоор жилд дунд­жаар 700 мянга гаруй хүн орж, гар­даг бөгөөд түүний 500 мянга орчим нь Монголын иргэн байдаг гэдгийг холбогдох албаныхан хэлсэн. Гадаад паспорт шинээр захиалах бүртээ 3242 мянган төгрөг төлж, сул зарлага гаргадаг тэд паспорт дээрээ ухаалаг наалт наалгахаар эрэл сурал болж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд ухаалаг наалт наалгасан 2500 хүн ч уг гарц ашиглалтад орохыг чих тавин хүлээсээр. Харамсалтай нь, “Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон “Буянт-Ухаа” дахь наалт наадаг цэгүүд хаалгаа барьж, цахим гарц тоосонд даруулаад хагас жил гаруй боллоо. 

Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнээс цахим гарцын үйл ажиллагаа юунаас болоод саатсаныг лавлахад “Хилийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар дэмжиж, шинэчилсэн найруулга нь өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс хэрэг­жиж эхэлсэн. Үүнийг дагаад хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг манайд биш Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-т шилжсэн. Бид ашиглаж байсан тоног төхөөрөмж, эд хогшил, боловсон хүчнээ хууль хэрэгжиж эхэлсэн өдөр тус газарт шилжүүлсэн. Тэгэхээр тэндээс лавлах нь зүйтэй” гэв. Харин ХХЕГ-ынхан “Паспорт дээр наалт наах ажил түр зогссон. Цахим гарц ч ажиллахгүй байгаа нь үнэн. Энэ үйлчилгээг манайх шилжүүлж аваад удаагүй. Наалт наах журмаас авахуулаад шинэчлэх, сайжруулах ажил олон бий. Өмнөх байгуулла­гаас “түүхий” зүйл хүлээж авсан. Энэ онд багтаан шийдэхээр ажиллаж байгаа. Гарцыг хэзээнээс ажиллуулж эхлэхийг хэлэх боломжгүй” гэлээ. 

ХХЕГ-ынхны хэлж буйгаар уг тө­хөөрөмжийг ажиллуулахад нэлээд саад тулгарчээ. Тийм учраас тус бүр нь 500 сая төгрөгийн өртөгтэй дөр­вөн гарц, 1.5 тэрбум төгрөгөөр бос­сон сервер өдгөө тоосонд дарагдаж “хог” болсон гэнэ. Тэгвэл төсөл хэрэг­жүүлэгч КОИКА-гийн багийнхан үүнийг үгүйсгэв. Уг төслийн ачаар манайх хүчин чадал сайтай IBM сервертэй болсон аж. Гарах гарцын нэг нь эвдэрсэн байсныг өнгөрсөн гуравдугаар сард зассан учир өнөөдөр ч үүнийг ажиллуулах боломжтойг тэд онцоллоо. Мөн тэд төслийнхөө үр дүнг удахгүй шалгахаар зэхэж буй гэнэ. Бид шалгалтад нь бүдэр­вэл Гашуунсухайт, Замын-Үүд дэх боомтод ийм төхөөрөмж суури­луулах ажил үлгэр болох нь. Тэд энэ талаар “Хөрөнгө оруулагчид санхүү­жүүлсэн ажлаа амжилттай хэрэг­жиж буй, эсэхийг хянадаг. Тухайн төслөөр хэрэгжүүлсэн ажил хоёр жил саатаагүй бол нутагшжээ гэж ойлгодог хөрөнгө оруулагч олон. Харин КОИКА нэг жил л хяналт тавь­даг. Өнгөрсөн хавар анхны хяналтаа хийгээд “амжилттай” гэж дүгнэсэн. Хоёр дахь хяналтаа ирэх аравдугаар сард хийнэ” гэв. 

Тэгвэл уг төхөөрөмжийг ажилла­гаанд оруулахгүй байх нь холбогдох байгууллагын хүнд сурталтай хол­боотой байж болзошгүйг ч хэлэх хүн цөөнгүй таарав. Мөн эл гарц, тоног төхөөрөмжөө “хадгалах”-ын оронд Замын-Үүд дэх ачаалал ихтэй, зорчигчдын хөлд дарагддаг боом­тод суурилуулсан бол өгөөжөө өгөх байсан тухай ярина лээ. Учир нь Хөшигтийн хөндийд барьж буй нисэх буудалд япончууд бас нэг “auto gate” нээх гэж буй аж. Ашиглалтад орсных нь дараа “Чингис хаан” буудал тийшээ нүүж, улмаар уг гарцын хэрэгцээ га­рахгүй гэх. Тиймээс Замын-Үүд рүү шилжүүлэхэд боломжгүй хэмээн цааргалах шалтгаан байхгүй юм.

Яам, агентлаг салж, нийлэх нь манайд хэвийн үзэгдэл мэт болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Гэвч нэг байгууллагын хариуцаж байсан ажлыг нөгөөд шилжүүлэхдээ төрийн үйлчилгээг гацаах нь зохисгүй бай­маар. “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” хэмээн сурталчилж байсан цахим гарц ус руу шидсэн чулуу шиг алга болох, эсэх нь цаг хугацааны асуудал боллоо. КОИКА-гийн оруулсан таван сая ам.долларыг өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл 12.2 тэрбум төгрөг болно. Төсөл бүтэлгүйтвэл ийм хөрөнгөө оруулсан байгууллага цаашид гараа сунгахдаа эргэлзэх нь дамжиггүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай