У.АЙЫЫНА: Олимпын анхны аварга гимнастикч болбол гоё доо

Саяхан БНХАУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ундрахын Айыынаг “Шинэ танил” онцоллоо. Уран сайхны гимнастикийн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж буй тэрбээр УАШТ-д сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн.

Мөн өнгөрсөн оны сүүлчээр АНЭУ-д болсон “Дубай опен”-оос алт, хүрэл, энэ оны зургадугаар сард Сингапурт зохион байгуулсан олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Өдгөө есөн настай түүний гимнастикийн өмсгөлийг ээж С.Надежда нь урладаг юм билээ. Ярилцлагын үеэр түүний аав “Охин минь хичээнгүй, хөдөлмөрч. Ирээдүйд бүр том амжилт гаргана гэдэгт нь итгэдэг. Хэдийгээр тэмцээнд оролцуулж, бэлтгэл хийлгэхэд санхүүгийн хүндрэл үргэлж гардаг ч эхнэр бид хоёр охиноосоо юугаа ч харамлахгүй.

Олон улсын тэмцээнд оролцон, туршлага хуримтлуулж байж л амжилт нь ахина. Тиймээс бүх л тэмцээний зардлыг нь өөрсдөө аргалдаг ч өрсөлдүүлээд л байхыг эрмэлздэг юм. Төр, засгаас гимнастикийн спортынхныг дорвитойхон дэмжиж, дөмөгхөн туслахыг хүсье” хэмээн учирласан юм.

-Өмнөд хөршид болсон олон улсын тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртэхэд аль төрөл нь хамгийн өрсөлдөөнтэй байв?

-Би чөлөөт хөдөлгөөн, бөмбөг, булавын төрөл болон нийлбэр дүнгээр түрүүллээ. Бусад тамирчид маань 11 алт, 10 мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Түрүүлнэ гэж аавдаа амласандаа хүрч, бүр дөрвөн алтан медаль авсандаа баяртай байна.

Тэмцээнд ээж минь надтай хамт явсан. Үзүүлбэрээ үзүүлэхийн өмнө “Миний охин чадна аа” хэмээн дэмжин, урам хайрлаж байсан нь амжилтад минь их нөлөөлсөн. Булавын төрөл хамгийн өрсөлдөөнтэй боллоо. Энэ төрлийн тэмцээний эхэнд гаргасан алдаагаа засан, оноогоо нөхөхийн тулд нэлээд хичээж, зүтгэсэн.

-Тэмцээний дараа хамтарсан бэлтгэлд оролцсон гэсэн. Монголоос танаас өөр тамирчин бэлтгэл хийсэн үү?

-Үгүй ээ. Би ганцаараа хамрагдсан юм. Таван өдрийн турш үргэлжилсэн хамтарсан бэлтгэлийг Риогийн олимпын аварга Маргарита Мамун, IV байрын шагналт, БНСУ-ын тамирчин Ён Жае Сонг тэргүүтэй шилдэг тамирчин удирдлаа. Уран сайхны гимнастик дотроо таван төрөлтэй. Тэгэхээр нэг өдөрт нэг дасгал давтсан гэсэн үг. Зөндөө олон зүйл шинээр сурлаа.

Багаасаа хүндэлж, биширч өссөн тамирчидтайгаа хамтарсан бэлтгэл хийн, заавар, зөвлөгөөг нь сонсох үлгэрийн юм шиг сайхан байсан. Би Мамун аваргатай ярилцан, зургаа хамт авахуулсан шүү. Тэр надад “Чи мундаг юм аа. Улам хичээгээрэй” гэж хэлсэн. Бас олон шинэ найзтай боллоо.

-Ах тань гимнастикаар хичээллэдэг нь У.Айыынаг энэ спорттой амьдралаа холбоход чамгүй их нөлөөлсөн байх.

-Тэгэлгүй яах вэ. Ахыг минь Айаал гэдэг. Спортын гимнастикаар хичээллэдэг. Олон улсын тэмцээнд оролцож үзээгүй ч УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн. Ахыгаа бэлтгэл хийж байхыг нь хараад гимнастикч болохоор шийдэн, 2013 онд Б.Халиун багшийн шавь болсон юм. Багш маань “Тамирчин хүн юуны түрүүнд тэмцээнд оролцон, амжилт гаргахаас илүүтэй гимнастикийн спортод дуртай болох нь чухал” гэж захьдаг.

Би нийслэлийн 14 дүгээр сургуульд сурч, гэртээ ихэвчлэн орос хэлээр ярьдаг болохоор бэлтгэл хийж эхлэхэд хэлний бэрхшээл багагүй гарсан. Нэг удаа багш минь “За хүүхдүүдээ тааз руу гараа өргөөрэй” гэхээр нь би буруу ойлгоод ташаа руугаа гараараа заачихаж билээ. Бэлтгэл хийж эхэлснийхээ дараа жил УАШТ-д түрүүлж, анхны амжилтаа гаргасан. Би уран сайхны гимнастикийг хамгийн гоё спорт гэж боддог. Нээрээ, миний өмсгөл гоё байгаа биз.

-Гоё юм аа. Мэргэжлийн оёдолчноор урлуулсан юм уу?

-Үгүй ээ. Ээж минь оёж өгсөн юм. Ер нь миний өмсгөлийг ээж минь урладаг юм. Энэ өмсгөлийг 10 гаруй хоногийн хугацаанд чилийтэл сууж байгаад оёсон. Үүнээс гадна урлаж өгсөн хоёр өмсгөл нь надад бий.

-Нэр нь их содон юм. Ямар утгатай үг вэ?

-Бурхны бэлэг гэсэн утгатай. Нэрээ хэлэхээр ихэнх хүн надаас яг таны асуусныг асуудаг, эсвэл яаж бичдэг юм бэ гээд гайхдаг юм.

-Гимнастикаар хичээллэхээс өөр авьяас бий юү?

-Би шүлэг унших, бүжиглэх дуртай. Хэн нэгэн “Авьяасаа үзүүлээрэй” гэхээр нь ихэвчлэн бүжиглэдэг. Би “Дээвэр дээр суудаг Карлсон” гэдэг нэртэй ном уншиж байгаа. Хөгжилтэй, сонирхолтой ном байна лээ. Ойрын хугацаанд дугуй унаж, усанд сэлж сурахыг хүсэж байна.

Тамирчин бүхний адил олимпын аварга болохыг мөрөөддөг. Монголын гимнастикийн спортоос мэндэлсэн олимпын анхны алтан медальтан болбол гоё доо. Бас ирээдүйд Б.Халиун багш шигээ мундаг дасгалжуулагч болохыг мөрөөддөг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай