Цаг цагаар ажилладаг цахилгаан шат

Иргэдийг зам, тээврийн осол, гэмтлээс хамгаалах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гүүрэн гарц маш чухал. Улаанбаатар хотод одоогоор ийм дөрвөн гарц бий. Гэвч тэдгээрийн цахилгаан шат ажиллахгүй байна гэх иргэдийн гомдол тасардаггүй. Тэр дундаа цагт 800 хүн зорчдог гэх “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын зам дээгүүр тавьсан гүүрэн гарцны цахилгаан шат ажиллахаасаа ажиллахгүй нь их.

Гүүрэн гарцуудын цахилгаан шат хэвийн ажиллаж буй, эсэхийг сурвалжлахаар 120 мянгатын автобусны буудалд очлоо. Гурван давхар барилга шиг сүлжилдсэн шат бүхий гүүрэн байгууламжийн нэг талын цахилгаан шат ажиллаж байсан ч нөгөөх нь зогсчээ. Цахилгаан шатанд сууж чадаагүй таяг тулсан эмээ хажуугаар нь зөрсөн хөвгүүнээс туслахыг хүсэхэд, хүү түүнийг үүрэн шатаар буув.

Түүнчлэн нэгэн бүсгүй хөлөө ганц нэгээр нь зөөн, болгоомжтой гэгч нь бууж харагдлаа. Түүнтэй уулзахад “Манай гэр хажуугийн “Баян Монгол” хороололд байдаг. Би өдөр бүр энэ гүүрэн гарцаар зорчдог. Нэг талын цахилгаан шат нь эвдрээд нэлээд удлаа. Нөгөөдөх нь хэд хоногийн өмнөөс л ажиллаж эхэлсэн. Хөгшин болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шатаар өгсөж, уруудахад амаргүй байдаг байх. Оройн цагаар бүр хэцүү шүү дээ. Энэ цахилгаан шатыг ашиглалтад оруулах талаар холбогдох хүмүүст нь уламжлаад өгөөрэй” гэв.

Уг гүүрэн гарцыг хариуцсан лифтчинтэй утсаар холбогдоход “Гүүрэн гарцны хоёр цахилгаан шат асуудалгүй ажилладаг. Гэвч өчигдөр (даваа гаригт) цахилгааны гэмтэл гарснаас болоод нэг нь зогссон. Бид гэмтлийг засахаар ажиллаж байна” гэсэн хариу өглөө.

Сүхбаатар дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын уулзварын явган хүний гүүрэн гарцан дээр уржигдар 15.00 цагийн үед очсон юм. Тэгэхэд хоёр шат нь огт ажиллагаагүй байв. Цахилгаан шатны гаднах хананд 1000 килограмм ачаа тээвэрлэх боломжтой, 2014 онд “Senmei elevator” хэмээх компанид үйлдвэрлэсэн болохыг илэрхийлсэн англи үгтэй бичиг байснаас яагаад ажиллахгүй байгааг илтгэх санамж юм уу, лифтчинтэй холбогдох утасны дугаар байсангүй.

Гүүрээр хүмүүс зай завсаргүй холхиж байсан ч “Цахилгаан шат нь ажилладаггүй юм аа” гээд товчлуур дээр нь дарж ч үзэхгүй өнгөрөх нь олон байв. Тавь гаруй насны нэг хүн арай ядан шатаар өгсөх хэдий ч “Хэцүү байлаа гээд яах вэ дээ. Цахилгаан шат нь ажиллахгүй байхад. Уг нь ийм сайхан ажил хийчихээд үр шимийг нь хүртэж, ашиглах хэрэгтэй шүү дээ. Үзүүлэн болгох гэж байгаа биш. Энэ гүүрийг хэзээ барьсныг сайн мэднэ. Түүнээс хойш цахилгаан шат нь ажиллаж байхыг нэг ч хараагүй юм байна” гэлээ.

Үргэлж хэл ам дагуулдаг “Бөмбөгөр” худалдааны төвийн гүүрэн гарцыг өнгөрсөн мягмар гаригт зорив. Энэ сарын 5 хүртэл ер ажиллаагүй хоёр цахилгаан шат нь “амь оржээ”. Нэгээр нь дээш өгсөх гэсэн боловч хөдөлсөнгүй. “Тав зургаахан хүн байхад даац хэтэрнэ гэж баймааргүй юм. Буухаас биш” гэж үглэсээр зарим хүн шатаар өгсөв.

Харин үлдсэн гурван хүнийг л өнөөх цахилгаан шат хүрэх газарт нь аваачлаа. Олон сараар үүдээ барьсан лифт ашиглалтад орсонд тэр хавийн наймаачдаас эхлээд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөл гар муутай хүмүүс баярлаж буйгаа илэрхийлэн “Ашгүй дээ, ажиллаад эхэлчихэж” хэмээн ярилцаж байсан. Энэ мэтчилэн нийслэл дэх гүүрэн гарцуудын цахилгаан шат алдаг оног ажиллаж байлаа. Гагцхүү Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын гүүрэн гарцны лифтэнд ямар ч асуудал байгаагүйг онцолъё.

Нийслэл дэх гүүрэн гарцнуудын засварыг хэн хийх ёстой, яагаад цахилгаан шат нь ажиллахгүй байгаа талаар “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ӨНААТҮГ-ын Нүхэн болон гүүрэн гарц хариуцсан зохион байгуулагч С.Дашнямаас тодруулахад, “Улаанбаатар хот дахь гүүрэн гарцуудын цахилгаан шат ямар ч асуудалгүй ажиллаж байгаа.

Өчигдөр (уржигдар)120 мянгатын гүүрэн гарцны нэг талын лифт цахилгааны асуудлаас болоод түр хугацаагаар зогссон. Харин 100 айлын гарцны нэг талын лифтэнд цахилгааны гэмтэл гарсан. Шаардлагатай сэлбэг нь өндөр өртөгтэй учраас одоохондоо засах боломжгүй байна. Бусдаар бол нөгөө тал нь тогтмол ажилладаг. Магадгүй бороо орсонтой холбоотойгоор түр зогссон байх.

“Бөмбөгөр” худалдааны төвийн гүүрэн гарцны Гандан талын цахилгаан шатыг НМХГ-аас түр хугацаагаар зогсоогоод, нээсэн. Учир нь тус лифтний ёроолоор ус зайлуулах шугам тавьсан юм. Онцын гэмтэл гарахгүй бол цаашид хэвийн ажиллах болно” гэв.

Хоёр хоногийн өмнө сурвалжлахаар очиход “асуудалгүй” ажиллаж байсан цахилгаан шат өчигдөр дахин “ажил хаясан”, хаалгыг нь төмөр гинжээр уясан байв. Бороо орсон болоод ч тэр үү зөөлөвч суурилуулсан шатан дээр нь шалбааг тогтож, явахад бүр ч хүндрэлтэй болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай