Малгүй үйлдвэр, махгүй экспорт

Махны экспорт энэ оны хагас жилийн байдлаар өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөнийг Монголын махны холбооныхон дуулгалаа. Статистик харвал, манай улс мах 5980, өлөн гэдэс, элэг, уушги гэх мэт дайвар бүтээгдэхүүн 100, дулааны аргаар боловсруулсан мах 919 тонныг экспортолж, 23 тэрбум төгрөгийн орлого олжээ. Өнгөрсөн онд махны экспортоос нийт 10 тэрбум төгрөгийн орлого олсон мэдээллийг энд дурдая. Энэ оны үзүүлэлт нь манай махыг худалдаж авах эрэлт нэмэгдэж буйг батална. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Энэ жил 50-60 мянган тонн мах экспортлох боломжтой. Мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанаас олон зүйл шалтгаална” гэсэн юм. Үйлдвэрүүд хэдэн тонныг боловсруулахаас махны экспортын хэмжээ шууд шалтгаалах нь.

Манай улс мах боловсруулах 60 гаруй үйлдвэртэй. Эдгээрийн 20 гаруй нь Орос, Хятад, Вьетнам, Иран руу мах экспортлох эрхтэй. Тодруулбал, ОХУ руу найм, Хятад руу зургаа, Вьетнам руу долоо, Иран руу дөрвөн үйлдвэр мах экспортлох эрх авсан. Өөрөөр хэлбэл, тэдгээр улсын тавьсан эрүүл ахуй, технологийн шаардлагыг хангасан үйлдвэрүүд гэсэн үг. Гадаадад мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүд жилд 50-60 мянган тонн мах түвэггүй боловсруулах хүчин чадалтай. Харамсалтай нь, махны үйлдвэрүүд өнгөрсөн жилүүдэд хүчин чадлынхаа наймхан хувийг ашигласан нь дээд амжилт болжээ. Бүр хоёр хувийг ашигласан жил ч байдаг гэнэ. Үйлдвэрүүд энэ онд хэдэн тонн мах боловсруулахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна. Лавтай 50-60 мянган тонн мах экспортлох боломжийг ашиглаж чадахгүй л болов уу. 

Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаагийн гол шалтгаан нь мал бэлтгэлийн тогтолцоогүй болсонтой холбоотой. Малчдаас малыг нь худалдаж аваад, Улаанбаатар хот, эсвэл Орхон, Дархан-Уул зэрэг аймгийн төв дэх үйлдвэрүүд рүү тууж аваачин нядалдаг байсан тогтолцоо нурсан. Одоо малчдаас ченжүүд малыг нь худалдаж аваад гар аргаар нядлаад “Хүчит шонхор” зэрэг худалдааны төвөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байгаа. Манай улс жилд 250-350 мянган тонн мах бэлтгэдэг гэсэн тойм тоо бий. Бараг бүгдийг нь гар аргаар нядалдаг гэхэд хилсдэхгүй. Үйлдвэрийн аргаар өчүүхэн багыг нядалдаг. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй учраас гадаадынхан гар аргаар нядалсан мал хэзээ ч худалдаж авахгүй нь ойлгомжтой. Тиймээс их хэмжээний мах экспортлоё гэвэл үйлдвэрт нийлүүлэх мал бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай. Ийм тогтолцоогүйгээс үйлдвэрүүд нядлах малгүй “хий эргэж” байгаа юм. Тэгэхээр экспортлох махгүй байх нь дамжиггүй.

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат мал бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх тодорхой санал дэвшүүлжээ. Тэрбээр “Хэд хэдэн сумыг хамарсан бүс нутагт мал бэлтгэлийн газар байгуулах хэрэгтэй. Газар нь мал бэлчээрлэх хэмжээний том, түүнийгээ хашсан байх шаардлагатай. Малчид малаа тууж очоод бэлтгэлийн газарт худалдчих. Тэнд цуглуулсан малыг үйлдвэрүүд ачиж авчраад нядална. Мал бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх нэг ийм арга бий” гэж ярив. Тэрбээр “Мал бэлтгэлийн газар нь малын өвчин, эмгэгийг шинжилдэг лаборатори, мэргэжилтнүүдтэй байх учиртай. Ингэвэл тухайн малын гарал үүсэл тодорхой болно” гэж нэмж өгүүлсэн. Мал бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх бодитой, боломжтой гаргалгаануудын нэг энэ байх. Бэлтгэлийн газар малчнаас эрүүл мал худалдаж авна, дахиад өвчин эмгэгтэй, эсэхийг шалгана, тэгээд үйлдвэрийн аргаар нядална. Махны эрүүл ахуйг гол шаардлагаа болгодог гадаадынханд илтгэл төрүүлэхүйц тогтолцоо бүрдэж мэдэх нь. 

Манай улсад байсхийгээд малын гоц халдварт шүлхий өвчин гардаг. Сүүлийн үед мялзан, хонины цэцэг өвчин гарах боллоо. Тиймээс манай малыг халдвартай гээд гадаадынхан тоодоггүй байсан. Энэ зун шүлхий өвчин хэд хэдэн газарт гарлаа. Гэсэн ч гадаадынхан манайхаас мах худалдаж авах сонирхлоо илэрхийлж буй нь сайн хэрэг. Малын гарал үүслийг сайтар тодорхойлдог, бэлтгэлийн тогтолцоотой болчихвол их хэмжээний мах экспортлох боломж бий. Жилд 60 мянган тонн мах боломжийн үнээр экспортлоод байхад малчдын амьжиргаанд ч тустай.

Иран улс манайхаас долоо хоногт хонины 4000 тонн мах худалдаж авах санал тавьсан нь урьд өмнө байгаагүй их хэмжээний эрэлт болов. Тэдний саналыг хүлээж авбал жилд 10 сая хонь нядалж, 190 мянган тонн мах бэлтгэнэ гэсэн үг. Манай улсад ийм боломж байхгүй. Хонины тоо толгой, үйлдвэрийн хүчин чадал хүрэлцэхгүй. Монголын махны холбооныхон судалгаа хийж үзэхэд махны үйлдвэрүүд долоо хоногт хамгийн дээд тал нь хонины 2000 тонн гулууз бэлтгэх хүчин чадалтай нь харагджээ. Жилд хоёр сая хонь нядлаад 30 орчим мянган тонн мах Иранд нийлүүлээд байхад л манайд хангалттай. Энэ боломжийг ашиглахад нөгөө л мал бэлтгэлийн тогтолцоо тээг болно. “Мах маркет”, “Дархан мийт” компани Иран руу хонины мах гаргаж эхэлсэн. Иранчууд эхний ээлжинд 6500 тонн мах худалдаж авах гэрээ байгуулсан байна. Дээрх үйлдвэрүүд малчдаас хонь худалдаж аваад ачиж ирж нядалж байгаа гэнэ. 30 мянган тонн мах экспортлохын тулд мал бэлтгэлийн боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх шаардлага үүсэх нь гарцаагүй.

Махны экспортыг нэмэгдүүлнэ гэж хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон хүн бүр ярьдаг. Гэвч мал бэлтгэлийн тогтолцоо бий болгох ажлыг хэн ч санаачилсангүй. Мал бэлтгэлийн тогтолцоо бүрдүүлэхгүй бол их хэмжээний мах экспортлох боломжгүй нь ойлгомжтой. Тэгэхээр том тоо ярьж, цээжээ дэлдэхийн оронд махны экспортыг нэмэгдүүлэх суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэр нь мал бэлтгэлийн тогтолцоог бодлогоор бүрдүүлэх. Энэ тогтолцоог бүрдүүлэхгүй бол олон үйлдвэр сул зогссон хэвээр байх нь. Үйлдвэрүүдээ ажиллуулахгүй бол махны экспорт өсөхгүй. Махны экспорт өсдөггүйн бодит үнэн ийм санж. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай