ХСИС-ийн хээрийн сургалт хэрхэн явагдаж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолой дахь ХСИС-ийн  хээрийн сургалт үйл ажиллагаа, тэдний  байрлан суралцаж буй байр, сургалтын орчин, хоол,  орчныг танилцуулах “Нээлттэй хаалга” өдөрлөг  2017.08.05-нд боллоо. 

Хууль сахиулахын их сургуульд  2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэгчид өдгөө цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад 400 гаруй суралцагч хамрагдсан. Өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн тус сургалт наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд, сургалтын төвийн нийт бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийн төлөөлөл болох 600 гаруй хүн оролцов.

Энэ үеэр Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ Их сургуулийн сургалтын төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг танилцуулан, жилээс жилд  ХСИС-д элсэн суралцах хүсэлтэй охид, хөвгүүдийн тоо нэмэгдсээр байгааг онцоллоо.  

Элсэгчид тэнд хуран чуулсан зочдод сургалтын явцад биеийн тамирын дасгал хөдөлгөөн, урлагийн тоглолт, хичээлийн явц гээд сурч мэдсэн бүхнээ сонирхууллаа.

Өдгөө тус сургалтын төв нь контейнер хаус, байр, хоолны заал, хичээлийн танхим, биеийн тамирын талбай, жагсаалын талбай, буудлагын талбай, зэвсэгийн агуулах гэсэн материаллаг баазыг бүрдүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бүхэнд суралцагчдын ар гэр, эцэг, эх  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Сургалтын төвийн үйл ажиллагааг сайшаав.

“Нээлттэй хаалга” өдөрлөгийн үеэр суралцагчдын эцэг, эхийн төлөөлөлтэй уулзлаа.

Ц.Тунгалагтуяа: Суралцагчид тохилог орчинд амьдардаг юм байна

Миний хүүг Бат-Оргил гэдэг. Сургалтын төвийн нэгдүгээр салаанд байрлан суралцаж байгаа. Би өмнөх удаагийн эргэлтээр хүүгээ гаднаас нь харсан.  Харин өнөөдөр хүүгийнхээ ямар орчинд амьдарч, хэрхэн суралцаж, хүмүүжиж байгаатай нь биечлэн танилцлаа. Мөн тэд өдөр тутамд ямар хүнс хэрэглэдгийг сонирхож, өдрийн хоолноос нь амталсан. Тохилог орчинд амьдардаг юм байна. Үнэхээр сэтгэл өндөр байна.  Дээр нь ХСИС-ийн бие бүрэлдэхүүн хээрийн сургалт, дадлагын цогцолбор төвд суралцаж буй элсэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ цэргийн штаб байдгийг мэдлээ.  Хүүгээ их санаж байна. Хүү маань богино хугацаанд их зүйлийг сурчээ. Нийт бүрэлдэхүүнд талархсанаа хэлье.  

Х.Дэлгэрмаа: "Би наймдугаар салааны суралцагч Ц.Энхжингийн ээж байна. Өнөөдөр “Нээлттэй хаалга” өдөрлөгт оролцсондоо баяртай байгаа.  Суралцагчдад таатай, тохилог  орчныг бүрдүүлж өгсөн байна. Миний хүү эр цэрэг болжээ. Энэ дашрамд Хууль сахиулахын их сургуулийн хамт олонд талархсанаа илэрхийлье" гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай