С.Ганбаатарыг 1.4 сая төгрөгөөр торгож, 50 сая воныг нь улсын орлого болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон хандивт авсныг ЭЦА-ныхан илрүүлсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 50.1.1, 50.1.2-т заасан иргэнээс гурван сая төгрөг, хуулийн этгээдээс 15 сая төгрөг хүртэл хандив авч болох, 52.1.1, 52.1.4-т заасан гадаад улс буюу гадаадын байгууллага, иргэнээс хандив авахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо, Хөдөлмөрийн үндэсний нам, Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Б.Баасанжаргал нараас гаргасан гомдол, мэдээллийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс шийдвэрлэжээ.

Уг нь энэ сарын 7-ны 16.00 цагт шүүх хурал товлож, зөрчилд холбогдогч С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 14-нд Улаанбаатарт очно” гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2-т зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах тухай саналыг шүүх хүлээн авч ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд зөрчилд холбогдогч шүүхийн дуудсан цагт ирэх үүрэгтэй байхаар хуульчилсан.

Тухайн өдрөө ирээгүй тул энэ сарын 9-нд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэжээ. Улмаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу нэг сая 440 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалган, түүний авсан хандив 50 сая воныг улсын орлогод авахаар шийдвэрлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай