БНХАУ-тай хил залгаа зарим аймагт хяналтын камерын систем туршина

БНХАУ-тай хил залгаа зарим аймагт хяналтын камерын систем туршина

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хар тамхи, хүн худалдах болон хил дамнасан цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ. Тэр дундаа ӨМӨЗО хяналтын камерын систем ашиглаж гэмт хэргийг бууруулсан сайн жишгийг Монгол Улсад нутагшуулах сонирхолтой байгааг онцолсон.

ӨМӨЗО-ы Хөх хот гурван сая хүн амтай бөгөөд хяналтын камерын систем суурилуулснаар гэмт хэрэг, зөрчил 30 хувиар буурч, илрүүлэлт 17 хувиар өссөн аж. ӨМӨЗО-ы төлөөлөгчид ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд орчин үеийн техник, технологи ашиглах нь гар нүцгэн тэмцэхээс хавьгүй үр дүнтэйг хэлж байлаа.

Улмаар хоёр тал хамтран БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камерын систем суурилуулахаар санал нэгдэв. Туршилт амжилттай болбол нийслэлд нэвтрүүлэхэд бүх талаар дэмжихээ төлөөлөгчдийн тэргүүн Ма Мин онцоллоо. Өмнөд хөршийн төлөөлөгчид ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай