Н.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг алгуурлавал Монгол Улс л хохирно

Н.Энхболд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг алгуурлавал Монгол Улс л хохирно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Та сайхан зусаж байна уу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийх гээд та болон танай Байнгын хорооныхон ажил ихтэй байна уу?

-Сайхан зусаж байна. Гишүүдийн амралт эхэлсэн ч би амарч амжаагүй л байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтээр төслийг хэлэлцүүлэх их ажил өрнөж байна.

Ер нь бол өнгөрөгч зургадугаар сарын 5-наас хэлэлцүүлж эхэлсэн л дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоол зургадугаар сарын 2-нд гарсан юм.

-Энэ удаа хэлэлцүүлгийг ямар журмаар, хаана зохион байгуулах вэ?

-Асуултад чинь хариулахын тулд арай өмнөх цаг хугацаанаас эхэлье. Зургадугаар сард тогтоол баталсан гэж дээр дурдсан. Энэ хүрээнд төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бид хоёр зохион байгуулалтын хэсгийг хариуцаж байгаа.

Төслийг ирэх есдүгээр сарын 10 хүртэл олон нийтээр хэлэлцүүлэн, үүнд нь үндэслэн эцсийн байдлаар төсөл боловсруулж, аравдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг дээрх тогтоолоор ажлын хэсэгт даалгасан. Тойргийнхоо сонгогчидтой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахыг УИХ-ын гишүүдэд, аймаг, нийслэлд төслийг хэлэлцүүлэх ажлыг бүх шатны ИТХ-ын болон Засаг дарга, гишүүд, дэмжигчдийнхээ дунд хэлэлцүүлэг хийхийг улс төрийн намуудад чиглэл болгосон албан тоотыг ажлын хэсгийн ахлагч зургадугаар сарын 15-нд гаргасан. Энэ хүрээнд л ажил өрнөж байна.

УИХ-ын Байнгын хороо тус бүр нэг баг хариуцаж, долоон чиглэлд гарч ажиллаад эхэлсэн. Баг тус бүр гурван аймаг, аймаг тус бүрт 1-2 суманд бүсчилсэн сургалт зохион байгуулж, иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулна. Эхний хоёр баг өчигдөр хуваарьт аймгууддаа ажилласан. Дараагийн баг энэ сарын 7, гурав дахь нь мөн сарын 14-нөөс гэх мэтээр орон нутагт тус бүр 14 хоног ажиллах юм. Наймдугаар сарын 15-31-нд дүүргүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Ажлын хэсгүүд нэг аймгийн 1-2 суманд ажиллах нь. Монгол Улс 330 сумтай биз дээ. Үлдсэн нь яах юм бэ?

-Хэлэлцүүлгийн зэрэгцээ сургалт хийх гээд байгаагийн шалтгаан нь наадах чинь. Нэг ёсондоо аймаг бүрийг 2-3 бүс болгож байна гэсэн үг. Жишээ нь, Төв аймагт гэхэд аймгийн төв, Жаргалант, Эрдэнэсант суманд ажиллана. Тус аймгийн бүх сумын төлөөлөгч энэ гурван бүсэд хуваагдан сургалт, хэлэлцүүлэгт оролцох юм. Хүн амын болон багийн тооноос хамаараад нэг сумаас гэхэд дунджаар 10 хүн оролцоно.

Тэд сум, багтаа очиж сургалт, хэлэлцүүлэг удирдан зохион байгуулах юм. Мөн энэ маягаар нийслэлд ажиллана. Нэлээд сунжруу тайлбарлачих шиг боллоо. Иргэддээ зөв мэдээлэл, ойлголт өгөхийн тулд ингэж буйг минь ойлгоорой.

-Монгол Улсын гурван сая иргэн бүгд биш юм гэхэд олонх нь ямар нэг хэмжээгээр уг хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлж, тодорхой ойлголттой болно гэж хэлэх гээд байна уу?

-Тийм ээ, 1992 онд шинэ Үндсэн хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, санал авч, АИХ-ын депутатууд 70 гаруй хоног хэлэлцэж байж баталсан түүхтэй. Тийм ч учраас Монголын ард түмний оюуны хамтын бүтээл, үндэсний зөвшилцлийн баримт бичиг гэж эрдэмтэн, судлаачид, улс төрийн хүрээнийхэн үздэг. Энэ удаа ч тэрхүү “үндэсний зөвшилцлийн” баримт бичиг байх зарчмыг л баримталж байна.

Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт л оруулах гэж байгаа юм. Хуулиа бүхлээр нь өөрчлөх гэж байгаа мэт, нэгэнт сонгосон засаглалын хэлбэрээ бүрмөсөн халж, Ерөнхийлөгчийн ч юм уу засаглалтай болох гээд байгаа юм биш шүү. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид гуайн боловсруулж батлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд л төсөл боловсруулсан.

Уг хуулиар Үндсэн хуулийн нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний нэмэлт оруулахаар байвал нэмэлт, өөрчлөлт гэж үзэхгүй, Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл, 35-аас доош хувьд нь л нэмэлт, өөрчлөлт оруулах юм.

-Яагаад заавал одоо гэж. МАН үнэмлэхүй олонхоороо түрээ барьж, хүч түрэн, өөртөө ашигтайгаар өөрчлөх нь гэсэн шүүмжлэлийг та сонссон байлгүй.

-Шинэ Үндсэн хуулиа батлаад 25 жил боллоо. Муу хууль гэж хэлэхгүй. Үүргээ сайн гүйцэтгэсээр ирсэн. Гэхдээ ямар ч улсын Үндсэн хууль нийгмийн хөгжил, үүсэн бий болж буй нөхцөл, шаардлагаас хамаараад өөрчлөгддөг. “Үндсэн хуулийг анх боловсруулагчдын бүрэн тооцоолж чадаагүй сорилттой ч тулгардаг” гэж ч үздэг л дээ. Энэ мэт шалтгаанаас болоод Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэсэн санал, санаачилга нэлээд эртнээс гарсан.

Олон жил ярилаа шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүд л гэхэд 2000 оноос хойш дөрвөн удаа өргөн мэдүүлсэн. Иргэд, улс төрийн намууд ч санал, хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. Тэгэхээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал Монголын нийгэм, нийт олны захиалга гэж үзэх үндэстэй. “Яагаад заавал одоо гэж” хэмээхийн тухайд бол аль нэг парламент үүнийг хийж л таарна.

Хамгийн сүүлд буюу АН засгийн эрх барьж байхдаа, 2015 онд уг асуудлыг нэлээд идэвхжүүлснийг та санаж байгаа байх. Энэ парламент хэл амнаас айгаад “Бид больё оо” гэх юм бол дараа дараагийнх нь яах вэ. Шүүмжлүүлэхгүй, нэр цэвэр байя гэвэл цаг хугацаа л алдана. Хугацаа алдахын хэрээр асуудал ужгирна. Томоор харвал Монгол Улсын ирээдүйн хувь заяа, хөгжил дэвшилтэй холбоотой асуудал шүү дээ.

-Нэгэнт уулзсаных, танаас асуухад Үндсэн хуулийн яг юуг нь өөрчлөх гээд байгаа юм бэ?

-Нэгэнт ярьсных, би ч гэсэн нэг мөр ойлголт өгөхийг бодъё (инээв). Би хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн. Тэрхүү төслийг танайх болон бусад хэд хэдэн хэвлэлд нийтлүүлсэн. УИХ-ын цахим хуудсанд ч байршуулсан. Тиймээс төсөлтэй бүрэн эхээр нь танилцах боломж нээлттэй.

Хамрах хүрээ нь нэгдүгээрт, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, гуравдугаарт, төрийн албыг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, шатлан дэвших зарчимд суурилсан байхаар бэхжүүлэх, дөрөвдүгээрт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, тавдугаарт, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, эцэст нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох зарчмыг өөрчлөхөд чиглэсэн.

Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ-ын гишүүн байх, үндсэн чиг үүргийн таван яамны нэрийг зааж, чиглэлийн долоо хүртэлх яам нэмж байгуулж болох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, гишүүдээ томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох зэрэг заалт бий. Хууль санаачлах эрхийг зөвхөн УИХ-ын гишүүн, Засгийн газар эдлэхээр, Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахгүй байх, сонгуулийн үр дүн болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагчийг халах, чөлөөлөхийг хориглохоор тусгасан.

“Хот” гэсэн засаг захиргааны нэгж шинээр орж ирж байгаа. Бүх шатны Засаг даргыг хэн, хэрхэн томилох тухай зохицуулалтыг шинэчилж, шүүгчийг Ерөнхийлөгч томилох биш, батламжлах гэх мэт нэмэлт, өөрчлөлт туссан. Төсөлтэйгөө сайн танилцаарай гэж иргэддээ зориуд хэлье. forum. parliament.mn/projects/171 гэсэн хаягаар буюу цахимаар саналаа өгөх боломжтой юм билээ. Бичгээр бол Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлээрэй. Түүнчлэн хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцоорой гэж уриалъя.

-АН-ын мэдэгдлийг та уншсан байх. Ард түмнээс асуулгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна хэмээж буй.

-Асууна. Ард түмнээсээ асууна гэдгээ эхнээсээ л мэдэгдсэн. Тэр байтугай зардал, хөрөнгө хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгая гэж хүртэл ярьж байсан биз дээ. Үүнийг хүн бүр мэдэж баймаар юм.

-Яг хэзээ асуух бол. Асуух хугацаа алга гэх мэт шалтаг хэлж, хойш суух вий гэсэн болгоомжлол байгаа нь нууц биш.

-Үгүй дээ, энэ чинь төрийн хууль тогтоох ажил. Хуулийнхаа дагуу явна. Дээр дурдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд гэхэд л зөвлөлдөх болон ард нийтийн санал асуулга явуулахаар заачихсан байдаг юм. Ард түмнээсээ асуух үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах хамгийн сүүлчийн буюу долоо дахь шат юм.

-Долоон шаттай гэвэл энэ удаагийн хэлэлцүүлэг хэд дэх нь болж таарах вэ?

-Одоо бид тав дахь шат руугаа орж байна. Эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн санал бодлыг судлах, санал дүгнэлт боловсруулах нь эхний шат байсан. Үндсэн хуулийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан болон “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаас гарсан санал, зөвлөмжүүд энэ ажлын эхлэл, үндэслэл юм.

Улмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулахаар эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажилласан. Дараа нь УИХ-ын түвшинд Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэхийг судалсан юм.

Ингэхдээ өмнө нь гарсан хэд хэдэн удаагийн ажлын хэсгийн тайлан, санал, зөвлөмж, судалгаа, дүгнэлтийг авч үзээд зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэх сэдвийг баталсан. Гуравдугаар шатанд зөвлөлдөх санал асуулга явуулсныг та бүхэн мэднэ. Энэхүү санал асуулгын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган, УИХ-д хүргүүлсэн.

Дөрөв дэх шатанд Зөвлөлдөх зөвлөлийн гаргасан зөвлөмжийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Төслийг нь боловсруулаад байна. Тус ажлын хэсэгт УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл, эрдэмтэд, судлаачид, суудалгүй намын төлөөлөл хүртэл багтсан.

Тухайлбал, МАН-аас 10 гаруй гишүүн, АН-аас гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат, МҮАН-ын Б.Цогтгэрэл, ИЗНН-ын С.Оюун, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг, Ж.Бямбадорж, судлаач, эрдэмтдээс Б.Ламжав, Н.Лүндэндорж, Г.Чулуунбаатар, Ч.Энхбаатар нар ажилласан. Тав дахь шатанд бүх нийтийн сургалт, хэлэлцүүлэг хийж, эрх бүхий этгээдээс санал авах гэж байгаа нь энэ.

Зургаа дахь шатанд УИХ-аар хэлэлцэнэ. Хэлэлцээд батлахын өмнө ард түмнээсээ “Ийм нэмэлт, өөрчлөлт хийхээр боллоо. Та бүхэн зөвшөөрч байна уу” гэж асуугаад дийлэнх олонх нь “Зөвшөөрнө” гэвэл сая нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох юм. Энэ бол сүүлийн буюу долоо дахь шат. Хэрэв анзаарсан бол УИХ-ын дарга М.Энхболд энэ ажилд “Долоо хэмжиж, нэг огтлох монгол ухаанаар хандана” гэж удаа дараа хэлээд байсан нь ийм учиртай.

-Эрх бүхий этгээдээс санал авна гэснээ тодруулахгүй юу?

-Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанкны ерөнхийлөгчөөс санал авна гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан байдаг.

-Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэсэн санаархал үүний ард явж байна гэж гэсэн хардлага зарим хүнд байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Төслийг Ерөнхийлөгчийн сонгуулиас бүр өмнө боловсруулсан. Хэн Ерөнхийлөгч болох нь тодорхойгүй байсан шүү дээ. Тэгэхээр наадах чинь ор үндэсгүй хардлага.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай