Б.БАЯРЧИМЭГ: Гурван үеийн мэргэн харваач болсон удмаараа бахархаж байна

Улсын наадамд түрүүлнэ гэдэг хэн дуртай аавын хүү, ээжийн охин хэчнээн хүсэж, зориод ч тэр бүр хэрэхгүй ховор хувь заяа. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” компанийн харваач Батбаярын Баярчимэг энэ жилийн Тө­рийн наадмын сурын харвааны хоёр төрөлд түрүүлж, шуу­гиулсан билээ. Өдгөө 24 настай тэрбээр mүүгээр ч үл барам улсын наадмаас анхны медалиа хүртэхдээ буриад, халх сурын харваанд манлайлж, хоёулангийнх нь улсын мэргэн болсон нь яахын аргагүй бахархам амжилт. Б.Баярчимэг 2012 онд Дорнод аймгийн наадмын халх, буриад сурын харваанаас мөнгөн медаль хүртсэн амжилтаа дараа жил нь ахиулж, хоёуланд нь түрүүлж байсан юм. Энэ сарын 18-23-нд болсон насанд хүрэгчдийн УАШТ-д цэц сорихоор Говь-Алтай аймгийг зорихоос нь өмнө түүнтэй ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

Юуны өмнө Улсын наадмын сурын харвааны хоёр төрөлд түрүүлж, ховор амжилтын эзэн болсон танд баяр хүргэе. Та өмнө нь улсын наадмаас медаль хүртэж байгаагүй. Харин өнөө жил хоёр ч төрөлд манлайлна гэдэгтээ хэр их итгэлтэй байсан бэ?

-Баярлалаа. Улсын наадмаас анхны медалиа хүртэхдээ хоёр төрөлд түрүүлж, улсын мэргэн болсондоо баяртай байна. Өнгөрсөн жил улсын наадамд Б.Пунсалдулам түрүүлэхэд, бидний үеийнхэн өндөр амжилт гаргаж эхэллээ гэж бэлгэшээн, их баярласан. Би наадмаас хэдхэн хоногийн өмнө болсон ганцаарчилсан төрлийн УАШТ-д анх удаа шигшээ наймд шалгаран өрсөлдөж, хүрэл медаль хүртэхдээ бэлтгэлээ сайн хийж, уйгагүй хөдөлмөрлөвөл медаль хүртэх боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Буриад сурын харваанд 64 сумнаас 61 онон, түрүүлэхдээ их урамшсан. Учир нь, би тийм өндөр амжилт үзүүлнэ гэж ер төсөөлөөгүй байсан юм. Түрүүлчихлээ гэж баярлахаас илүүтэй амжилтаа баталж, халх сурынхад ч бас манлайлах юм сан гэж зорилоо. Шигшээ наймд шалгаран, харвахын өмнө их догдолсон. “Техникээ сайн бодож байгаад тайван харваарай” гэсэн аавынхаа захиасыг үргэлж санан, алдаагаа цэгнэж байгаад түрүүллээ. Нэг жилийн наадмаар Ерөнхийлөгчийн зарлигийг хоёр удаа сонсон, халх, буриад сурын улсын мэргэн цол хүртэнэ гэдэг ховор хувь заяа. Цаашид улам их хичээх урам авлаа. Намайг үргэлж дэмждэг “Жем интернэйшнл” компани, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Улсын наадамд анх удаа шигшээ наймд шалгаран, сүүлчийн дөрвөн сумаа харвахын өмнө юу бодогдож байв?

-Улсынхаа хамгийн шилдэг харваачидтай цэц сорин, Төрийн наадамд оролцоно гэдэг түрүүлэхээс дутахгүй нэр төрийн хэрэг. “Би залуу байна. Олон мэргэнээс сайн харван, түрүүлж чадахгүй” гэж өөрийгөө голж болохгүй. Сум бүрийг алдахгүй харвахыг хичээсэн. Хамгийн хариуцлагатай, догдлуулсан нь сүүлчийн буюу 40 дэх сум байлаа. Шилдэг наймд шалгарсны дараа эхний сумаараа оносон ч хоёр дахийг нь арай давуулчихсан. Тэр үед нэлээд сандарсан шүү. “Битгий сандар, тайвшир” хэмээн өөртэйгөө ярьж, тайвшрахыг хичээсэн ч дахиад алдах вий гэж айгаад их түгшсэн. Сүүлчийн дөрвөн сумаа харвах үеэр хүчтэй салхи салхилж, цэц сориход амаргүй байлаа. Төрийн далбаагаа харан, салхины чиглэлийг тогтоож байгаад харвасан.

-Нэг жил хоёр төрөлд түрүүлэн, улсын мэргэн цол хүртсэн харваач танаас өөр бий юү?

-Энэ талаар нарийн судалж байгаагүй болохоор тодорхой мэдэх юм алга. Ямартай ч их ховор тохиолдол гэнэ лээ. Би 2013 онд аймгийнхаа наадмын буриад, халх сурын харваанд түрүүлж, аймгийн мэргэн болсон.

-Өмнө нь ямар амжилт үзүүлж байв?

-Улсын наадамд анх оролцсон жилээ буюу 2009 онд өсвөрийн ангилалд түрүүлж, өсөх мэргэн цол хүртэж байлаа. Дараа жил нь мөнгөн медаль авсан. Ер нь 2011 оноос хойш насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна.

-2017 онд их өнгөтэй байж, амжилтын арвин ургац хурааж байна. Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд оролцсоноосоо хойш УАШТ-ээс өөр тэмцээнд өрсөлдөхгүй байж байгаад наадамд цэц сорилоо. Тэгсэн нь тактик байв уу, эсвэл...

-Ямар нэг төлөвлөгөө боловсруулсандаа тэгээгүй ээ. Ажлын хажуугаар тэмцээнд оролцох боломж, зав гараагүйн улмаас л өрсөлдөөгүй хэрэг.

-Гэрийнхэн нь нутгаасаа зорин ирж, таныг дэмжсэн гэнэ лээ. Охиноороо их бахархсан нь лавтай.

-Аав, ээж хоёр минь өмнөх жилүүдэд улсын наадмын үеэр ирж амждаггүй байсан юм. Харин энэ жил Улаанбаатар хотод зорьж ирэн, наадмын өмнөх өдрүүдэд надаас илүү догдолсоон. Ээж минь өглөө бүр цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөн, аав маань бэлтгэл дээр хоол, унд дөхүүлээд сайхан байлаа. Өглөө бүр “Миний охин чадна аа” гэх ээжийнхээ сайхан үгэнд урамшин, аавынхаа захиасыг үргэлж санан бэлтгэл хийсэн нь миний амжилтад их нөлөөлсөн. Наадмын өмнө болсон УАШТ-д анх удаа шигшээ наймд шалгарч өрсөлдөн, хүрэл медаль хүртэхэд сэтгэл нь их хөдөлж, намайг ирж дэмжихээр шийдсэн гэнэ лээ. Төрийн наадамд түрүүлсний дараа аав, ээж хоёроо баярлахыг харах хэчнээн сайхан байсан гэж санана. Улсын мэргэн цол хүртсэнээсээ дутахгүй хоёр эрдэнээ баярлуулсандаа сэтгэл хангалуун байна.

-Магадгүй аав, ээж хоёр тань айсуй хоёр түрүүг чинь зөгнөсөн байж ч мэдэх.

-Би ч бас тэгж бэлгэшээж байна. Юм бүхэн учиртай байдаг гэдэг дээ. “Өндөр амжилт гаргаж аав, ээжийгээ баярлуулах юм сан, медаль авчихвал бүр сайхан даа” гэж зорьсоор түрүүллээ.

-Сур харваагаар өндөр амжилт гаргахад мэдрэмжээс гадна сэтгэл зүй чухал гэдэг. Та чухал мөчид сэтгэлзүйгээ хэрхэн “жолооддог” вэ?

-Онолоо гэж онгирч, алдлаа хэмээн харамсалгүй, аль болох тайван байхыг хичээн, “Техникээ зөв хийх хэрэгтэй” гэж бодож харвадаг даа. 

-Өвөө, аав хоёр тань улсын мэргэн цолтой харваач юм билээ. Тэднээрээ сур харваа заалгасан уу?

-Тэгсэн. Өвөө, аав хоёроороо сурын А үсэг заалган, найман настайдаа энэ спорттой амьдралаа холбож байлаа. Өвөө минь улсын гарамгай мэргэн, аав минь улсын мэргэн харваач цолтой. Багаасаа аавынхаа бэлтгэл хийж буйг харан, сумыг нь зөөж өгсөөр энэ спортод дурласан. Би өөрийгөө сурын харваагүйгээр төсөөлж чаддаггүй. Би энэ жил улсын наадамд түрүүлснээр гурав дахь үеийн мэргэн харваач боллоо. Гурван үеийн мэргэн харваач болсон удмаараа, өвөө, аав хоёрынхоо үргэлжлэл болж яваагаараа бахархдаг. Улсын мэргэн цол хүртэхээс өмнө гурван үеэрээ спортын мастер цолтой харваачид болж байлаа.

-Танай удамд өвөө, аав хоёроос тань өөр харвадаг хүн бий юү?

-Байлгүй яах вэ. Ээж минь байт сурын харваагаар хичээллэдэг байсан. Боломж л гарвал сурын харвааны тэмцээн үздэг юм. Эгч маань ч бас сурын харваагаар хичээллэдэг байсан ч оюутан болсныхоо дараа хөндийр- чихсөн. Хичээлийнхээ хажуугаар сурын харваагаар хичээллэх зав хомс байсан гэнэ лээ.

-Үлгэрлэж явдаг харваач бий юү?

-Зөвхөн Дорнодынх гэлтгүй алтан шар зурхайд цэц сорьж буй бүх харваачийг хүндлэн, үлгэрлэж явдаг.

-Өдий хүртэл оролцсон тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай, санаанаас тань гардаггүй нь аль вэ?

-Бүгд өөр өөрийн гэсэн дурсамжийг үлдээж. Анхных гэдэг утгаараа ч тэр үү, улсын наадмын өсвөрийн харваанд 2009 онд 32 сумнаас 28 онож түрүүлснээ ер мартдаггүй. Тэр тэмцээнийг аав минь үзэж, намайг дэмжиж байлаа.

-Хаана ажилладаг билээ?

-Би 2014 онд Үндэсний батлан хамгаалах их сургуулийг төгссөн. 2015 оноос хойш Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид ажиллаж байна.

-Нутаг руугаа явах уу?

-Говь-Алтай аймагт болох УАШТ-д оролцсоныхоо дараа ээлжийн амралтаа аваад нутгаа зорихоор төлөвлөж байна. УАШТ-д манайхаас 16 тамирчин оролцоно. Мэдээж медаль хүртэх, түрүүлэх зорилготой. “Алдар-Жем” багийнхантайгаа хамт анх удаа тэмцээнд оролцохоор хол газар явах гэж байна. Өнөөдөр (7.15) Говь-Алтай явна. Хүмүүс “Дахиад түрүүлэх боломж байгаа юу. Дараагийн зорилгоо хэрхэн тодорхойлж байна вэ” гэж их асууж байна. Үнэнийг хэлэхэд би энэ талаар хараахан бодож амжаагүй явна. Мэдээж олны итгэлийг хөсөрдүүлэлгүй, амжилтаа баталж, мэргэн цолоо ахиулахын төлөө хичээнэ ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай