Барселона хотод халдлага болж, 13 хүн нас барлаа

Испанийн Барселона хотод томоохон халдлага болж, үүний улмаас одоогоор 13 хүн нас барж, 100 гаруй иргэн хүнд гэмтэл авчээ. Халдлагыг бүхээгтэй жижиг ачааны тэргээр үйлдсэн бөгөөд хоёр ч ийм тэрэг жуулчид хамгийн их явдаг, хүн ам төвлөрсөн газруудыг чиглэж, дайрсан юм. Эдгээр ачааны машинуудыг Морокко гаралтай Каталаны иргэн 28 настай Дрисс Оукабирийн нэр дээр хөлсөлсөн байна. Гэхдээ Д.Оукабир энэ хэрэгт буруутай эсэх нь тогтоогдоогүй. Учир нь түүний дүү 18 настай Моусса Оукабир ахынхаа бичиг баримтыг хулгайлж, эдгээр авто машиныг хөлсөлсөн болохыг цагдаагийнхан тодорхойлжээ.

 Испанийн цагдаагийн газраас энэ хэргийг террорист халдлага гэж үзсэн тул хэрэг болсон Лас Рамблас дүүргийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ. 

Моусса Оукабир

Энэ хэргийг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээжээ. Уг хэрэгт холбоотой дөрвөн алан хядагч цагдаагийнхантай буудалцах үеэр амиа алдаж, нэг иргэн шархадсан байна. Түүнчлэн уг хэрэгт холбогдуулж, хоёр хүнийг баривчилсан гэнэ.

Нас барсан хүмүүс дунд Германы гурван иргэн байсан талаар тус улсын хэвлэлд онцолжээ. Халдлага болсонтой холбоотойгоор Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Маркель нар эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Испанийн ерөнхий сайд Мариано Рахой амралтаа цуцалж, Мадрид хот руу яаралтай буцсан юм.

Түүнчлэн Австралийн дотоод хэргийн сайд Жулье Бишоп яаралтай хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд тус улсын иргэн нэг эмэгтэй хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн бол Мельбурнаас ирсэн хоёр залуу мөн халдлагад өртсөн ч хүнд гэмтээгүй гэнэ. Австралийн ерөнхий сайд Малколм Турнбулл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлэв.

Түүнчлэн Алканар хотод алан хядагчдын орогнож байсан байж болох нэгэн байшин дэлбэрсэн. Үүний улмаас нэг хүн нас барсан байна. Цагдаагийнхан энэ бүгдийг хоорондоо холбоотой гэж үзэж байгаа юм.

  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай