Багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг шаардлаа

Багш нарын цалинг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 30 гаруй мянган багш нэгдэж, "Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо"-г байгуулжээ. Тус хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэв.

Тухайлбал, багшийн үндсэн цалинг төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-4 шатлал (535.286-608.457 төгрөг)-аар тогтоодог аж. Тус цалингаар багш ахуй амьдрал, ажил албаа эрхлэх боломж хомс тул цалингийн зээл авахад хүрдэг бөгөөд зээлээ төлөөд үлдсэн цалингийнхаа 30-40 хувиар хичээл заахад шаардагдах цаас, принтер, принтерийн хор, макер, шохой зэрэгт ашигладаг байна. Иймээс багш нар цалингаа нэмүүлэх зорилго дор сайн дураар эвлэлдэн нэгдэж өнөөдрийн тэмцлийг явуулж байна хэмээн тус хорооноос мэдээлэв.

Мөн тэд "Монгол Улсын Засгийн газарт цалин нэмүүлэх утга агуулгатай дөрвөн заалт бүхий шаардлагыг хүргүүлж байна. Үүнд, 

  1. Багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг 2017 оны есдүгээр сард багтаан 1.600.000 төгрөг болгон нэмэгдүүлэх, 
  2. Багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэмлэмжийг бодитой тооцож, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрхзүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх,
  3. Багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгон мөрдөх,
  4. Боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3.500 америк доллартай дүйцэх хэмжээнд хүргэх "Багшийн цалин" хөтөлбөрийг энэ онд багтаан хэрэгжүүлэх.

Энэхүү шаардлагыг үл тоож хариуг заасан хугацаа болох 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр ирүүлээгүй тохиолдолд жагсаал цуглаан хийх, хугацаагүй ажил хаях зэрэг тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.

Мөн 164 дүгээр цэцэрлэгийн багш н.Алтанцэцэг хэлэхдээ "Би сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байна. Бид хүүхдүүдтэй тасралтгүй 10 жил ажиллаж байна. Бид 20-25 хүүхэдтэй ажиллаж байхад цалин ийм хэмжээнд л байсан. Өнөөдөр хүүхдийн тоо 2- дахин нэмэгдэж, 40-60-д хүрсэн ч цалин огт нэмэгдсэнгүй. Багш нар үнэхээр ачаалалтай ажилладаг. Иймд багш нарын цалинг нэмүүлэх асуудал бол нэн тэргүүнд тавигдах ёстой гэж үзэж байгаа юм" гэв.

Харин II сургуулийн багш О.Отгонболормаа "Багш нарын дийлэнх нь банкинд зээлтэй. Цалингийн нэмэгдэл буюу урамшуулал нь бодит дүнгээр 45 хувь байх ёстой ч төсөв хүрэлцэхгүй гэх шалтгаанаар үргэлж дутуу өгдөг. Зуны саруудад 76 мянга орчим багш БНСУ-д амьжиргаагаа дээшлүүлэх үүднээс ажил хийж байгаа. Бидний цалинг хамгийн сүүлд 2014 оны гуравдугаар сарын 1-нд 80.000 төгрөгөөр нэмсэн" гэв.

Багш нар хэвлэлийн бага хурлын дараа Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр явсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай