У.Хүрэлсүх: Сайд нар зангарагтай ажиллах ёстой

У.Хүрэлсүх: Сайд нар зангарагтай ажиллах ёстой

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх “Наадмын дараа намар гэдэг. Мичин жил сүүлээ шарвана гэж ч ярьдаг. Ирэх жил байдал хүндрэх төлөвтэй байна. Нийт нутгийн 65 хувийн зуншлага хүнд, гантай сум 130, гандуу сум 100. Хадлан, тэжээл авах газар муу. Хэнтий, Дорнод, Сүхбаатараас бусад аймагт өвөлжилт, ургац хураалт хүндрэх хандлагатай. Тарьсан ургацынхаа 50 орчим хувийг алдаж магадгүй гэж тооцож байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд яаралтай шийдвэрлэх асуудлууд ч байна. Одоо найр, наадам байхгүй, бүх зүйл дууссан” хэмээн Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдааныг эхлүүллээ.

Тус хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбар болон Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сайд, дарга нар нь танилцуулав. Улмаар санал, дүгнэлт гаргаж, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг, даалгавар өгөв. Тэрбээр “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнд багтдаг сайд нар зангарагтай ажиллах ёстой” гээд салбар бүртээ хариуцлагаа өндөржүүлэх, шаардлагаа тодорхой тавих, ажил хийхгүй байгаа албан тушаалтанд тухай бүрт нь хариуцлага тооцож, төрийн ажлыг шуурхай зохион байгуулахыг онцолж байлаа.

Энэ хүрээнд ургацын урьдчилсан балансыг энэ сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавьж, үр дүнг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгүүлэх, санхүүгийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэх, дулааны станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхэд анхаарах зэргийг үүрэг болгосон юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн энэ сарын эхнээс ихэнх нутгаар бороо орох тул отроор өвөлжих малын тоо буурна гэж найдаж буй талаар мэдээлэлдээ дурдана лээ. Одоогийн тооцоогоор 21.393 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжихөөр байгаа юм байна. Мөн нэгжээс хураан авах ургацын хэмжээ эрс буурч, төмс, хүнсний ногооных ч 20 хувиар багасахаар буй гэнэ. Салбарын сайдын хэлснээр хамгийн дээд тал нь нэгжээс 9-12 цн ургац авахаар тооцжээ. Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 78 хувьтай буйг дуулгасан.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шуурхай мэдээлэл хийж, шөнө хүчтэй аадар бороо орсноос төмөр бетон гүүрний далан сэтэрч, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн улсын чанартай авто замын хөдөлгөөнийг зогсоосон талаар дуулгав. Даланг сэргээн засварлахаар Өвөрхангай аймгийн зам арчлалтын компани ажиллаж буй гэнэ.

Ер нь энэ зуны хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн зам, гүүр цөөнгүй аж. Тэдгээрийн засвар, үйлчилгээнд нийт 4.7 тэрбум төгрөгийг төсвөөсөө гаргасан байна. Энэ нь дээрх зориулалтаар ашиглахаар энэ оны төсөвт суулгасан хөрөнгө бөгөөд тэр нь дуусчээ. Тиймээс 270 орчим сая төгрөгийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай талаар мөн уламжилсан.

Цаашид нийт нутгаар дунджаас дулаан, зүүн болон говийн аймгуудад хур тунадас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчимд байх төлөвтэй талаар мэргэжилтнүүд танилцуулсан. Энэ сарын дунд үе хүртэл ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орж сэрүүсэх бөгөөд сүүлчээр уулархаг нутгаар 0-5 градус хүрч, цочир хүйтрэх төлөвтэй буйг анхааруулсан. Цаг уурчид энэ жил хамгийн хатуу өвөл болно хэмээн тооцож, бэлтгэл базаахыг хэдэнтээ санууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай