Ч.Саранзаяа: Дүү маань хоёр дахь удаагаа амиа хорлох оролдлого хийсэн

Дөнгөж сая Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлаар хохирогчийн эгч Ч.Саранзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр нотлох баримтыг устгасан хэргээр шүүх эмнэлгийг АТГ-т шалгуулах хүсэлт өгчээ.

Өмгөөлөгч М.Ичинноров хэлэхдээ “УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүний захиалгаар эд мөрийн баримт, нотлох баримтыг устгаж, хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа учраас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг АТГ-т өгч байгаа юм. Тухайлбал, 12-ны өдөр хэрэг үйлдэгдсэн. Тэр өдрөө цагдаад мэдэгдсэн. Хэргийн газраас ор хөнжлийн даавуу болон хохирогч бүсгүйн дотуур хувцсыг авч шинжилгээнд өгсөн. Шинжилгээний хариугаар эр бэлгийн эс илэрсэн. Гэвч шинжилгээний хариу гарсан өдрөө буюу зургадугаар сарын 15-ны өдөр шинжилгээ хийсэн н.Даваасүрэн эмч ажлаасаа чөлөө авч, оронд нь н.Оюун эмч томилогдож ажилласан. Бидэнд ирүүлсэн мэдээллээр эр бэлгийн эс илэрсэн гэх шинжилгээний хариуг арилгаад, доор нь өөр мэдээлэл тавьсан байсан. Тиймээс шинжилгээний хариун дээр устгасан хэсгийн баримт нь бидэнд байгаа гэсэн үг. АТГ-аас эд мөрийн баримтыг устгасан, хуурамчаар баримт бүрдүүлсэн энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж өгөөч гэж хүсэж байгаа юм” гэв.

Мөн энэ бол эрэгтэй, эмэгтэй хүний хооронд болоод өнгөрсөн зүйл гээд яриад өнгөрч болохгүй. Үүний ард төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн өндөр босготой байх, ёс зүйн асуудал хөндөгдөнө. Өөрөөр хэлбэл, нийгмийн маш том цэвэрлэгээ хийгдэх хэрэг гэж бодож байна гэлээ.

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Цэрмаа над руу нэг ч удаа холбогдоогүй. Энэ хэрэг шийдэгдсэний дараа биднийг худлаа гүтгэж, доромжилсон бүх хүн хүлээх ёстой шийтгэлээ авах ёстой гэж бодож байна.

Баяр наадмын хугацаанд дүү маань хэрэг шийдэгдэхгүй нь хэмээн сэтгэлээр унаж, хоёр дахь удаагаа амиа хорлох оролдлого хийсэн. Гарынхаа судсыг ханахаар оролдсон. Гэхдээ одоо биеийн байдал нь хэвийн байгаа.

Д.Гантулга гишүүн өөрөө шалгуулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ даавууг шалгуулахад л хийсэн хэрэг нь гараад ирнэ. Өөрөө ч найзаараа дамжуулж надтай тохиролцох оролдлого хийсэн. Тиймээс хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр ажиллаасай гэж хүсэж байна” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

Илгээх

Энэ тухай