А.Эрдэнэ-Очир: Өвөл, хаврын хахир хатууг ажрахааргүй насан дээрээ явна даа, би

Шатаж байгаа юм шиг давхидаг

Гал шарга морьтой юм би

Шаналж байгаа юм шиг харагддаг

Далд хийморьтой юм би

Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй

Цээжний алсад эх орон минь бий... хэмээн тэрбээр ердөө 21 настайдаа бичиж байв. Төдий насан дээрээ өөрийгөө олж, амьдралыг таньж, эх орноо хайрлахын уг чанарыг мэдэрсэн хүн хэр олон бол.

Баяр наадмын босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Соёлын гавьяат зүтгэлтэн болсонд тань юуны өмнө баяр хүргэе. Зарим хүн шагнал авахаараа “Надад илүү ихийг хийж бүтээх урам, ташуур өглөө” гэдэг. Зарим нь “Хийсэн бүтээснийг минь төр үнэллээ” гэдэг. Таны хувьд юу гэж бодогдож байх юм.

-Би ер нь гавьяа шагнал бодож яваагүй хүн дээ. Хаанаас, яаж тодорхойлдгийг нь ч мэдэхгүй. Тиймээс шагнууллаа гээд айхтар баярлаж, сүйд болсон юм алга. Харин миний өмнөөс маш олон хүн үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа нь сайхан санагдсан. Надад баяр хүргэсэн олон түмний хандлагаас баримжаа мэдрэгдэнэ л дээ.

Хүн өөрийнхөө хэм хэмжээг мэдэх, мэдрэх гэж айхтар юм байна шүү. Тийм ч учраас миний уран бүтээл уншигчдад тодорхой хэмжээгээр хүрсэн болоод үнэлэмж нь эргээд надад ирлээ гэж бодож байна. Өнгөрсөн он жилүүдэд би зүгээр суугаагүй.

Орчлон ертөнцийн гоо сайхан, амьдралын мөн чанарын тухай бодож эргэцүүлээгүй, уран бүтээлийн эрэлд гараагүй цаг мөч ховор. Оноогдсон хувь тавилангаараа, сэтгэлийн дуудлагаараа л амьдарч, туурвиж явна.

-“Монголын орчин цагийн уянгын яруу найргийн том төлөөлөл төрдөө үнэлүүллээ” гээд олон түмэн их баярлаж байсан. Нутагтаа наадамлаад ирсэн гэсэн. Нутаг усныхан, ээж, эгч, дүү нар тань их баяртай байгаа нь дамжиггүй.

-Тэгэлгүй яах вэ. Ээж минь аймгийн төвд ирчихсэн, эгч, дүү нар, нутгийн ахан дүүс Ноён хутагтын музейд намайг угтаж авсан.

Шөнөдөө Улаанбадрах сум руугаа явж, угаасан уснаасаа амсаад, орчлонд намайг боож авсан ээжтэйгээ уулзлаа. Олон сайхан хүүхдийг эх барьсан ачит ээж минь их баяртай байна билээ. Намайг уралдааны морь унаж эхэлж байх үед миний аав хүйн ээжид минь аваачиж танилцуулснаас хойш өнөө хүртэл байнга холбоотой явдаг.

Би наадам үзэх их дуртай. Даанч сүүлийн үед манайхан олигтой ч наадаж чадахаа байж. Бүх зүйл нь тавилттай, урьдаас төлөвлөгдсөн, зохиомол болоод байгаа учраас тэгтлээ сонирхохоо больсон.

“Урьдаас төлөвлөөгүй, гэнэтийн зүйл хамгийн сайхан. Шагнал ч тэр” хэмээгээд тэр өөдөөс ёжтой инээмсэглэв. Долдугаар сарын 7-ны орой Монголын радиод наадмын нэвтрүүлгээ бичээд сууж байхад нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүн рүү утасдаж, шагналын тухай дуулгажээ.

Гэнэтийн, тулгуу баярт мэдээг дуулаад маргааш нь “Мишээл экспо” төвөөр өдөржин явж байж тэр бор шаргал дээлийг олж өмссөн гэнэ. Ээж нь уран гартай үйлчин учраас А.Эрдэнэ-Очир ах энэ яваа насандаа өөр хүний хийсэн дээл өмсөж үзээгүй аж. Тиймээс бусдын хийсэн дээлний эсгүүр, хийцээс эхлээд товч, шилбэний урт, богино нь хүртэл сэтгэлд нь нийцэхгүй байснаас тэгж “үйлээ үзсэн” хэрэг.

-Та нэг жил хөдөө очиж, малыг нь хариулаад, ээжийгээ наадам үзүүлсэн гэдэг байх аа?

-Ээжийгээ наадам үзүүлчих юм сан гэж олон жилийн өмнөөс боддог байв. Тэгээд нэг жил бодсоноо хэрэгжүүлэх гэтэл ээж явахгүй гээд нэлээд юм болсон. Би эндээс наадмын дээлийг нь хүртэл хийлгээд оччихсон байдаг, ээж “Аймгийн наадамд миний хүүг урьсан байж таарна. Чи өөрөө яв” гээд болдоггүй. Тэгсэн хоёр хайдаг ингэндээ санаа зовсон юм билээ. Эх амьтны зовлон нэг хойно “Намайг явчихаар хоёр ингэний минь дэлэнг хэн суллах билээ” гэхэд нь л бид санаа авч, миний дараагийн дүү очиж надтай хамт хэд хоног гэр сахьсан.

-Уянгын яруу найргийг шимтэн, сэтгэл нь хөдөлдөг, бодрол ухаарал авдаг хүн цөөрсөн юм уу даа гэж анзаарагддаг. Яруу найргийн үүрэг гэж байдаг бол таныхаар өнөө цагт тэр нь юу вэ?

-Хүмүүсийн сэтгэл их сонин болчихоод байгаа юм аа. Нэлээд хэдэн жилийн өмнө би “Хүн чанарын сэрүүн улирал одоо эхэлж байгаа юм биш үү” гэж хэлж байсан удаатай. Тэр хүйтэн салхи одоо улам ширүүсээд байх шиг. Хүмүүс юманд чин сэтгэлээсээ хандахаа байчихаж. Ер нь хүн аливаад сэтгэлээсээ хандахаа байгаад ирэхээр барагтай юмыг олж харахгүй, мэдрэхгүй болдог юм байна.

Хүний хамгийн үнэтэй чанар бол сэтгэл гэж би боддог. Сэтгэлгээний ураар юуг ч бүтээж болно, гэхдээ сэтгэлгүй бол тэр нь хэврэг бөгөөд үнэ цэнэгүй. Дэлхийн сонгодог гэгдэх уран зохиол, уран зураг, хөгжим бүгд л сэтгэл гэж гайхамшигтай зүйл дотор нь байсан учраас өнөө хүртэл үнэ цэнэтэй, хүн төрөлхтний оюун санааг хөтөлж явна. Энэ залгамж тасрах вий гэж их эмзэглэх юм.

Үр хойчийнхоо ирээдүйд л хамгийн их санаа зовж сууна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ гэх мэтээс хүүхдүүдийн ааш авир, байгаа байдлыг анзаарахад эмзэглэмээр зүйл их байх юм. Шүлэг унш гэж учиргүй шахах нь юу юм, гэхдээ нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлэхэд анхаармаар санагддаг.

Утга зохиол, яруу найрагт ч уран бүтээлчдийн сэтгэл дутагдах болсон юм уу даа гэж анзаардаг. Нэг ном гаргахаараа, эсвэл хүн жаахан урам өгөөд хэдэн үг хэлчихээр, эс бөгөөс Зохиолчдын эвлэлд элсээд, жижиг шагнал авахаараа танигдахаа байдаг залуу олширч. Яваандаа тэд бүр юунд ч дийлдэхээ байх шинжтэй юм.

Одоогийн хүмүүс ямар мэдрэмжгүй болчихсон юм бэ гэж өмнөөс нь харамсал төрдөг. Би хэрэндээ л шооч хүн. Шоолоод, егөөдөөд, ёгтлоод байхад огт анзаарч мэдрэхгүй юм. Ямар сайндаа л хоёр хоногийн өмнө би нутгийнхаа альбомыг үзээд, хэдэн тэмээний зураг байхаар нь “Хүүе, миний таньдаг хүмүүстэй ямар төстэй юм. Энэ тэмээ хүнээр бол яг тэр шүү” гээд ганцаараа инээж суулаа. Шоолох юм олдохгүй, шоолоод ч мэдрэхгүй, урамгүй байгаад байхаар нь тэмээ хүртэл “барьж авах” вэ дээ (инээв).

-Анх шүлэг бичиж эхэлсэн үеэсээ өнөө хүртэл та зөөлөн, уянгын өнгө аястай бүтээлүүд туурвисан. Төрөлх өгөгдөл, өөрийн зөн мэдрэмжээс хазайлгүй, нэг чиг шугамаар явахдаа та хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Хүнд, эсвэл өөртөө хэрэгтэй зүйл хийж байна уу гэж үнэндээ бодож явсангүй. Гэхдээ зайлшгүй хийх ёстой юмаа хийж байна гэж бодож ирсэн. Хувирах бол их амархан. Янз бүрийн арга барил, төрөл, урсгал чиглэлээр бүтээл хийж болно л доо. Гэхдээ тэр бол миний юм биш. Өөрийнхөө наадам дээр хүний дээлээр гангарч яваагаас өөрцгүй, зохимжгүй.

Урьд нь миний олж харсан, бодож эргэцүүлсэн зүйлүүд он жил өнгөрөх тусам өөрчлөгдөж, орхигдох нь бий. Тэрийгээ ахиулах тухай л бодохоос бус өөрийнхөө хийж байсан бүхнийг нураачихаад шинээр эхэлнэ гэж байхгүй. Жишээ нь, би нутагтаа очих тоолондоо гоо сайхныг нь шинээр нээж харж чаддаг. Бидний багад хөдөөгийн хүүхдүүдийг ямарваа нэг гоо сайханд хөтөлдөг зүйл нь үлгэр, үүл, радио гурав байлаа. Говийн хүний зангаар би одоо ч үүлийг их аждаг.

-Шүлэг бичиж байгаа залуусыг та хэрэгтэй зүйл хийж байна гэж боддог уу?

-Хэрэгтэй. Хүнд хэрэггүй байж болох ч өөрсдөд нь хэрэгтэй. Сайн ч, муу ч шүлэг бичиж байгаа хүний дотор ядаж л сэтгэлийн жаахан гэгээ байна гэсэн үг. Бурхны номонд гэгээрэлд хүрэх хамгийн эхний алхам нь бодол санаагаа шүлгээр илэрхийлэх гэж байдаг.

Үнэхээр л тэр хүний дотор ямар нэг эгшиг баясгалан төрж байгаа болоод шүлэг бичиж буй хэрэг шүү дээ.

-“Сумын наадам хэсэж явтал хүүхэд нас дуусаж, аймгийн наадам хэсэж явтал арай залуу нас өнгөрөөд, одоо ч улсын наадам үзэх хугацаа бага үлдсэн байх шүү” гэж та хошигносон. Шүлэг бичээд, наадам хэсээд, эрх дураараа... Ингэхэд та ер нь улсад хэдэн жил ажиллав?

-Эргээд бодоход би ер нь сэтгэлийнхээ эрх зоргыг л дагасан хүн юм. Гэхдээ улсад нэлээд олон жил ажилласаан. Улсын багшийн дээд сургуулийг дундаас нь орхиод, Ноён хутагтын музейг анх байгуулахад манаачаар нь ажиллаж байлаа. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат бид хоёр манаач хийдэг.

Хоёулаа үргэлж хамт ээлжинд гарсаар байгаад сүүлдээ хэнийх нь жижүүр гэдгийг ч мэдэхээ байсан (инээв). Улсын үнэт соёлын өв санг харж, хамгаалахаас ажлын гараагаа эхэлсэндээ бэлгэшээдэг. Хутагтынхаа эдэлж хэрэглэж асан зүйлсийг өдөр бүр ойроос харж, сүсэглэн биширч явахад сэтгэлд өег сайхан байсан.

Ноён хутагтын өв дамжсан тахилч, Соёлын гавьяат зүтгэлтэн Алтангэрэл гэдэг хүн манай хүргэн ах юм. Тусдаа гарахаасаа өмнө манайд амьдарч байв. Хүүхэд ахуй цагт манайд олон бурхан тахил, сэлэм хүртэл байдаг байсан нь хутагтынх гэдгийг хожим мэдсэн.

Түүний дэргэд байхаар цаанаа л нэг тайван амгалан болж, уужуу уясуу бодол эрхгүй асгардаг тухай хэд хэдэн хүнээс сонсож байв. Гэхдээ бүсгүй хүнээс бус, эрчүүдээс энэ үгийг сонссон юм шүү. “Би тийм тийм хүнийг их амгалан тайван гэдгийг мэднэ. Гэхдээ чиний дэргэд тэднийг амгалан гэхэд хэцүү юм” гэж хүмүүс өөрт нь ч бодит жишээ татан хэлдэг гэнэ лээ.

Дорноговь аймгийн орлогч дарга асан, хүүхдийн байгууллагыг нь олон жил удирдсан Баярсайхан хэмээх хуурай ах нь түүнийг байнга “Янзын муу цус шүү” гэдэг байж. Гайхаж явсаар хожим учрыг нь асуухад “Юу хийж буй нь, яах гээд байгаа нь мэдэгддэггүй. Аливаа юманд яарахгүй, тэгсэн атлаа ажил нь нэг мэдэхэд бүтчихдэг, янзын муу цус шүү” гэсэн гэдэг. Хүн сэтгэлээ гэгээн тунгалаг байлгаж чадвал амьдралын их замд тааралдах саад бэрхшээлд аяншиж, түүртэлгүй даван гарч болно гэдгийг Эрдэнэ-Очир найрагч хэлсэн билээ.

-Тан шиг сэтгэлийнхээ эрх зоргоор амьдарч чаддаг хүн тийм ч олон биш. Тийм хүний дэргэд байхад эргэн тойрныхонд нь хэцүү байдаг болов уу?

-(Инээгээд) Мэдэхгүй юм. Гэхдээ миний мэдэрдгээр ямар ч байсан тэдэнд нэг их тээргүй байдаг болов уу. Харамсалтай юм нь гэвэл тэднийхээ хүсэн хүлээж буй зүйлийг би тэр болгон өгч чадахгүй нь хэцүү. Гээд яваандаа бүгд болчихдог юм аа. Намайг угаасаа л ийм хүн гэдгийг мэдэж байгаа учраас бухимдаад юу өөрчлөгдөх вэ дээ.

Ер нь хүний амьдралын бүх зүйл хэмжээтэй гэж боддог. Идэх уух, эдэлж хэрэглэх юм, ирэх буцах хугацаа хүртэл хэмжээтэй. Тиймээс аливаад илүү их шунамхайралгүй, хэмжээндээ тааруулах ёстойг би мэднэ. Одоо харин надад үлдсэн эрх зорго, цаг хугацаа, хэм хэмжээг тааруулж, зөв хуваарилж эдлэхийг хүсдэг. Үр хүүхдүүдийнхээ хувь заяаны өгөгдлөөс урьдчилаад идчихгүй юм сан гэж дотроо бодож явдгийг миний гэр бүл, эргэн тойрныхон үггүйгээр ойлгодог болов уу.

Д.Урианхай ахтай 2009 онд хөдөөгүүр явж байхад “Эмч нар миний махан бодийг төд насална гэж хэлсэн. Тиймээс би үлдсэн хугацаандаа тохируулаад, уран бүтээлийн төлөвлөгөө гаргасан” гэхэд нь эхэндээ гайхаж билээ. Гэтэл хүн үнэхээр л өөртөө хэр таарсан ачаагаа үүрсэн шиг үүрч, хийж бүтээнэ гэж зорьсон зүйлээ амжуулах хэрэгтэй гэдгийг одоо сайн ойлгож байгаа. Багаасаа хурдан морь унасан учраас хэдий хэр ачаатай, ямар хэмжээний зам туулах вэ гэдэг багцаа надад ер нь бий шүү.

-Таны сэтгэлийн байгаль одоо ямар улирал дээрээ явж байгаа бол?

-Улирлаар илэрхийлбэл миний сэтгэлийн байгаль одоо налайсан сайхан намар цаг л юм даа. Өвөл, хаврын хахир хатууд ер ажрахгүй, дараа зуны бороо, ногоотой залгатал өл даахуйц насан дээрээ явна даа, би.

-1990-ээд оныхон уран зохиолын олон урсгал чиглэлээр бичиж, тэр хэрээрээ үзэл бодлоороо ч хуваагдсаныг та хүлээн зөвшөөрөх биз. Энэ нь шинэ үеийнхэнд ч “уламжлагдсан” гэхэд болно.

Гэтэл тантай болохоор бүх үеийнхэн үзэл бодлын зөрчилгүйгээр илэн далангүй, нээлттэй, чин сэтгэлээсээ харилцдаг шиг санагддаг. Яагаад тэр юм бол?

-Үзэл бодол, урсгал чиглэлээрээ хуваагдаад байгаа хүмүүсийг би амьдралыг багахан хүрээнд хардаг юм уу гэж боддог. Сэтгэл нь дэлгэрээгүй, цээжний нөмөр багатай хүмүүсээс л тийм араншин гардаг байх. “Тэр бол энэ чиглэлийн хүн юм чинь би түүнтэй харилцахгүй” гэдэг хандлага уран зохиол, улс төр, нийгэм соёл гээд бүхий л салбарт анзаарагдах юм.

Цөөхөн монголчууд минь ийм ухвар мөчид байж болохгүй. “Ямар ч хүнээс гэгээтэй, сайн сайхан талыг нь олж хардаг байх нь чухал” гэж найрагч дүү нартаа би хэлэх дуртай.

Угийн муу хүн гэж байхгүй. Нутагтаа намайг очихоор гудамжны архичин, гуйлга гуйдаг хүмүүс жигтэйхэн таниад, хүрээд ирдэг. Бусдын нүдэнд арчаагүй, хогийн новш шиг харагддаг тэр хүмүүсийн дунд өглөө бүр Ноён хутагтын музейн өмнө залбирдаг хүн ч бий. Тэр хүн дотроо ямар ч сайхан юм бодож, төсөөлж, сэтгэл дотроо ариусган залбирсан байж болно шүү дээ. Гэтэл түүнийг “Энэ дотроо юу бодож байгаа бол. Намайг шагнал авсанд атаархаж байгаа болов уу” гэж хардсан нүдээр хардаг бол хэцүү еэ.

Өөрийнх нь шүлэглэснээр ханилсан нөхрөө халтирахад нь түлхэж, амьтны урдуур орж, алдрын хаалгаар чихэлдэж байгаагүйнх нь төлөө, дайсан, нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж яваагүйнх нь хариуд амьдрал түүнд эрх зоргоороо байх хамгийн том шагналыг өгсөн гэлтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай