Уран үгсийн мастерууд Монголд чуулж байна

Дэлхийн яруу найргийн академи болон Монголын соёл, яруу найргийн академи, Монголын урлагийн зөвлөл, МЗЭ, ГХЯ хамтран зохион байгуулж буй Дэлхийн яруу найрагчдын XXXVII их хурал өнөөдөр Төрийн ордонд эхэлж байна. Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ жил “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвийн доор эл хурлыг хийж байна. Найрагчдын их цэнгүүнийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ үеэр Дэлхийн яруу найргийн академийн дэд ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо “Яруу найраг, байгалийн оюун санаа”, яруу найрагч, профессор С.Дулам “Тэнгэр, газрыг холбосон монгол бөөгийн яруу найраг”, Испанийн яруу найрагч, доктор Хусто Хорхе Падрон “Яруу найраг, хүн, байгалийн хүйн холбоо”, Филиппины кино найруулагч Кидлат Тахимик “Дэлхийн дулаарлыг зогсооход эртний утга соёлд тулгуурлах нь”, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат “Өндөр гэгээн Занабазарын мутрын хувилгаан урлал” зэрэг илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Хорь орчим орны 300 гаруй үгийн шидтэн манай улсад чуулж буй талаар ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг “Дэлхийн яруу найргийн наадам нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, түүх, өв соёл, уламжлалыг таниулах онцгой ач холбогдолтой” хэмээн өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Монгол дахь Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Дэлхийн яруу найрагчдын их хурал, “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам, шинэ номуудын танилцуулга, чөлөөт ярилцлага, бичиг соёлын үзэсгэлэн зэрэг соёлын олон арга хэмжээг энэ сарын 22 хүртэл хийх аж. Наадмын албан ёсны нээлт маргааш нэрт яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, үгийн шидтнүүд төрөлх хэлээрээ шүлгээ уншиж, Говийн догшин ноён хутагт, яруу найрагч Данзанравжаагийн бүтээн босгосон Хамрын хийдэд үргэлжлэх юм байна.

Манай улсад Дэлхийн яруу найргийн өдрүүдээ тэмдэглэхээр ирсэн 300 гаруй төлөөлөгчөөс хоёр уран бүтээлчийн сэтгэгдлийг сонслоо.

Испанийн яруу найрагч Хусто Хорхе Падрон “2012 онд Дэлхийн яруу найргийн өдрүүд Македон улсын Струга хотод болоход яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёотой танилцсан юм. Түүнээс хойш өөрсдийн уран бүтээлийг харилцан орчуулсан. Миний “Тамын тойрог” зохиолыг тэрбээр орчуулж, би түүний 20 гаруй бүтээлийг эх хэлнээ буулгасан. Энэ үеэр Монголын тухай төсөөлөлтэй болсон.

Шүлэг бол яруу найрагчийн дотоод сэтгэлийн түрэлт учраас энэ наадмын үеэр сайхан шүлгүүд төрөх нь гарцаагүй. Мөн Монголын яруу найрагчдын шилдэг шүлгийг багтаасан түүврийг төрөлх хэлээрээ орчуулж гаргахаар зорьсон” хэмээн ярилаа.

Филлипины соёлын зүтгэлтэн, Фүкүокагийн Азийн соёлын шагналт, кино найруулагч Кидлат Тахимик “Филлипинд “Уугуул соёлоо тээгчид” олон улсын форумыг 2012 онд зохион байгуулсан юм. Тэр үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёо эх орноо төлөөлөн оролцож байлаа. Үүний дараа Монголд ирээд Холливудын кинонд гардгаас өөр, миний ойлголт буруу болохыг ойлгосон. Монголчууд баялаг өв соёлтой ард түмэн гэдгийг мэдсэн. Би арилжааны бүтээл хийдэггүй. Миний бүтээл Холливудын кино шиг сэтгэл татахуйц биш, ихэвчлэн яруу найраг, оюун санааны бүтээлүүд байдаг. Иймээс Шамбалын оронд зочлоход анхаарал татахуйц зүйлстэй учирвал кино хийх бодол бий. Өнөөгийн галзуу солиотой мэт, зав чөлөөгүй, эд материал, мөнгөний хойноос хөөцөлдөж буй дэлхий нийт болон байгалийн асар их өөрчлөлтийг буцааж, оюун санааны тэнцвэрт соёл руугаа эргэж очих цаг болсон. Магадгүй Монголын уламжлалт оюун санааны соёл, Филлипины уугуул соёл зэргээс бид оюун санааны тэнцвэрийг олох хэрэгтэй. Хотын соёл бол бүгд л ижил. Хэт их үйлдвэржсэн Европыг даган дуурайх хэрэггүй” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай