Б.Номин: Дэлхийн аварга болж, багшийгаа баярлуулахыг хүсэж байна

Улсын наадмын босгон дээр Монгол Улсын Гавьяат тамирчин болсон “Аврагч” спорт хорооны бөх Батболдын Номинтой ярилцлаа. Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-д цахиур хагалж, мөнгөн медаль хүртсэн төдийгүй чөлөөт бөхийн спортын төлөө 13 жил зүтгэснийг нь төр, засаг үнэлсэн нь энэ.

Өдгөө 24 настай түүнийг ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь гэдгийг бөхийн хорхойтнууд андахгүй. 2007 онд Б.Наранбаатар дэлхийн дэд аварга болсон амжилтыг нь буухиалсан тэрбээр Гавьяат тамирчин цол хүртсэнээсээ хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.

-Юуны өмнө чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн 42 дахь Гавьяат тамирчин болсон танд баяр хүргэе. Энэ цолоор шагнуулах гэж буйгаа мэдэх мөчид хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Баярлалаа. Олон хүний хөдөлмөрийн үр шим, монгол түмэн, чөлөөт бөхийн спорт ивээлээ хайрласны буянаар энэ сайхан цолоор шагнууллаа. Гавьяат тамирчин болох гэж буйгаа өмнөх өдөр нь мэдсэн. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ хэлж, Ооска (О.Пүрэвбаатар) багштайгаа холбоо барин, баярт мөчөө хуваалцсан. Үнэнийг хэлэхэд тэр мөчийг аав, багш хоёр маань надаас илүү хүлээж байсан юм билээ.

Сэтгэл их догдолсон болоод ч тэр үү, шөнө нь ер унтаж чадаагүй. Маргааш Гавьяат тамирчин цол хүртэх нь, ямар сайхан бэ гэж бодохоор л нойр хулжчихаад байсан юм. Ерөнхийлөгчөөс Гавьяат тамирчин цолоо гардан авч, Төрийн ордноос гарч ирэхэд сэтгэл үнэхээр их догдолсон. ДАШТ-ээс медаль хүртсэнийхээ дараа эх орондоо ирсэн үеийнх шиг мэдрэмж төрлөө.

Тэр үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардахад тийм олон хүн тосож, баяр хүргэнэ гэж ер төсөөлөөгүй байсан юм. Цаашид улам хичээх урам авлаа. Гавьяат тамирчин цолондоо эзэн болж, олимп, ДАШТ-д өндөр амжилт гаргахын төлөө хичээнэ ээ.

Намайг үргэлж дэмждэг Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Аврагч” спорт хороо, Л.Чинбат захиралтай “Гацуурт” компани, “Гацуурт олимп” сургуулийн хамт олон, “Аваргууд” академийн багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье.

-2015 оны ДАШТ-ээс медаль хүртсэн бөхчүүдээс танаас бусад нь (П.Өнөрбат, Э.Бэхбаяр) Гавьяат тамирчин цол хүртсэн.

Дэлхийн дэд аварга болсон амжилтын халуун амьсгаан дээрээ бус, бүр хоёр жилийн дараа хөдөлмөрөө үнэлүүлэхэд ямар мэдрэмж төрөх юм бэ?

-“Дэлхийн дэвжээнд аваргын төлөө барилдана гэдэг яахын аргагүй том амжилт. Яагаад үүнийг минь төр үнэлсэнгүй вэ” гэж бодож байснаа нуугаад яах вэ. Гэхдээ сэтгэл санаагаар унаж, гомдоогүй ээ. Өнгөрсөн жил “Рио-2016”-д оролцох зорилгоор жин өгсөн, олимпын жин болох 65 кг-д өрсөлдсөн ч бэртлийн улмаас санасан амжилтаа гаргаж чадаагүй.

Энэ жил УАШТ-д түрүүлээгүй, сорил тэмцээнээс шалгарч, ДАШТ-д өрсөлдөх эрх авч чадаагүй унаж, босож яваа ийм үед Гавьяат тамирчин цолоор шагнаж, урам өгсөн нь харин ч цагаа оллоо. ДАШТ-ээс медаль хүртсэн баярт мөчид энэ цолыг олгосон бол өнөөгийнх шиг ингэж баярлаж буйгаа бүрэн мэдрэхгүй өнгөрөх ч байсан юм бил үү.

-Олимпын бус жин болох 61 кг-д ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тань үүнд чамгүй их нөлөөлсөн байх. Гэхдээ С.Ням-Очир л гэхэд 61 кг-д дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртээд л Гавьяат тамирчин болсон шүү дээ.

-Би ч бас санал нэг байна. Яалт ч үгүй 61 кг-д дэлхийн дэд аварга болсон маань их нөлөөлсөн л дөө. Ер нь хамгийн ширүүн өрсөлдөөн хөнгөн жингүүдэд илүү өрнөдгийг хүмүүс андахгүй. Бэлтгэлээ өндөр түвшинд базаан, хурд, хүч гээд бүх зүйлээр тэнцүү байхгүй л бол хөнгөн жинд амжилт гаргахад тун бэрх.

Адилхан хичээж, ижил амжилт гаргаж байгаа мөртлөө олимпын бус жинд барилддагаасаа болж төрд хөдөлмөрөө үнэлүүлээгүй олон тамирчин бий.

-Өнгөрсөн жил жин өгссөнөөс чинь хойш олимпод эх орноо төлөөлөн оролцохын төлөөх гол өрсөлдөөн Гавьяат тамирчин Г.Мандахнаран та хоёрын дунд өрнөсөн шүү дээ.

Олимпод зодоглох зорилгодоо хүрч чадаагүйд чинь бэртэл их нөлөөлсөн байх.

-Тэгсэн шүү. Тамирчин хүний хамгийн том дайсан бол яахын аргагүй бэртэл гэмтэл. Хэрвээ бэлтгэл дутуу бол нөхөөд хийчихэж болно, алдаа гаргавал засчих боломжтой. Харин бэртлийг хүн яаж ч чадахгүй. Өөрөөсөө үл шалтгаалах зүйлийн улмаас амжилт гаргаж чадахгүй байх хэцүү. Би 3-4 кг хасаж, 61 кг-д барилдаад дасчихсан байсан.

Ер нь шинэ жиндээ яг сайхан дасаж байтал зургадугаар сард буюу Дэлхийн цомын өмнөх бэлтгэлийн үеэр хөл бэртчихсэн юм. Мандахаа ах 2015 оны ДАШТ-д тавдугаар байрт шалгарч, “Рио-2016” олимпод өрсөлдөх эрх өвөртөлсөн. Гэхдээ тухайн эрхийг тамирчинд бус, улсад нь олгодгийг хүмүүс андахгүй. Тиймээс бэлтгэлээ сайн базааж, дотоодын өрсөлдөөнөөс шалгарч чадвал олимпод зодоглох боломж 65 кг-ын бүх тамирчинд байлаа.

МЧБХ-ноос Г.Мандахнаран ах, Б.Батмагнай бид гурвын дунд сорил барилдаан зохиож, олимпод оролцох тамирчнаа сонгох гэж байсан. Тамирчин бүхэн олимпын дэвжээнд зодоглон, эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсдэг. Би ч бас тэгэхийг мөрөөдөн, сорил тэмцээнд илүү ач холбогдол өгч, Дэлхийн цомд оролцолгүй өнжсөн юм.

Тэр жил Азийн АШТ-ээс хүрэл, УАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, өнгөтэй, бэлтгэл сайтай байлаа. Харамсалтай нь, бэлтгэл дээр бэртэн, бүх зүйл талаар болсон доо. Мандахаа ах Дэлхийн цомд өнгөтэй барилдан, би бэртсэн болохоор тэр тэмцээнийг зохиогоогүй гэсэн.

Сүүлийн жилүүдэд олимп, ДАШТ-д өндөр амжилт гаргаж, дэлхийд монгол бөхчүүдийн нүүрийг тахалж яваа Г.Мандахнаран ахтайгаа өнгөрсөн жил олимпод зодоглохын төлөө өрсөлдсөнөөрөө бахархаж байна. Мандахаа ах энэ жил УАШТ-ээс хойш жин өгсөн, 70 кг-д барилдаж байгаа.

-Одоо бэртэл нь бүрэн эдгэсэн үү?

-Эдгэсээн. Хагалгаанд орсны дараа хөлөө дахиад бэртээчих вий гэж айсандаа ч тэр үү, өмнө нь хийдэг байсан мэхээ хүртэл гүйцэтгэж чадахгүй байсан. Ер нь буцаад формондоо орохын тулд нэлээд хугацаа зарцуулсан шүү.

Жин өгссөний дараа тэсрэлт, хөдөлгөөн арай удааширсан тал бий.

-Г.Мандахнаран “Рио-2016” олимпод хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Наврузовт эцсийн мөчид тун эргэлзээтэй ялагдсан. Тэр барилдааны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Их харамсалтай барилдаан болсон шүү. Би Риогийн олимпыг очиж үзсэн юм. Хүрэл медаль хүртчихлээ гэж баярлан, хажууд сууж байсан хүнтэй баярт мөчөө хуваалцчихаад эргээд харах нь ээ бүх зүйл эсрэгээр эргэчихсэн байсан. Зөвхөн Мандахаа ахад бус, монгол түмэнд их хүнд туссан л даа.

-Өдий хүртэл оролцсон тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай нь 2015 оны ДАШТ болов уу. Та тус тэмцээнд өндөр амжилт үзүүлнэ гэдэгтээ их итгэлтэй байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан.

Яг юунаас тийм их итгэл, урам авсан юм бэ?

-Бэлтгэл сайтай, сэтгэл зүй өндөр байх тусам өндөр амжилт гаргах итгэл хүнд улам их төрдөг юм билээ. 2015 оны улсын наадмаар Э.Бэхбаяр бид хоёр үндэсний бөхийн барилдаан үзэж байхдаа “Хоёулангийнх нь наадам есдүгээр сард шүү. Медаль хүртэнэ ээ” гэж байлаа. ДАШТ-ийг зориход аав минь хөдөө явчихсан байсан юм.

Ээждээ “Хүү нь заавал медаль хүртэж, баярлуулна аа. Эх орондоо ирэхэд минь цэцэг бариад угтаарай” гэж хэлчихээд л АНУ-ыг зорьж билээ. Хэдийгээр гадарлаж байсан ч ДАШТ-д 2013 онд V байрт шалгарч, дараа жил нь хүрэл медаль хүртсэн Э.Ням-Очир ахыг өнжөөн, намайг оролцуулахаар шийдсэн нь надад их урам өгсөн. Сорил тэмцээнд С.Ням-Очир, Нэмэхбаяр ах хоёрыг ялж, ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлсөн юм, би.

Үүний сацуу “Хэрвээ би медаль хүртэж чадахгүй бол яана” гэх айдас байсан шүү. Тэр хэрээр өөрийгөө улам дайчилж, хурцалсан юм. Ярьж байсан маань биелж, Бэхээтэйгээ хамт дэлхийн медальтан болсондоо бэлгэшээж явдаг.

-Тэмцээний сугалаа нэлээд хатуу таарч, эхний тойрогт л гэхэд ДАШТ-ий хүрэл медальт, Энэтхэгийн Бажран Кумарыг өвдөг шороодуулсан шүү дээ. Тийм шилдгүүдтэй нэг хэсэгт багтахад сүрдэж, бэргэсэн үү?

-Сугалаа татсаныхаа дараа хэн хэнтэй учраа таарснаа ер үзээгүй. Бүр маргааш нь харах нь ээ манай хэсэгт хамаг шилдгүүд багтчихаж. Цол, амжилттай нь бус, тухайн тамирчинтай л өрсөлдөх учраас огт бэргээгүй. Би ер нь бэлтгэл дээр Ооска багшид бярдуулаад байдаг юм.

Гэтэл тэмцээний өглөө бие халаалтан дээр багшид ер бярдуулаагүй. Тэгэхэд багш “Миний хүүг өнөөдөр хэр баргийн бөх дийлэхээргүй байна. Бүх зүйл чамаас л шалтгаална. Хичээгээрэй” гэж урам өгсөн юм. Оноо алдсан ч нөхчихнө гээд их сайхан тайван, өөртэй итгэлтэй барилдсан.

-Алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга Г.Алиевтай өрсөлдсөн. Мөнгөн медалийн болзол хангалаа гээд амжилтдаа арай эрт ханасан тал бий юү?

-Магадгүй шүү. Өмнөх барилдаануудаас хавьгүй өндөр сэтгэл зүйтэй дэвжээнд гарсан юм. Бид хоёр анх удаа учраа таарсан нь тэр. Дэлхийн хошой аварга тамирчинтай барилдаж байна гэж ер сандарч, тэвдээгүй. Дахиад ганцхан ялвал дэлхийн аварга боллоо гээд амжилтдаа хэтэрхий эрт ханаснаас болж, санасан барилдаанаа бүрэн гаргаж чадаагүй байх.

Гэхдээ ДАШТ-д анх удаа зодоглон, мөнгөн медаль хүртэнэ гэдэг хэн дуртай аавын хүүгийн хүрэх оргил биш болохоор юу гэж чамлах вэ.

-Мөнгөн медалийн болзол хангасныхаа дараа багшдаа хүндэтгэл үзүүлсэн мөч бөхийн хорхойтнуудын сэтгэлийг их хөдөлгөсөн.

Тэгнэ гэж өмнө нь төлөвлөсөн үү, эсвэл тухайн үед сэтгэл тань хөдлөөд гэнэт хүндэтгэл үзүүлэхээр шийдсэн юм уу?

-Би багаасаа багшийнхаа барилдааныг шимтэн үзэж, чөлөөт бөхийн спортод дурласан. 2001 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн, мөргөсөн нь миний санаанаас ер гардаггүй юм. Тэр үеэс хойш аав минь намайг энэ спортоор хичээллэхийг зөвлөн, Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубт Ц.Баярсайхан, М.Баярсайхан, С.Эрдэнэбаяр багш нарын удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн.

Би уг нь анхнаасаа Ооска багшийн шавь болъё гэж бодож байсан ч ид барилдаж байсан болохоор зодог тайлсныхаа дараа шавиа болгоё гэсэн юм. Тэгж 11 насандаа чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбож байлаа. “Хангай”-д дөрвөн жил бэлтгэл хийснийхээ дараа Ооска багшийн шавь болсон.

Тэр үеэс хойш дэлхийн дэвжээнд өндөр амжилт гарган, багшдаа хүндэтгэл үзүүлж, баярлуулах юм сан гэж хичээсэн. Түүндээ 2015 онд хүрсэн азтай хүн дээ, би.

-Таны багш ДАШТ-ий хошой мөнгөн медальтай. Дэлхийн аварга болж, багшийнхаа хүрч чадаагүй амжилтад хүрэн, баярлуулж чадсангүй дээ гэх харуусал төрсөн үү?

-Төрөлгүй яах вэ. Мөнгөн медалиа энгэртээ гялалзуулан зогсож байхад “Дэлхийн аварга болж, алтан медалийн тавцанд багштайгаа хамт зогсож байсан бол хэчнээн сайхан бэ” хэмээн бодож, харамссан шүү. Тэмцээн ганцхан түүгээр дуусах биш дээ. Миний нас залуу байгаа болохоор дэлхийн аварга болж багшийгаа баярлуулах цаг ирнэ гэдэгт итгэдэг.

-Анхны медалиа ээжийнхээ төрсөн өдрөөр хүртсэн гэж сонссон. Үнэн үү?

-Үнээн. Ховор тохиолдол болов уу. Чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээсээ хойш жилийн дараа буюу 2005 онд болсон “Алдар” спорт хорооны нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, ээждээ төрсөн өдрийн бэлэг барьж байлаа. Би хоёр талаасаа бөхийн удамтай. Аав минь Говь-Алтай аймгийнх. Улсын заан Р.Давааням агсан, Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж ахын удмын бөх, би. Харин ээжийн минь талд улсын заан, өмсдөг хэмээх Ц.Дамдиндорж гэдэг хүчтэн бий.

-Энэ жил ДАШТ-д зодоглох тамирчдыг сонгосон сорил тэмцээнд түрүүлэх зорилготой өрсөлдсөн нь мэдээж. Алдаагаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Юуны өмнө томоохон тэмцээний өмнө тухайн спортын холбоо, дасгалжуулагч нар хэлэлцэж байгаад тамирчдаа сонгодог хуучин жишгийг халсан, шударга тэмцээн болсныг нь онцолъё. Сорил тэмцээнд түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлж чадаагүй нь миний л буруу. Манай жинд Н.Лхамгармаа оролцохоор болсон. Түүнийг сүүлийн үед цахиур хагалж буй П.Орхоны найз залуу гэдгийг хүмүүс андахгүй. Чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн хос ДАШТ-д эх орноо төлөөлөн, оролцохоор болсонд нь олзуурхаж байна.

-Манай чөлөөтийнхөн ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ Өвөрхангай аймагт базааж байгаа. Та очиж, тамирчдынхаа бэлтгэлийг базаалцах уу?

-Тэгэлгүй яах вэ. Хэд хоногоос тэнд очин, тамирчдынхаа бэлтгэлийг хийлцэх төлөвлөгөөтэй байна. Тамирчны амжилтад бэлтгэл хангагч их чухал. Өөрийн бүхий л боломж, хүч чадлаа дайчлан Н.Лхамгармаагийнхаа бэлтгэлийг хангалцана аа. Би бас Бооёо (Т.Түвшинтулга), Мандахаа ах хоёрын бэлтгэлийг ч базаалцана.

-Дэлхийн бөхийн холбоо (UWW) удахгүй чөлөөт бөхийн жинг өөрчлөхөөр шийдсэн. Та хэдэн кг-д барилдахаар төлөвлөж байна вэ?

-Олимпын жин болох гэж буй 60 кг-д өрсөлдөнө.

-Ер нь хэдэн он хүртэл барилдах вэ. Тэр хүртэлх алсын зорилгоо хэрхэн тодорхойлсон бол?

-2024 хүртэл барилдах төлөвлөгөөтэй. Ирээдүйгээ их сайхнаар төсөөлдөг. Юуны түрүүнд дэлхийн аварга болж, багшийгаа баярлуулахыг хүсэж байна. Дараагийн ойрын зорилго бол “Токио-2020” олимпоос медаль хүртэх. Яг 2024 хүртэл тийм амжилт гаргана гэж амлаад яах вэ. Бэлтгэлээ сайн хийж, уйгагүй хөдөлмөрлөж байхад алсдаа болох биз ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай