Г.Өсөхбаяр: Дараа жил К2-ыг дахин зорино доо

Г.Өсөхбаяр: Дараа жил К2-ыг дахин зорино доо

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр далайн түвшнээс дээш 8611 метр өндөрт орших К2 ууланд Саяхан авирсан ч оргилд нь гарч чадаагүй. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан монгол түмнээсээ уучлалт хүсээд хөтчийн буруугаас болж, зорилгодоо хүрч чадаагүй хэмээсэн байв. Тэгвэл Пакистаны “Саммит Каракорум” компани Г.Өсөхбаярыг К2 оргилд 10.000 ам.долларын зардлаар дахин авируулахаар болжээ.

Энэ талаар түүнээс тодруулахад “К2 оргилыг “Алуурчин” нэрээр нь уулчид сайн мэднэ. Авирахад хэцүү, эрсдэл ихтэй энэ оргил уулчны ур чадвар, авхаалж самбааг шалгадгаараа Эверестээс ер дутахгүй. Өмнө нь буюу 2013 онд Гавьяат тамирчин Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч 7000 метрийн өндөрт хүрээд буцсан. Би тус оргилд гарч, Төрийн далбаагаа мандуулахыг олон жил мөрөөдөж байна.

Энэ удаа бэлтгэлээ сайтар базаан, бүхнээ дайчилсан ч байгалийн хүчин зүйл, сэтгэлгүй, аймхай хөтчийн буруугаас болж зорилгодоо хүрч чадсангүй. К2 оргилд цасан нуранги болж, олонх уулчин авиралтаа зогсоосон ч би буцахыг хүсээгүй. Үндсэн авиралтын зам эвдэрсэн ч шинэ зам нээн, авиралтаа цааш үргэлжлүүлсэн.

Далайн түвшнээс дээш 6450 метрийн өндөрт хүрсний дараа хоёр хөтчийн нэг нь “Мухар олгой ургасан бололтой. Бие өвдөөд байна” гээд буцсан. Гэтэл маргааш нь нөгөөх нь хүчилтөрөгчийн аппаратаа албаар эвдчихээд “Бүрэн бус хэрэглэлтэй цааш авирч чадахгүй” гээд гэнэт нүүр буруулсан. Тэгсний улмаас майхан, ачаатайгаа ганцаараа үлдсэн тул буцахаас өөр аргагүй болсон. Хөтөч тухайн уулчныг оргилд гарахад нь газарчлах, хэлмэрчлэх, бусадтай холбоо тогтоох үүрэгтэй. К2-т хэрхэн авирах тухай л бодож байснаас хөтчөө ингэнэ гэж тооцоолоогүй нь миний буруу.

Гэхдээ эрсдэлтэй, аюултай нөхцөлд хүн амиа л бодох тул тэднийг буруутгаад яах вэ. Би К2 оргилд авирахдаа Пакистан улсын “Саммит Каракорум” компаниар үйлчлүүлсэн. Тус компанид гомдол гаргасны дагуу К2 оргилд 10.000 ам.долларын зардлаар авируулахаар болсон нь үнэн. Ер нь тус оргилд зургадугаар сард л гарах боломжтой.

Тиймээс дараа зун авирч, зорилгоо биелүүлэхийн төлөө дахин зүтгэнэ. Дэлхийд хоёрдугаарт эрэмбэтэй оргилд монгол хүн мөрөө гаргаж, Төрийн далбаагаа мандуулах өдөр ойрхон гэдэгт би итгэдэг” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай