Б.Түмэнбаяр: Нэг гэр бүлийг элэг бүтэн үлдээсэндээ сэтгэл амраад, ослын газраас явсан

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу Баянхошууны аюулгүйн тойрог зам орчимд өнгөрсөн сарын 16-нд “Приус-11” суудлын автомашин дээр дугуй ачсан 40 тоннын чингэлэг унаж, нэг гэр бүлийн таван хүн бэртсэн аймшигт хэрэг гарсныг хүмүүс санаж буй нь лавтай.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Б.Түмэнбаяр гэх залуу азаар тэнд явж тааран, осолд өртөгсдийн амийг аварсан билээ. Түүнтэй ярилцсанаа хүргье.

-Ослын газарт очиход нөхцөл байдал ямар байв. Та тэнд ажлаар явж байв уу?

-Тэр өдрийн өглөө ээлжнээсээ буугаад, найзаасаа юм авахаар Баянхошууны хуучин эцэс буюу “Мон лаа”-ны гэх гудамжаар явж байсан юм. Гэтэл тойрог замын орчимд замын хажууд чингэлэг уначихсан, хүмүүс бужигнаж, орилоод байсан. Юу болсныг харахаар очтол чингэлгийн үзүүрт “Приус-11” автомашин дарагдаж, дотор нь таван хүн байсан.

Тэд нэг гэр бүлийнхэн гэдгийг хүмүүс хэлсэн. Тэнд байсан хүмүүсээс 101,105, 103 утас руу залгасан, эсэхийг асуусан. Түргэн тусламж, онцгой байдлын албаныхныг дуудсан ч чингэлэгт дарагдсан гэр бүлийн гишүүдийг гаргах гэж оролдсон юм уу, ямар нэг тусламж үзүүлсэн хүн байгаагүй.

Би өөрийн мэдэлгүй шахам машин руу гүйгээд оччихсон байсан. Жолооны ард аав нь, хажуугийн суудалд нэг хүү (миний ойлгосноор тэр айлын том хүү юм шиг байсан) дүүгээ өвөр дээрээ тэвэрсэн, арын суудалд эхнэр нь, долоон сартай хүүхдийнхээ хамт сууж харагдсан. Эхнэр нь өөрийгөө ямар гэмтэл авсныг мэдэхгүй сандарч, уйлаад байсан. Жолоочийн хажуугийн суудалд сууж явсан хоёр хүүгийн биеийн байдал хүнд, зүрх судас болон амьсгалын дутагдалд орсон нь ажиглагдсан.

Сүүлд эмнэлэгт аваачсаны дараа 15 настай хүүгийн уушги нь бяцарсныг тогтоосон байна билээ. Нөхцөл байдлыг ажиглаад, эхлээд ээж болон долоон сартай хүүхдийн бие ерөнхийдөө гайгүй, мөчдийн хугарал гэмтэлгүй байсныг машинаас гаргасан.

Харин ах, дүү хоёр өвдөлтийн шоконд орж, удаа дараа ухаан нь балартан, амьсгал нь зогсож байсан тул зүрх судасны тогтолцоог хэвийн байлгах, амьсгалыг нь чөлөөлөх, цусны эргэлтийг дэмжих зэргээр түргэн тусламжийнхан иртэл анхны тусламж үзүүлж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Түүнчлэн өвчтнүүдийг тайвшруулах гэж хичээсэн. Том хүүгийнх нь гуя гүн зүсэгдсэн, хөл нь хугарсан байсан л даа. Тэр үед надад ямар ч эм, тариа, багаж, хэрэгсэл байгаагүй, нүцгэн гараараа л тухайн гэр бүлийнхэнд тусалсан.

Яаралтай түргэн тусламжийн машин ирэнгүүт, хүүхдүүдэд хамгийн түрүүнд өвчин намдаах тариа хийж, хүчилтөрөгчийн аппарат залгасан. Түүнтэй зэрэгцээд ашгүй, Онцгой байдлын албаныхан чингэлгийг өргөж, машиныг чөлөөлж, тэднийг гаргасан. Нэг гэр бүлийг элэг бүтэн үлдээхэд өчүүхэн ч гэсэн тус дэм болсондоо баярлаж, сэтгэл амарсан шүү.

...Харин ах, дүү хоёр өвдөлтийн шоконд орж, удаа дараа ухаан нь балартан, амьсгал нь зогсож байсан тул зүрх судасны тогтолцоог хэвийн байлгах, амьсгалыг нь чөлөөлөх, цусны эргэлтийг дэмжих зэргээр түргэн тусламжийнхан иртэл анхны тусламж үзүүлж, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан. Түүнчлэн өвчтнүүдийг тайвшруулах гэж хичээсэн. Том хүүгийнх нь гуя гүн зүсэгдсэн, хөл нь хугарсан байсан л даа...

-Ямар ч эм тариа, багаж хэрэгсэлгүй байж хүний амь нас аварна гэдэг амаргүй байсан нь лавтай. Ганцаараа гурван хүнд туслахад хэцүү байв уу?

-Ганцаараа, дээрээс нь олон хүний бужигнаан дунд сандарч, тэвдэлгүй яах вэ. Ядаж л хүчилтөрөгчийн аппарат байхгүй, шоконд орсон хүүхдүүдийн өвчнийг намдаах эмгүй, доод мөчдөөрөө цус алдаж байгаа тэдэнд шингэн сэлбэх боломжгүй байсны хажуугаар гэмтсэн хүүхдүүдээ хараад уйлж, шаналж, тарчилж байгаа эцэг, эхийг нь өрөвдөж, сэтгэл шимширсэн.

Ямар сайндаа л онцгойгийнхон руу “Хурдан наад чингэлгээ холдуулаач. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад түргэн хөдлөхгүй юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн хашгирсан байна билээ.

-Түргэн тусламжийнхан хэдэн минутын дараа ирэв?

-Түүнийг анзаарах сөхөө үнэндээ байгаагүй. Машинд дарагдсан хүмүүсийг хурдхан гаргах юм сан, бүр болохгүй бол өөрөө унаа олоод ч болов тэднийг Гэмтлийн эмнэлэгт хүргэх сэн л гэж бодсон. Тэвдсэн үед цаг хугацаа үнэхээр удаан өнгөрч байгаа юм шиг л санагддаг юм билээ.

Сүүлд олон нийтийн сүлжээнээс мэдээ уншихад, гэр бүлийн гишүүдийг гаргаж автал хоёр цаг гаруй болсон гэж байсан. Үнэхээр тийм хугацаа зарцуулсан ч байж мэднэ.

-Хэрэв та тухайн гэр бүлийнхэнд туслаагүй бол түргэн тусламжийн машин ирэхээс өмнө хэн нэгнийх нь аминд аюул учрах байв уу?

-Жолоочийн хажуугийн суудалд сууж байсан хоёр хүүгийн зүрх судасны үйл ажиллагаа алдагдаж, ээлж дараалан ухаан алдсан болохоор ослын газарт эндэх магадлал маш өндөр байсан. Гэвч азаар цаг алдалгүй арга хэмжээ авч чадсан.

-Таны байгуулсан гавьяа монголчуудын сэтгэлийг хөдөлгөж, олон нийтийн талархлыг хүлээсэн. Аварсан хүмүүстэйгээ хэрхэн эргэж холбогдсон бэ?

-Осолд өртсөн гэр бүлийнхнийг Түргэн тусламжийнханд хүлээлгэж өгчихөөд би явсан. Гэтэл дараа нь фэйсбүүк болон олон нийтийн сүлжээгээр намайг хайж байсан нь манай эмнэлгийн эмч, дарга нарын сонорт хүрчээ. Дарга нар тэр хүмүүстэй уулзахыг зөвлөсөн. Тэгээд ГССҮТ-д эмчлүүлж буй тэдэнтэй уулзсан. Бүх хамаатан садан нь цугларсан, гэрийн эзэн нь баярласнаа илэрхийлэхдээ нулимс унагасан шүү.

Багахан зүтгэлийг минь үнэлж, Увс аймгийн Засаг дарга Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдгээр мялаалаа. Энэ цолыг уг нь эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан хүнд өгдөг юм. Ийм залуудаа нэр хүндтэй шагналын эзэн болсондоо нэг талаараа бахархаж, нөгөөтэйгүүр сандарч, догдолж байна. Улам их үүрэг хариуцлага ногдууллаа гэж хүлээж авсан.

-Хийсэн буянтай үйлээр тань бахархаад баршгүй. Таны тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй. Эмч болохоор яагаад шийдсэн юм бэ?

-Манай аав, ээж хоёул эмч, энэ салбарт ороход мэдээж нөлөөлсөн. Сонирхуулахад, би төрөхдөө хөлөөрөө гарсан гэдэг юм. Олонх хүүхэд дагз юм уу, өгзөгөөрөө гардаг. Нутгийн хүмүүс тэр дундаа эмээ, авга эгч нар минь хөлөөрөө төрсөн хүүхдийг лам эсвэл эмч, бариач болох увдистай гэж ярьдаг байсан.

Энэ яриаг нь сонсоод лам болох гэж нэг хэсэг хонины хорголоор эрхи хийж тоглосон. Харин аав, ээжийгээ дагаж, холын дуудлагад байнга явдаг байсан тул эмч хүний жаргал, зовлонг мэддэг болж, энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн.

Ингээд “Шинэ анагаах ухаан” дээд сургуульд 2009 онд элсээд, 2015 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас нийслэлийн Түргэн тусламжийн төвд эмчээр ажиллаж байна.

-Гэр бүлийнхэн тань бүгд эрүүл мэндийн салбарт ажилладаг юм билээ. Тэднийхээ талаар ярихгүй юү?

-Аав Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Бямбабаатар гэж хүн бий. 1984 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмчийн мэргэжлээр төгссөн. Ээж минь хүүхдийн их эмч. Тэд Увс аймагт танилцаж, гэр бүл болж байсан гэдэг.

Би нэг эгч, хоёр охин дүүтэй. Миний эгч багадаа надтай хамт аав, ээжийг дагаж холын дуудлагад явж, эмнэлэг дээр өнждөг байсан. Магадгүй тэр нь эмч болох замыг нь нээсэн байх. “Этүгэн” их сургуулийг лабораторийн эмч мэргэжлээр 2014 онд төгсөөд, сургуульдаа микробиологийн багшаар ажилласан.

Одоогоор БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр суралцаж буй. Хоёр дүүгийн минь нэг нь “Этүгэн” их сургуульд тав, бага нь АШУҮИС-ийн II дамжааны оюутан.

-Сүүлийн хэдэн сард эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж хэд хэдэн хүн харамсалтайгаар амь насаа алдсан тухай хэвлэлд мэдээлсэн.

Жишээлбэл, төрөх эмнэлгийнхэн шаардлагатай арга хэмжээ авч чадаагүйгээс нэгэн сайхан ээж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, үр хүүхдүүд нь өнчирч үлдсэн.

Үүнээс болж, эрүүл мэндийн салбарын нэр хүнд нэлээд унах шиг боллоо. Тангараг өргөсөн эмч хүнд давагдашгүй хүчин зүйл гэж байдаг бололтой?

-Үүнд хүн бүрийн ухамсар нөлөөлж буй. Нөгөөтэйгүүр иргэд, эмч нарын хоорондын харилцаатай холбоотой. Тухайн өвчтөн эмчтэйгээ харилцаж чадаагүйгээс буруу ойлголцож, алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс эмч ч, иргэн ч бай нэгэнтэйгээ дотнын найз, ээж, охин хоёр шиг л ойлголцох учиртай. Эмч хүн өвчтөний байр сууринд өөрийгөө заавал тавьж үзэх хэрэгтэй. Хэрэв би энэ хүн шиг өвдсөн бол яах вэ гэдгийг бодолцож, ямар эмчилгээ хийх, хэрхэн зөвлөхөө тунгаах ёстой юм л даа.

Ингэж чадвал тиймэрхүү үл ойлголцол болон эмчийн хариуцлагагүй үйлдлээс боллоо гэх яриа гарахгүй. Ямар ч эмчид энэрэнгүй сэтгэл зайлшгүй байх зүйл.

-Эмч хүн маш их үүрэг хариуцлага үүрдэг шүү дээ. Танд шантрах тохиолдол гарч байв уу?

-Тийм шүү. Эмчийг буцалсан устай тогооны ирмэгт зогсож буйгаар төсөөлж болно. Нэг л хазгай гишгэвэл дотогш унаж, шалзрах гэмтэй. Иймээс өндөр ёс суртахуунтай байж, мэргэжилдээ бүх сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй.

Нэгэнт хүний эрүүл мэндийн төлөө зүтгэнэ гээд тангараг өргөсөн учраас ухарч, няцахгүй, эцсээ хүртэл зүтгэнэ гэж боддог.

-Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллахын тулд ямар шалгуур давж байв?

-Тус төвийн эмч нарт бүх өвчтөнд анхан шатны тусламж үзүүлэх, ослын үед өвчтөнийг эрэмбэлэн ангилах чадвар зайлшгүй байх хэрэгтэй гэж шаарддаг. Энэ чадварыг эзэмшихийн тулд эхлээд нийслэлийн Түргэн тусламжийн төвийн сургалтад дөрвөн сар орчмын хугацаанд хамрагддаг.

Энэ замыг би туулсан. Түүнчлэн нарийн мэргэжлийн, туршлагатай эмч нарыг дагалдах, мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалтад суух зэргээр илүү ихийг сурч мэдэх ёстой.

-Тус төвд ажилд орсноосоо хойш 40 тоннын чингэлэг унасантай адил том осолтой таарч байв уу?

-Дадлага хийж байхдаа Дарханы замд нэг том осолтой таарсан. Монгол, Америкийн цэргүүд хамтарсан бэлтгэлд гарчихаад буцаж явахдаа “Ланд круйзер-200” машинтай мөргөлдсөн байсан. Тэгэхэд бид Төв аймгийн Жаргалант суманд байрлах нэгэн компанийн ажилчдад тусламж үзүүлчихээд явж байлаа.

Өмнө нь тийм аймаар зүйл харж байгаагүй тул үнэхээр нүд халтирсан. Яг л дайны талбарт очсон мэт болж билээ. Замын хажуугаар гэмтэж бэртсэн, дээл, хөнжил нөмөрсөн цэргүүд орилж, хашгирч, маш их айдас түгшүүртэй сууцгааж байсан. Тэр осол тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан.

Хоёр цэрэг газар дээрээ нас нөгчиж, 20 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтсэн эмгэнэлт явдал байв. Ийм зүйлтэй таарсныхаа дараа эмч хүн өөрөө сандарч, айж болохгүйгээс гадна нөхцөл байдлыг зөв дүгнэж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх хэрэгтэй юм байна гэдгийг илүү их ойлгосон.

-Нийслэлийн Түргэн тусламжийн төвд ямар дуудлага их ирдэг вэ?

-Улирлаас хамаарч өвчлөл янз бүр. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд түүнийгээ дагаад зовиур илэрч болдог. Бусдаар бол өвөл, хавар ханиад томуутай холбоотой дуудлага зонхилдог бол зун харшил, гэдэсний халдварт өвчин болон артерийн даралт ихсэх, зүрх судасны хэм алдагдах тохиолдол цөөнгүй.

-Таны цаашдын хүсэл, зорилго юу вэ. Нийслэлийн Түргэн тусламжийн төвдөө үргэлжлүүлэн ажиллах уу?

-Суралцаж, мэргэжил дээшлүүлэхийг хүсдэг. Энэ төвд ажиллаад анхны тусламж яаж үзүүлэх, ямар нөхцөлд хэрхэн ажиллах ёстойг мэдэрсэн. Одоогоор дөнгөж суралцаж эхэлж байна. Хэтдээ сайн эмч болохын төлөө хичээнэ ээ. Ялангуяа харвалтаас болж гар хөл нь мэдээгүй болсон хүмүүст тусалж, нөхөн сэргээх эмчилгээнд түлхүү анхаарч ажиллана гэж боддог.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай