Б.Үйлст: Эмнэлгийн боловсон хүчнийг ЭМЯ-ны бодлогоор бэлтгэх ёстой

Эхийнхээ хэвлийгээс хорвоод мэндлэхдээ чухамхүү энэ л хүнтэй анх “уулзаж”, мэндэлсэн нярай хэдэн мянгаар тогтохгүй. Тиймээс Үйлст эмч мянга мянган ээжтэй хамтдаа “дуншиж”, хамтдаа догдолж, хамтдаа баярласан буянтай үйлстэн.

Анагаах ухааны салбартай амьдралынхаа 42 жилийг холбосон түүний хөдөлмөрийг төр үнэлэн Монгол Улсын Ардын эмч хэмээх эрхэм цол хүртээсэн нь нүдээ олсон явдал боллоо хэмээн түүний элбэрлийг мэдэрсэн түмэн олон баярлаж буй.

Намуухан дуутай, ярих “дургүй”, үг цөөтэй энэ хүнийг “Өнөөдөр”- ийн зочноор урилаа.

-Та 1998 онд Монгол Улсын Гавьяат эмч болжээ. Үүнээс 19 жилийн дараа Ардын эмч хэмээх эрхэм цолоор мялаалгалаа. “Өнөөдөр” танд илүү их амжилт, дэвшлийг ерөөгөөд, хөдөлмөрийн гарааны дурсамжаас тань ярилцлагаа эхэлье.

-Ардын эмч хэмээх маш хүндтэй том шагнал хүртсэндээ баяртай байгаа. Би 1969 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургууль төгсөөд Анагаах ухааны дээд сургуульд элссэн. Тэгээд 1975 онд эх барих эмчээр мэргэшин төгсөөд, Завхан аймгийн Тэс буюу хамгийн алслагдсан сумаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

Тухайн үеийн төр, засаг бодлогоор шинэ залуу эмч нарыг хөдөө томилон, аймаг, сумдад хуваарилдаг байсан шүү дээ. Тэсийн тэжээлийн аж ахуйд олон сайхан залуучууд ажилладаг, нэлээд хүн амтай том сум байлаа. Тэнд би хоёр жил гаруй ажиллаад, ар гэрийн шалтгаанаар хот руу шилжиж, Нэгдүгээр төрөх эмнэлэгт 2011 он хүртэл тасралтгүй 32 жил ажилласан. Анагаахын салбарт одоогоор 42 дахь жилдээ ажиллаж байна.

Биднийг оюутан байхад гуравдугаар курсээс эхлээд л хөдөө дадлагаар явуулдаг байлаа. Миний хувьд дөрөвдүгээр курс төгсдөг жилдээ Увс аймагт нэг сарын турш дадлага хийхдээ яагаад ч юм бэ эх баригч бага эмчийн оронд ажиллаж таарсан. Энэ хугацаанд Бат-Очир, Цэгмид эмчийн удирдлагад ажилласан даа. Үүнээс үүдээд л эх барихын чиглэлээр мэргэшихээр шийдсэн. Ингээд бодохоор анх эх барьсан хүүхэд минь өдгөө 40 гаруй настай байна.

Би сүүлийн долоо, найман жил “Гурван гал” эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж, залуу эмч нарын баг бүрдүүллээ. Тус эмнэлгийг үүсгэн байгуулсан Г.Пүрэвсүрэн, Д.Отгонгэрэл нарын залуу, чадварлаг эмч нарыг дэмжиж, сурсан, мэдсэнээсээ хуваалцаж яваадаа баярладаг. “Гурван гал”- ынхан маань жилдээ нэг аймгийн хэмжээний эх барих үйлчилгээг дангаараа үзүүлж, тэр хэрээр улсын ачааллаас үүрэлцдэг.

-Хорвоод ирсэн хүнийг анх удаа эх барихдаа та яг юу мэдэрсэн бол. Түүнээс 10, 20 жилийн дараа тэр мэдрэмж өөрчлөгдсөн үү?

-Мэдээж тэр үед хажууд минь дадлага, туршлагатай эмч, эх баригч байсан. Гэхдээ л аймшигтай санагдаж билээ. Улаан нялцгай амьтныг барихад ч эвгүй, амаргүй болохоор мэдрэмж, сэтгэгдэл гэхээсээ илүүтэй айсан. Ер нь дадлагын хугацаандаа 20-иод хүүхэд төрүүлсэн шүү. Тэр болгонд айдастай л байсан.

Одоо ч хүүхэд эх барихдаа айдаг. Нас ахихаар улам хаширлаад илүү аймхай болдог юм байна. Хоёр амь, амьдрал шийднэ гэдэг маш их хариуцлага. Тиймээс санаа амар байх нь үгүй. Төрөх үйл явц нь хэдийгээр адилхан ч хүн бүрийн бие махбодын онцлог, эх, нярайн эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалсан олон асуудал байдгийг зөв ойлгох ёстой.

Ялангуяа тулгар болон анхны төрөгч ээж нараас би их айдаг. Янз бүрийн хүндрэл гарах эрсдэл өндөр шүү. Тиймээс залуу эмч нартаа ч энэ тал дээр анхаарахыг үргэлж сануулдаг.

-Та 42 жилийн дийлэнх хугацаанд яг төрөх өрөөнд л “зоолттой” байсан юм билээ. Хэчнээн хүүхэд эх барьсан бол?

-Би тасралтгүй 40 орчим жил төрөх өрөөнд ажиллахдаа 20-иод мянган хүүхдийг өөрөө гардаж төрүүлжээ. Бидний ажлын нөхцөл хүнд. Тиймээс замын голоос буцаж, өөр чиглэлээр ажилласан хүн цөөнгүй.

-Эмч, багш нар үргэлж талархлын үг, ерөөл сонсдог хувьтай хүмүүс шүү?

-Эмч нарт дандаа баяр баясгалантай зүйл тохиолдохгүй шүү дээ. Эрүүл мэндийн салбарт эрсдэл өндөр байдаг учраас урам хугарах үе зөндөө. Давагдашгүй хүчин зүйл, нөхцөл гэж бий. Тэр болгонд эмч л буруутай гэж болохгүй.

Ер нь ямар ажил, мэргэжилтэй байхаас үл шалтгаалаад алдаа эндэгдэл гардаг. Тэгэхээр алдаа гаргах эрхгүй хүн бол эмч.

-Эмч, гал сөнөөгч, тагнуулч, сансрын нисэгч зэрэг онцгой мэргэжилтэй хүмүүс заримдаа хэлж, таахын аргагүй нөхцөл байдалтай тулгарч, тухайн мөч, хоромд тохирсон шийдвэр гаргах нь бий.

Тийм ховор, санаанд багтамгүй явдалтай та ч учирсан байх. Таныг зүрх, судасны эмгэгтэй эхчүүдийг төрүүлэх чиглэлээр мэргэшсэн гэж сонссон. Тэр талаараа хуучилбал сонин болов уу?

-Үнэхээр тухайн мөчид шийдвэр, тактикаа өөрчлөх тохиолдол эх барих явцад болон яаралтай тусламжийн үед бишгүй тохиолддог. Жишээ нь, өнөөдөр эрүүл саруул явж байсан ээжийн эхэс гэнэтхэн ховхроод эндэх тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нөхцөл байдлыг урьдчилан тааж хэлэх аргагүй. Би 20 гаруй жил зүрх, судасны эмгэгтэй эхчүүдийг гардан төрүүлсэн.

Тухайн үед 18 аймгаас тийм хүндрэлтэй эхчүүд Нэгдүгээр төрөхөд ирж, амарждаг байсан юм. Тэр болгонд хүндрэл, эрсдэл тохиолдож байлаа. Бүр тун ховор гэмээр тохиолдол ч цөөнгүй. Миний эх барьсан хамгийн ахмад настай хүн 56-тай байсан. Хөөрхий, уйлаад л байсан.

Уйлсан шалтгааныг нь асууж зүрхлээгүй. Хамгийн залуу төрөгч гэвэл 15 настай байсан. Насанд хүрээгүй төрөгч хааяа ирнэ ээ. Хөөрхий, тэд жирэмсэн болсноо нууж, хааж, ичиж зовохоос эхлээд асуудал бий. Хүний эрх хөндөгдөх учраас тэднийг тусад нь амаржуулдаг.

-Хүсээгүй жирэмслэлт, үүнээс үүдсэн гэр бүл салалт, үр хөндөлт зэргийг зохицуулах нэг хөшүүрэг нь нөхөн үржихүйн боловсрол байх. Энэ бол өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлнэ гэдэгтэй утга нэг.

Монголд нөхөн үржихүйн боловсрол ямар түвшинд байна вэ?

-Дээхнэ үед манайх энэ асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Боловсролын байгууллагуудад охидын эмч цагаар хичээл заадаг, багш нарт зориулсан сургалт явуулж, сурагчдыг үзлэгт хамруулдаг байснаас гадна эмэгтэйчүүдийн тусгай төвтэй, тэр нь амаржих газруудтайгаа холбоотой ажилладаг байлаа. Одоо харин охидыг үзлэгт хамруулах нь бараг үгүй болжээ.

Мөн Эрүүл мэндийн төв, зөвлөгөө өгдөг газар нь төрөх эмнэлгүүдээсээ тусдаа, харилцан холбоогүй байна. Үүнээс гадна бидний залууд нөхөн үржихүйн тал дээр их журамтай, гэр бүл салалт харьцангуй бага байсан шүү. Өдгөө мэдээллийг олон талаар, өргөн сүлжээгээр авах боломжтой ч энэ талын боловсрол олгох тал дээр дутмаг санагддаг.

Үүнд эмч, мэргэжилтнүүдээс гадна охид, бүсгүйчүүд өөрсдөө анхаарах учиртай. Нэгэн үе охид, бүсгүйчүүд маань эрүүл мэнддээ анхаарч, үзлэгт хамрагдах нь бага байсан нь үнэн. Харин сүүлийн жилүүдэд байдал нэлээд өөрчлөгдөж, тэд эмнэлэгт хандаж, зөвлөгөө авдаг болжээ. Гэхдээ л нийгмийн байдал хэцүү, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь, гэр бүл салалт буурахгүй байна. Энэ бүхэн нөхөн үржихүйд нөлөөлдөг.

-Хүн нас ахих тусам илүү мөрөөдөх хэрэгтэй. Эс бөгөөс амьдрал утгагүй болж, цаг хугацааг барахын төлөө явж байгаа мэт санагддаг. Мөрөөдөл гэхээр заавал том зүйл байх ёстой мэт ойлгодог нь буруу.

Зүгээр л ханын цаасаа солих талаар ч мөрөөдөж болно гэж дэлхийд алдартай нэг жүжигчин ярьсан байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү. Хэрэв ахуйн жижиг зүйлийг ч мөрөөдөл гэж үзвэл, Та одоо юу мөрөөдөж байна вэ?

-Би мөрөөдөмтгий хүн биш ээ. Өнгөрсөн хугацаанд ажил гэж гүйсээр хувийн хүсэл багатай болсон шиг байна. Харин эмчийн мэргэжлээр олон жил ажилласан хүний хувьд эрүүлийг хамгаалах салбар маань учиртай, бодлоготой урагшлаасай гэж хүсдэг. Улс орны хөгжлийн нэг чухал үзүүлэлт нь эх, нярайн эндэгдлийн түвшин байдаг.

Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт буурсан ч тогтворгүй, хэлбэлзэлтэй байна. Жишээ нь, өнгөрсөн жил 0-5 насны хүүхэд олноор эндсэн. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан ч олон. Жил болгон өвөл ханиад, томуу дэгддэг. Үүнийг мэддэг хэрнээ бид бэлэн бус байдаг. Мөн амьдарч буй орчин маань, ус, хөрс, агаарын бохирдол ямар байгаа билээ. Гэх мэтээр олон зүйлд анхаарч сайжруулаасай гэж хүсдэг.

Үүнээс өөр нэг асуудал бол орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үнэхээр хүнд хэцүү нөхцөлтэй. Эмч нар хөдөө ажиллах хүсэл, сонирхолгүй болж. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг онд дунджаар 78.000 эх амаржиж байна. Ийм хэмжээний төрөлт 1988 оны үед ч байсан. Тэр үед хөдөөд амаржих эх олон байсан бол одоо эсрэгээрээ.

Хүн амын төвлөрөл хотод бий болсноор ачаалал хэдэн арван хувиар нэмэгдсэн. Бараг 60 хувь нь хотод бүртгэгдэж байгаа шүү. Төрөлт нэмэгдэх тусам нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжрах ёстой. Гэтэл манайд хүүхдийн эмч хаана хаанаа дутагдалтай байна. Үүний зэрэгцээ сумын эмнэлэгт амаржуулахаа больсон. Тиймээс эхчүүд аймгийн төв рүү явна. Байх айлаас эхлээд зардал, чирэгдэл ихтэй.

Эмнэлгүүдэд жирэмсэн эхчүүдэд зориулсан өрөө байдаг ч мөн л төлбөр мөнгөнөөсөө болоод тэнд байх дургүй. Тэгээд л гэртээ төрнө гэдэг. Мөн төрсөн эхчүүдийг гэрт нь хүргэж өгөх гэхээр эмнэлгийн машины бензиний мөнгө нь байхгүй ээ. За тэгээд, төрөөд сумандаа очсон нярайг хэн үзэж, эргэж тойрох юм бэ. Гэх мэтээр төрийн бодлого, зохицуулалт хоцрогдоод байдаг.

Намайг залуу байхад 420-иод ясли байсан. Одоо харин ясли, цэцэрлэгийн оронд баар, цэнгээний газар, шөнийн буудал л олширчээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй санагддаг. Эх, хүүхдийн эрүүл мэндийн хуулийн төслийг энэ намар хэлэлцэх юм гэсэн. УИХ-д эмнэлгийн мэргэжилтэй хүн байхгүй шүү дээ. Бодит амьдралд нийцсэн цогц хууль болоосой гээд л хүлээж сууна.

-Та сая хүүхдийн эмч дутагдалтай байна гэлээ. 10 гаруй их, дээд сургууль жил бүр анагаахын чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг биз дээ?

-Наадах чинь л сэтгэл зовоосон асуудал болж байна. Жил бүр эмнэлгийн залгамж халаа бэлтгээд байгаа мэт боловч үнэндээ ямар ч бодлого алга. Ямар ч бааз, суурь байхгүй, мэргэжлийн багшгүй хувийн сургуулиуд ерөнхий мэргэжлээр эмч бэлтгэдэг.

Яаж болох юм бэ. Нарийн мэргэжил эзэмшүүлэх ёстой биз дээ. Хүн эмчлэхгүй, дадлага хийхгүй, зүгээр л ном уншиж, тест бөглөөд дипломтой болж байна шүү дээ. Туйлын харамсалтай. Тийм байтал яагаад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог нь ойлгомжгүй.

-Эмч бэлтгэх зөвшөөрлийг уг нь Эрүүл мэндийн яам олгодог баймаар. Гэтэл манайд үүнийг БСШУЯ хариуцдаг юм билээ. Нэг хүний хөл, гарыг салгаж, тус тусад нь байлгаснаас өөрцгүй ийм ойлгомжгүй байдлыг яавал дээр вэ?

-Энэ асуудал үнэхээр ойлгомжгүй шүү. Уг нь эмнэлгийн боловсон хүчин бэлтгэхдээ ЭМЯ-ны бодлогоор явах ёстой. Гэтэл манай салбарын эмч, мэргэжилтнийг БСШУСЯ бэлтгээд, төгссөн хойно нь ЭМЯ-нд харьяалдаг. Тэгэхээр үүнийг зохицуулсан цогц бодлогогүй цагт байдал улам замбараагүй болно.

Хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн боловсон хүчин бэлтгэхгүй болохоор чанаргүй эмчийн тоо өснө. Нарийвчилсан судалгаанд тулгуурлан тухайн жил хэдэн эмч бэлтгэхээс хэд нь аль чиглэлийнх байх вэ гэж зохицуулах ёстой.

-Нярайн эндэгдлийг бууруулах, эрүүл хүүхэд төрүүлэхэд ургийн оношилгоо чухал гэдэг. Монголд ургийн хөгжлийг тодорхойлдог, оношилдог тоног төхөөрөмж хэр байдаг вэ?

-Ургийн оношилгоог манайд сайн хийх гэж оролдож байна. Гэхдээ эрхтэн, системийг нь аппаратаар хараад, оношилдог ч генийн түвшинд нь шинжилж чадахгүй учраас янз бүрийн эмгэг, өвчин, гажигтай хүүхэд төрөх магадлал бий.

Үүнээс гадна чихрийн шижин болон сүрьеэ, бэлгийн замын зэрэг халдварт өвчин хурдацтай өсөж байна. Сүрьеэ, тэмбүү гэдгийг нэг хэсэг бараг мартсан шүү дээ. Гэтэл өнөөдөр эхийн эндэгдлийн тодорхой хувийг сүрьеэ өвчин эзэлж байна.

2016 онд орон нутагт төрөлхийн тэмбүүтэй 40 гаруй хүүхэд төрсөн. Тэдгээр эхийн 80 орчим хувь нь эмнэлгийн хяналтад ороогүй байсныг судалгаанаас харж болно. Нийслэлд ч ийм өвчтэй ээж олон бүртгэгдсэн.

-Таныг залуу байхад ийм өвчтэй хүүхэд төрөх нь харьцангуй бага байв уу?

-Харьцангуй цөөн байсан шүү. Мөн ураг өсөлтгүй болох, дутуу төрөх нь ч бага байлаа. Үүнд бидний амьдарч буй орчин, хоол, хүнс их чухал нөлөөтэй. Энэ бол бүхэл бүтэн нийгмийн асуудал учраас зөвхөн эрүүлийг хамгаалах салбарынханд хамаатай мэт ойлгож болохгүй. Энэ бүхэнд төрийн бодлого хэрэгтэй.

-Амьдрал гэдгийг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Таны хувьд амьдрал гэж юу вэ?

-Хүний амьдрал дунджаар 80 жилээр хэмжигдэнэ. Тийм тодорхой цаг хугацаанд яаж аж төрөх вэ гэдэг нь чухал. Үүнд зөвхөн бие махбод нь ямар байх вэ гэхээсээ сэтгэл зүй, түвшин амьдрал, сурч боловсорсон байдал гээд олон зүйл хамаатай.

Үүнийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх л даа. Бас амьдрал бол хүн хоорондын харилцаа шүү дээ.

-Жаахан хийсвэр асуулт тавья. Таныг өнгөрсөн үе рүү гурван удаа буцаавал аль цаг хугацаанд очиж, юу амжуулах вэ. Эсвэл, юуг засаж залруулах вэ?

-Тэр чинь юу гэсэн үг вэ. Өнгөрсөн, залуу үе рүүгээ явж болдог юм уу. Тэгж хийсвэрлэн бодож, илүү юм мөрөөдмөөргүй байна. Яагаад гэхээр миний хүүхэд нас, залуу үеийн дурсамж сайхан. Харамсмаар зүйл байдаггүй шүү дээ. Тийм байтал эргэж очих хэрэггүй. Тэгэхээр өнгөрсөн үе рүү явахгүй.

-Ёс зүй, хариуцлага бол ямар ч үед амьдралын гол зарчим байх ёстой гэж ойлгодог. Илэрхийлэх үг нь л өөр болохоос утга агуулгын хувьд энэ нь хүн чанар, халуун сэтгэл гэсэн том ухагдахуун байх.

Та энэ талаарх бодлоосоо хуваалцана уу?

-Хариуцлага, ёс зүй гэдэг бол эмч нарт мөч, хором бүрт тавигддаг. Эдгээрийг хольж, хутгаж, адил мэтээр ойлгож болохгүй. Жишээ нь, тэр хүний төлөө чадлаараа зүтгэсэн ч алдаа гарчихлаа. Энэ бол хариуцлагагүйгээс болсон биш. Тиймээс яг юунаас болж алдаа гарсныг зөв ойлгох хэрэгтэй.

Тухайн хүний бие болон өвчний байдал ямар байв, эмчийн зүтгэл, ур чадвар хэр байсан гээд олон талаас нь тунгаах ёстой. Мэргэжлийн алдааг хариуцлага алдсанаас үүдэлтэй мэт ярьж, ойлгодог. Иргэд ч, хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй. Эмч нар мэдлэг, ур чадвар, мэргэжлийн алдаа гаргах тохиолдол бий.

Харин хариуцлага, ёс зүйн алдааг ёстой уучилж болохгүй. Ялангуяа эх, нялхастай ажилладаг эмч нар өндөр ёс суртахуун, хариуцлагатай байхгүй бол өрөөлийг ч, өөрийгөө ч хохироож, гомдооно.

Ер нь ёс зүй, мөс чанар бол бүх хүнд хамаатай чухал ухагдахуун. Сүүлийн үед манайхан энэ тал дээр доголдоод байна уу даа гэж боддог. Ялангуяа улсаа удирдаж байгаа хүмүүс өндөр ёс суртахууныг эрхэмлэх ёстой.

-Түмэн олон нь төрөө дээдэлж байна аа. Түшээд нь хүн зоноо хүндэлж, тэднийхээ төлөө ажиллах хэрэгтэй санагддаг. Ер нь ингэхэд улс төр таныг хэр “оролдож” байна вэ?

-Улстөржөөд сүйд болохгүй ч энэ тал дээр бухимдахгүй хүн ер нь байна уу. Буруу яваад байхаар аргагүй биз дээ.

-Тэгвэл таны гаргалгаагаар ийм нөхцөл байдал, буруу зүйлийг яавал засаж, залруулах бол?

-Шударга л байх хэрэгтэй. Худал ярьж, хуйвалдаад, хууль завхруулаад байхгүй л бол болно шүү дээ. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмаар явмаар байна.

Бидний залууд хүний эрхийг биш, үүргийг чухалчлан ярьдаг байлаа. Гэтэл одоо цагт үүргээ биелүүлж чадахгүй байж эрхийн тухай л ярихаар буруудаад байна уу даа. Ядахдаа хогоо хаяхгүй байхаас л өөдлөх, дэвжих асуудал эхэлнэ биз дээ.

-Та Д.Авирмэд гэдэг айлын нэг багана болоод 40 гаруй жилийг үджээ. Олон жил ханилсан хүмүүс бие биедээ уусаад адилхан болчихдог гэдэг дээ. Та хоёр нэгэндээ ямар зангаа “халдаасан” бол?

-Бид Анагаах ухааны дээд сургуульд нэг ангид сурч, төгссөн гэхээр бараг 50 жил хамтдаа явж байна. Тэгэхээр өөрсдөө анзаардаггүй ч уусаж, адилхан болсон тал зөндөө байгаа биз, хэлж мэдэхгүй юм.

Манай хүн намайг бодвол судалгааны ажил нэлээд хийсэн, доктор, профессор шүү дээ. Бид хүү, охинтой. Тэд маань гурван ач, зээтэй болгосон.

-Танай гэр бүлд дөрвөн эмч бий. Бүгд л эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн, улсдаа нэртэй эмч нар. Энэ утгаараа Та охиноо та хэр тоодог вэ?

-Охин маань докторын зэрэг хамгаалсан, клиникийн чиглэлээр ажилладаг. Аав, ээжийгээ бодвол хэлний мэдлэгээс эхлээд сурсан, харсан нь илүү учраас давуу тал олон байгаа.

Энэ утгаараа илүү сайн эмч болно гэж горьдож байна. Гэхдээ бид охиноо яаж үнэлж, хэлэх билээ. Эцэг эх болгон хүүхдээ сайн л гэнэ биз дээ. Тэгэхээр түмэн олон л мэдэж, дүгнэх байх.

-Та их сайхан шүдтэй юм.

-Ааруул, сүү, тараг идэж, хөрс шороон дээр таваргаж өссөн хүүхэд шүү дээ, би. Ер нь ажил мэргэжлийн минь онцлог эрүүл байхыг шаарддаг.

Бид байнга зогсоогоороо байж, цустай “холилддог”. Тэгэхээр эрүүл байж л тэр их ачааллыг даана. Эс бөгөөс өөр зам сонгохоос аргагүйд хүрэх нь бий. Тиймээс эрүүл, чийрэг өсгөсөн аав, ээждээ талархах учиртай.

“Монголчууд маань хувийн хандлагаа эрүүл, зөв байлгах учиртай. Том зүйл ярих бус, гудамжинд үнс, тамхины иш хаяснаар бусдыг, олон нийтийг хордуулж буйг ойлгоосой. Үүнээс л нийгмийн эрүүл мэндийн боловсрол эхэлнэ.

Энэ бол бусдыг энэрч, хүндлэх ухаан юм. Эх орон бол алхам тутамдаа хийж буй үйлдлээс л эхтэй. Хүн бүрийн ухамсар, хөдөлгөөн зөв бол эх орон сайхан байна” хэмээсэн Б.Үйлст эмчийн үгээр ярилцлагаа өндөрлөе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай