Талийгаач Юри Власкогийн найзууд ерөнхийлөгч В.Путинд өргөдөл гаргажээ

Байгаль нуурын эрэг орчимд бусдад зодуулж амиа алдсан чөлөөт бөхийн тамирчин Юри Власкогийн хэрэг ид дуулиан тарьж буй. Энэ хэрэгт хоёр хүнийг буруутай гэж үзэж, саатуулаад байгаа билээ. Тэгвэл Ю.Власкогийн найз Умар Табьев онлайн цахим сайт болох change.org-д өргөдөл бичиж, алуурчдыг бүх насаар нь шоронд хорих хүсэлт тавьжээ. Тэрбээр өргөгдлөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, дотоод хэргийн сайд Владимир Колоколцев нарт хандсан юм. Нэг өдрийн дотор энэ өргөдөлд 2000 гаруй хүн гарын үсэг зуржээ.

У.Табьев энэ талаар "Уг балмад хэргийг үл тоомсорлож болохгүй. Хэрэгтнүүдэд чанга ял оноох хэрэгтэй" гэж ярьжээ.

Ю.Власког Буриадын Улаан-Үд хотод Байгаль нуурын эрэгт амарч байхдаа хэсэг залуустай муудалцаж, зодолдсон юм. Баривчлагдсан этгээдүүдээс нэг нь түүний цээжинд хутгалж, нөгөө нь араас нь чулуугаар цохиж байсан билээ. Сэжигтнүүд түүнийг хөдөлгөөнгүй болтол зодсон тул амь насанд нь санаатайгаар халдсан гэж цагдаагийнхан үзэж буй. Буриадын цагдаагийн газраас хэрвээ хэрэгтнүүд буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноож магадгүй гэнэ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай