Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний долоон сарын илтгэлийг танилцууллаа.

Энэ оны эхний хагас жилд манай ДНБ 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.9 тэрбум буюу 5.3 хувиар өсчээ. Уг өсөлтөд аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар 234.5 тэрбум, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам.долларт хүрч, экспорт 3.5, импорт 2.3 тэрбум ам.доллар буюу өмнөх жилээсээ 1.5 тэрбум “ногоон”-оор нэмэгджээ.

Хоёрдугаар улиралд эдийн засаг өсөлттэй байгааг эдийн засагчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд гаднын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, дотоодын бараа эргэлт сайжирсан, Дэлхийн зах зээлд алт, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж ярив.

ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “ДНБ өсөхөд боловсруулах аж үйлдвэрийн (үхэр, хонины махны) гарц түлхэц болсон. БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ Монголын нүүрсний экспортыг эерэг баланстай болгоход хүргэлээ. Энэ нь манай эдийн засагт боломж нэмсэн. Цаашдаа ДНБ их буурахгүй энэ өсөлтөө хадгалах төлөвтэй” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай