Ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ихэнх нутгаар хүчтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер, усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Үер, усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?

Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, хүүхэд,   жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/

  1. Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  2. Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх
  3. Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  4. Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах
  5. Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх
  6. Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх

Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ?

  • Өөртөө болон бусдад туслах
  • Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих
  • Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш оролгүй хүлээх
  • Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах аюултайг анхаарах
  • Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж очих
  • Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах
  • Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай