Дүүргийн эмнэлгийн мэс заслын тасагт төлөвлөгөөт хагалгаа хийнэ

Дүүргүүдийн эмнэлэг хоёрдугаар шатлалын буюу иргэдэд долоон үндсэн тусламж үзүүлэх ёстой ч ингэж чаддаггүй. Тиймээс Эрүүл мэндийн сайд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарийг шинэчлэн баталсан. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэдэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг хувийн гурван эмнэлэг үзүүлж байна.

Тухайлбал, “Мөнгөн гүүр” эмнэлэг тус дүүргийн орон сууц бүхий 10 хорооны иргэдэд үйлчилж байна. Харин “Намуун” эмнэлэг “Салбар амбулатори-3”-т кабинет нээж, Толгойт, Баянхошуу орчмын 14 хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж буй. “Натол” эмнэлэг үлдсэн хороодын иргэдэд мэс засал хийж байна. Налайх, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг мэс заслын тасагтай, харин Баянзүрх дүүргийн иргэдэд Цэргийн нэгдсэн эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж.

 

Тиймээс тусламж, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээхээр тавдугаар сараас бэлтгэж эхэлсэн. Дүүргийн мэс заслын тасгийнхан ирэх сарын 1-нээс иргэдэд үйлчлэх нь.

Шинээр нээж буй тасгууд иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрээс тодрууллаа.

-Гурван дүүргийн эмнэлэгт нээж буй мэс заслын тасгийн бэлтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт манай газрынхан тасгуудын нөхцөл байдалтай танилцлаа. Шинээр нээх тасгуудад шаардлагатай тоног, төхөөрөмж, багаж хэрэгслийг тендерт шалгарсан компаниуд хэдийнэ нийлүүлсэн байна. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв шинэ байранд үйл ажиллагаа явуулдаг учраас мэс заслын тасгаа орчин үеийн шаардлагад нийцүүлэн бэлдсэн.

Тухайлбал, хүний хөдөлгөөнөөр нээгддэг автомат хаалга гэх мэт мэс заслын тасагт байх ёстой бүхнийг суурилуулжээ. Ингэж тохижуулахад шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг тус дүүргийн Засаг дарга шийдэж өгсөн байна. Нөгөө хоёр дүүргийн эмнэлэг шинэ байргүй ч өөрсдийнхөө бололцоогоор мэс заслын тасаг нээж, засвар хийжээ. Бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан, ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн гэж болно.

-Тэр тасгуудаас иргэд ямар тусламж, үйлчилгээ авах вэ?

-Эхний ээлжинд яаралтай тусламж үзүүлнэ. Ингэхдээ он гартал цөсний чулуу авах гэх мэт төлөвлөгөөт мэс ажилбар хийх юм.

-Ажиллах боловсон хүчнээ хаанаас томилох юм бэ?

-Зөвлөх эмч, ажиллах мэргэжлийн багийг томилно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай