Элчин сайд нарыг эгүүлэн татах санал тойрсон ээдрээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах санал тойрсон ээдрээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албанаасаа буухынхаа өмнөхөн Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлиг гаргасан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр уг зарлигийг хүчингүй болгов. Шинэ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 34.2-т “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэснийг баримтлан өмнөх Төрийн тэргүүний шийдвэрийг үгүйсгэв. Ингэснээр З.Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болж байна.

Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ

Тэрбээр Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татахдаа хэд хэдэн хуулийн заалтыг үндэслэж буйгаа зарлигтаа дурдсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 33.1.5-д “Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхтэй”, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3-т “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна.

Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхын дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхын дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно”, Дипломат албаны тухай хуулийн 16.1-д “Монгол Улсаас гадаад улсад болон НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, олон улсын байгууллагын дэргэд суух Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.1.5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна” гэснийг тус тус үндэслэжээ.

З.Батбаярыг 2016 оны нэгдүгээр сард томилох шийдвэрийг УИХ-аас гаргасан ч энэ оны долдугаар сард эгүүлэн татах талаар парламентаар ярилцаагүй. Чухам дээрх заалтыг баримтлаагүй учраас зарлигийг хүчингүй болгож буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн. Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь Серб улс дахь Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэдэг. Дипломат албаны тухай хуулийн 16.1-ийн дагуу Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй албан тушаалтныг Ерөнхийлөгч мөн л Үндсэн хуулийн 33.1.5-д заасны дагуу томилж, эгүүлэн татахаар байгаа юм.

АЛБАН БИЧИГ ШИДЭЛЦСЭЭР...

Улсаа төлөөлөн суух орныхоо Төрийн тэргүүнд итгэмжлэх жуухаа барьж, ажлаа эхлээд дөнгөж жил болж буй Элчин сайд З.Батбаярыг чухам ямар шалтгаанаар эгүүлэн татаж буйгаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ямар нэг тайлбар хийгээгүй. Элчин сайд М.Энхсайхан, С.Баяр нарыг яагаад эгүүлэн татах санал гаргаж буйгаа Х.Баттулга Ерөнхийлөгч ч тайлбарлаагүй. Хуулийн хэдэн үндэслэл дурдсанаас өөр зүйл баримт бичгүүдэд алга.

Элчин сайд нарыг чухам ямар шалтгаанаар эгүүлэн татах болов гэдгийг тойрч илүү ажил хэрэгч яриа, шүүмж өрнүүлж болох байсан ч уг асуудал албан тушаалтнууд өөр хоорондоо бичиг цаас шидэлцсэн хэрүүл болж хувирлаа. Ц.Элбэгдоржийн зарлигийг Х.Баттулгынхтай барьцуулан, Ардын намынхнаас ам асуух жишээтэй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдыг эгүүлэн татах талаар зөвшилцөхөөр энэ сарын 19-нд албан бичиг хүргүүлсэн бөгөөд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон 20-нд хариу албан тоот илгээсэн нь “хэрүүл” дагуулж буй. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад хариу бичиг хүргүүллээ.

Тус албан бичигт “Үндсэн хуулийн 33.1-д заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.

Засгийн газрын тухай хуулийн 15.4-өөр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон ч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

Уг заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

38.2-т тусгасан Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт байхгүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч, түүнийг УИХ-тай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр УИХ-тай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно. Ерөнхийлөгчийн даалгаснаар Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсэж байна” гэжээ.

Өмнө нь УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон албан тоотдоо “Үндсэн хуулийн 33.1.5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3-т “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Засгийн газрын тухай хуулийн 15.4-т зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна. Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг УИХ-д ирүүлж, зөвшилцдөг.

Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр УИХ-тай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна” гээд цаашид Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд УИХ, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр УИХ-тай харилцаж байхыг хүссэн билээ. Одоо УИХ-аас ямар хариу өгөх бол.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай