Үйлдвэр, урлалын политехник коллежийнхон үйл ажиллагаагаа танилцууллаа

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийнхон өчигдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. 51 жилийн түүхтэй эл сургуулийн сургалтын албаны менежер Г.Баярхүү “Манай сургууль 1966 онд байгуулагдаж, өдгөө хоёр дахиа магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн боловсролын байгууллага юм. 80 гаруй багш, 1500 гаруй оюутантай бөгөөд 28 мэргэжлээр элсэлт авч байна. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАИКА, Солонгосын КОИКА, Германы ЖИЗ, ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засаг, аялал жуулчлалын сургууль, ӨМӨЗО-ы Ордос болон Шилийн гол хошууны Ажил мэргэжлийн сургуультай хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ манай төгсөгчид ШУТИС болон МҮИС-д судалсан хичээлийнхээ багц цагийг тооцуулан суралцах боломжтой” хэмээн ярилаа.

Сонирхуулахад, их, дээд сургуулийг жилд 30-40 мянган оюутан төгсдөг ч 30 гаруй хувь нь ажилтай болдог гэх судалгаа бий. Харин Үйлдвэр, урлалын политехник коллежийн цахилгаанчин, авто механикч, үсчин гоо засал, урлал дизайн зэрэг 28 мэргэжлээр суралцан, төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажилтай байдаг аж. Тус сургуульд суралцснаар ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалт, техник технологи гэсэн танхимд өөрийгөө давхар хөгжүүлэхийн зэрэгцээ харилцаа, төлөвшлийн хичээлийг суралцах боломжтойгоороо онцлог юм байна.    

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай