“Оюутолгой”-г оролдох хэрэггүй

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2014 онд “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн удаатай. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тулгуур болох олон асуудлын шийдлийг олохоор энэ хөтөлбөрт тусгасан юм. “Эдийн засгаа даруй сэргээхэд ямар арга хэмжээ шаардлагатай авах вэ” гэсэн агуулгатай асуултыг 180 аж ахуйн нэгжид тавихад 162 нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхэлж, хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэж хариулсан байдаг.

“Оюутолгой” төсөл манай улсын эдийн засагтай дүйх хөрөнгө оруулалттай. Тиймээс эдийн засагт асар том нөлөөтэй гэдэгтэй маргашгүй. Тэнд 1000 гаруй компани туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Монголын шилдэг гэж нэрлэж болох 6000 залуу ажиллаж байгаа. “Оюутолгой” бол аль ч талаас нь дүгнэхэд эдийн засагт ашиг тусаа өгөх аварга төсөл юм.

Н.Алтанхуягийн халааг авсан Ч.Сайханбилэг иргэдийн дунд “Оюу толгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох”, эсвэл “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр асуулттай санал асуулга явуулсан.

Гар утсаар дамжуулан авсан уг санал асуулгад 350 мянган иргэн оролцож, 56 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн хувилбарыг дэмжсэн юм. Хоёр санал асуулгын дүнгээс олон нийт “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхийг дэмждэг нь тодорхой харагддаг.

Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөрөнгө оруулалтын маргаанаас шалтгаалан хоёр жил гацаад байсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хэлэлцээрийн ширээний ард “Рио тинто”-гийнхонтой суусан юм. Хэлэлцээрийн үр дүнд мөнөөх хэл ам дагуулсан “Дубайн гэрээ”-г 2015 оны тавдугаар сард баталсан билээ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө ийн баталснаар гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Яагаад өнгөрснийг улиглаад эхлэв гэж гайхаж байна уу. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.7 тэрбум ам.долларыг олон улсын 15 банкнаас зээлэх замыг заасан “Дубайн гэрээ”-г гоочлох бэлтгэл ажлыг УИХ-ын зарим гишүүн Төрийн ордонд хангаж буйг “бор шувуу” жиргэв. Хэн, хэн “Рио тинто” Монголыг луйвардсан гэж зарга үүсгэх бол. Энэ гэрээг эсэргүүцдэг УИХ-ын гишүүдийг олон нийт андахгүй биз. Намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн тэдний дуу хоолой чангарна гэж таамаглая.

“Оюутолгой” төсөл Монголын эдийн засгийн тулгуур мөн үү гэвэл мөн. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ төслөөр баримжаалж Монголд ханддаг уу гэвэл тийм. “Дубайн гэрээ”-г үгүйсгээд эхэлбэл монголчууд тогтворгүй бодлоготой, барьцгүй төртэй гэдгээ дахин дахин нотлох болно. “Галт тэрэг” нэгэнт хөдөлсөн, бүтээн байгуулалт үргэлжилж, санхүүжилт нь манайх руу урсаад байна.

“Оюутолгой” төслийн хэтийн үр ашгийн төлөө санаа зовох нь зөв. Гэвч гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт их байна гэж мэтгэж боломгүй санагдана. “Дубайн гэрээ”-ний дагуу олон улсын банкуудаас зээлсэн 4.7 тэрбум ам.доллароор 2020 он хүртэл 45 км хонгил, 10 км урт туузан дамжуулга, долоон давхар байшинтай тэнцэхүйц бутлуурын цех, газрын гүн рүү 1000 гаруй метр “зоосон” босоо ам барина.

Газрын гүний чулуулгийг өрөмдөж, хана туургыг бэхлэхэд энэ мөнгө хүрэлцэх эсэх нь баттай тооцоолол биш. “Оюутолгой”-н ордын нөөцийн 80 хувь нь газрын гүнд, өөрөөр хэлбэл 1000 метрийн доор байгаа. Газрын гүн дэх баялгийг олборлож, гадарга дээр гарган, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хатуухан хэлэхэд “амь дүйсэн” бүтээн байгуулалт хийж буй юм.

Аливаа төслийг эхлүүлэхэд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулдаг. Монголчууд ТЭЗҮ-ийг хөдлөшгүй тооцоолол гэж ойлгож хэвшсэн гэмтэй. Энэ бол баримжаа тооцоолол юм. Бүтээн байгуулалтын явцад тооцоолсон санжүүжилт нь дутаж, эсвэл илүү гарч ч болно. Санхүүжилт нь дутвал нэмэлт хөрөнгө оруулалт татаж байж бүтээн байгуулалтаа дуусгахаас өөр гарцгүй. Илүү гарвал сайн л биз. Газар дээрх бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийн тооцоолол зөрөх тохиолдол өчнөөн бий.

Тэгэхээр газрын гүнд хийх бүтээн байгуулалтын тооцоолол яс мөргөх нь эргэлзээтэй. Тиймээс өнөөдөр хөрөнгө оруулалт их байна, бага байна гэж маргах хэрэггүй санагдана. Гүний уурхайн бүтээн байгуулалт дахиад хоёр жил үргэлжилсний дараа хөрөнгө оруулалтын үнэлгээ хийж болно. Манай талд ингэх эрх нээлттэй.

Санхүүжилтийн хяналт тавихыг буруутгах үндэсгүй. Харин “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт их байна, багасгах шаардлагатай гэж үндэслэл, тооцоололгүй хоосон улстөржих нь хэзээ ч бидэнд сайн тус болохгүй. Тиймээс “Оюутолгой”-г оролдох хэрэггүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай