Монгол туургатны хүүхдүүд спортоор нэгдэв

Монгол туургатны хүүхдийн спортын олон улсын наадам Улаанбаатар хотод зургаан өдөр үргэлжлэн, өчигдөр хөшгөө хаав. Олимптой онд өнжин, жил бүр Буриад, ӨМӨЗО, Монгол гэсэн гурван оронд ээлжлэн болдгоороо онцлог энэ удаагийн наадамд 748 тамирчин спортын 11 төрөлд авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. 1996 онд анх болсон хүүхдийн наадам Монголд гурав дахь удаагаа зохион байгуулсан нь энэ. Тэмцээний эхний өдрүүдэд манай тамирчид 46 медаль хүртэн, гараагаа өнгөлөг эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сүүлийн өдрүүдэд монголчуудын медаль авдаг спортын гол төрөл болох чөлөөт, боксын аваргууд тодроход манай тамирчид илт илүүрхэв. Зөвхөн чөлөөт бөхийн төрөлд л гэхэд 14 жингийн 12-т, боксын 15 жингийн 11-т нь түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн нь үүний илрэл. Үүний сацуу волейбол, таэквондо, хүндийг өргөлт, ширээний болон талбайн теннис, хөлбөмбөгийн төрлийн ихэнх түрүүг нь хүртлээ. Харин буриадууд байт харваа, ӨМӨЗО-ы тамирчид сагсан бөмбөгийн төрөлд манлайлжээ. Буриадын гүйгчид сэргээшийн асуудлын улмаас Хөнгөн атлетикаар өрсөлдөөгүй бол Өвөрмонголчууд тав, монголчууд нэг алтан медаль хүртсэн юм. Наадмын хаалтын ажиллагааг “Найрамдал” зусланд зохион байгуулж, тамирчдад медаль гардуулав. Ийнхүү монгол туургатнууд спортоор нэгдэн, өрсөлдөхөд манай тамирчид 40 алт, 54 мөнгө, 60 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр тэргүүллээ. Ирэх жил ӨМӨЗО-д энэ наадмыг зохиох юм. Монгол туургатны хүүхдийн наадмаас 2015 онд манай тамирчид 20 алт, 21 мөнгө, 30 хүрэл медаль хүртэж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай