Тонн цементийн үнэ 25 мянган төгрөгөөр хямдрав

Тонн цементийн үнэ 25 мянган төгрөгөөр хямдрав

Барилгын үйлдвэрлэлийн “талх” гэгддэг цементийн үнэ хэдэн төгрөг байгааг сурвалжлахаар “100 айл”-ын худалдааны төвүүд, мөн Гурвалжингийн гүүрний дэргэд байрлах “44-ийн зах”-ыг зорилоо. “100 айл”-ын худалдаачид барилгын салбарт их хэмжээгээр хэрэглэдэг 42.5 маркийн нэг килограмм цементийг 1000, 50 кг-ийн савлагаатайг нь 11-12 мянган төгрөгөөр борлуулж байв. Хэрэв тэндээс тонн цемент худалдаж авбал бөөний үнэ буюу 195 мянган төгрөгөөр зарна гэж худалдаачид ярьсан юм. Тэндэхийн худалдаачин н.Буянжаргал “Улсын баяр наадмын өмнө цементийн үнэ огцом өссөн. Саяхан эргээд буурчихлаа” гэв. Наадмын өмнө савласан тонн цементийн үнэ 220-240 мянган төгрөгт хүрчээ. Үүнээс хойш 25 мянган төгрөгөөр хямдраад буй нь энэ аж.

Цементийн үнэ ингэж өссөнийг худалдаачид барилгын салбарын бүтээн байгуулалт эхэлж, эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Мөн цахилгааны хязаарлалтын улмаас Хөтөлийн “Цемент-шохой” компанийн үйлдвэрлэл 2-3 хоног саатсан нь цементийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Тухайн үед Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос “Дотоодын үйлдвэрүүд үнээ өөрчлөөгүй, хэвийн ажиллаж байгаа. Ченжүүд үнийн хөөрөгдөл үүсгэж байгааг анхаарна уу” гэсэн санамж гаргаж байсныг нэхэн сануулъя.

“44-ийн зах”-д цементийг бөөний буюу харьцангуй хямд үнээр борлуулдаг. Тиймээс барилгын материалын бусад худалдааны төвийн ченжүүд тэндээс цементээ татаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд борлуулдаг юм. Тус захад дотоодын үйлдвэрүүдийн 50 кг-аар савласан цемент 9000 төгрөгийн үнэтэй байв. Тэгвэл савласан тонн цементийг 180 мянган төгрөгөөр борлуулж байлаа. “44-ийн зах”-ынхан цементийг савлагаагүй, задгайгаар борлуулдаг онцлогтой. Тэнд нэг тонн задгай цементийн үнэ 175 мянган төгрөг байв.

Хэдэн жилийн өмнө тус захынхан өмнөд хөршөөс их хэмжээний цемент импортолдог байсан. Тэгвэл одоо зөвхөн дотоодын үйлдвэрүүдийн цементийг борлуулдаг болжээ. Энэ нь Хөтөлийн “Цемент-шохой” компани технологийн шинэчлэл хийж, жилд нэг сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай болсон, түүнчлэн “Монцемент”, МАК тус бүр ийм хэмжээний бүтээгдэхүүн гаргах үйлдвэр ашиглалтад оруулснаас шалтгаалсан байна. Одоогоор дотоодын үйлдвэрүүдийн нийт хүчин чадал гурван сая тонныг давж, эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрээд буй. Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд цементийн импортын татварыг 20 хувиар нэмсэн. Ингэснээр Хятадаас цемент импортлох “зам”-ыг хаасан юм.

“Монцемент” компани 42.5 маркийн 50 кг-ийн савлагаатай цементээ 8100, тонныг нь 162, задгайг нь 150 мянган төгрөгөөр борлуулж байгаагаа дуулгалаа. Тус компани өнгөрсөн онд тогтоосон үнээ энэ жил өөрчлөөгүй аж. “Монцемент”-ийнхэн энэ онд 500 мянга орчим тонн цемент зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Тэгвэл Хөтөлийн “Цемент-шохой” компани 50 кг-аар савласан цементээ 7865, тонныг нь 157.300, задгайгаар 145.200 төгрөгөөр борлуулж байгаа аж. Тус компани өнгөрсөн жил савласан тонн цементээ 149 мянган төгрөгөөр худалдаж байжээ. Энэ жил цементийнхээ үнийг 8300 төгрөгөөр нэмсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай